Түүхий нүүрс үү, Шахмал түлш үү?

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Түүхий нүүрс үү, Шахмал түлш үү?

Нэг шуудай шахмал түлш 6000 төгрөг, нэг жижиг шуудай түүхий нүүрс 1000 төгрөгөөр зарагдаж байна.

Хотын удирдлагууд утаатай дайн зарлаад арав гаруй жилийн нүүрийг үзжээ. 2007 оноос хойш 3,8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.  Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 3,5 тэрбум төгрөг төсөвлөсөн ч амжилтыг эс олов. Утааны гол буруутан нь түүхий нүүрс гэж үзээд 3,2 тэрбумын хөрөнгө оруулалтаар Шарын гол, Хялганатад үртсэн болон нүүрсэн шахмал түлшний үйлдвэрийг нээлээ. Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн сонгогдсон хороонуудад 10 дугаар сарын 31-ний байдлаар 964 тонн үртсэн шахмал түлш, 1244 тонн нүүрсэн шахмал түлш нийлүүлсэн ажээ. Шахмал түлш нь хэрэглэгчдэд тохирсон үнэтэй, илч сайтай хэмээн хотын удирдлагууд рекламдаад байгаа. Гэтэл бодит байдал дээр ямар байгааг харцгаая.

11 дүгээр сарын 2-ны өглөө шахмал түлшний үнэ ямар байгааг мэдэхээр “Дэнжийн 1000”-г зорив. Хэдэн минут явсаны дараа зорьсон газраа очлоо. Тэнд хөл хөдөлгөөн санасныг бодоход бага байх ажээ. Тэндхийн борлуулагч болтой нэгэн эмэгтэйгээс үнийг нь тодруулахад 6000 төгрөгөөр зарж байв. Дээрээс зар гэсэн үнэ нь болохоор бүх шахмал түлшний үнэ адил байгаа гэх. “Хүмүүс жаахан үнэтэй гээд байгаа юм. Гэхдээ илч бол ярих юм байхгүй шүү. Би өөрөө хэрэглэдэг юм” гэж нөгөө худалдагч эмэгтэй рекламдав. Чингэлтэй дүүрэгт яг үүнтэй адил шахмал түлш зарах цэг 21 байдаг ажээ. Зарж байсан газраас нэлээд холдон хүмүүсээс шахмал түлшний талаар тодруулахад “Их үнэтэй шүү дээ. Гэсэн мөртлөө илч гэж ер байдаггүй юм. Ядахдаа Баянбүрдийн уулзвараас ирж байгаа түүхий нүүрс ачсан машинуудыг торгоод оруулахгүй байгаа” гэж хижээл насны нэгэн эрэгтэй ярьсан юм. Өөрийгөө Доржоо гэж танилцуулсан залуу “Манайх түүхий нүүрс яаж ийгээд олоод байгаа юм аа. Өглөөний сэрүүнд хэцүү шүү дээ. Нөгөө шахмал түлш нь асаад байгаа нь ч мэдэгдэхгүй. Ер нь хэцүү шүү дээ” гэж хариулсан юм. Чухамдаа энэ хоёр эртэй адил хариулт өгч байсан хүн олон байлаа. Зарим нэг хүмүүсээс сонсвол нууцаар түүхий нүүрс түлж байгаа айл цөөнгүй байдаг гэнэ. Торгодог тогтолцоо үйлчилээд эхэлсэн болохоор тэр.

Дэнжийн 1000 дээр хэсэг болсон би түүхий нүүрсийг чөлөөтэй борлуулдаг гэх “Цайз” захын зүг явсан юм. “Дэнжийн 1000”-ыг бодвол “Цайз” зах дээр нүүрсний үнэ асуух иргэд, нүүрс зарсан хүмүүс чамгүй олон. Шуудайнд савласан нүүрс зарж байгаа хүмүүс замынхаа эсрэг талд, замын нөгөө талд нь тэвшиндээ дүүртэл нүүрс ачсан портерын цуваа үргэлжилнэ. Нүүрсний хэмжээ нь яг ижил мөртлөө үнэ нь хоорондоо харилцан адилгүй. Жижиг шуудайнд савласан нүүрс хэмжээ нь адил хэрнээ нэг газар 900, өөр газар 1000, бас өөр газарт 1100 төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Гэвч 1100 төгрөгийн нүүрс, 900 төгрөгийн нүүрсийг ирж авах хүний тоо яг ижил. Замын нөгөө талд гарч үнийг сонирхвол, замын урд талтай адил үнийн тогтолцоо тэнд үйлчилдэг ажээ. Тэнд байсан 15 портер бүгд өөр өөр үнэтэй. Нэг нь Налайхын нүүрс гэж байхад, дараагийнх нь жинхэнэ Налайхын нүүрс, нөгөөх нь сайн чанарын Налайхын нүүрс гэх тодотголыг заавал зүүх. Хамгийн дээд талын үнэ нь 180 мянга гэж байхад, доод талын үнэ нь 120 мянга. Их үнэ хэлсэн нь доошоо 30 мянган төгрөгөөр бууна. Хамгийн доод үнэ хэлсэн нь харин ч нэг буухгүй дээ. Бүгдэнгээс нь асууж явсаар тэнд байсан 15 портерыг дуусгачихаж. Харин тэднээс нэлээн хол нүүрс зарж байгаа ганц ЗИЛ-130 байлаа. Хэрвээ таны халаасанд 280 мянган төгрөг байвал нэг ЗИЛ-130 машин нүүрс таных гэсэн үг.

Цаанаасаа ирж байгаа нүүрс нь ийм их үнэтэй байдаг уу, гэвэл бас үгүй. Налайхын уурхайн 50-100 метрийн гүнээс гаргаж авсан нэг “ковш” нүүрс 25 мянга. Нэг портерт гурван “ковш” нүүрс ордог гэж үзвэл 75 мянган төгрөг болно. Бүх зардлаа шингээгээд тооцвол нэг портер нүүрс дор хаяж 100 мянган төгрөг байхад л болох аж. Гэвч үнийг тэнгэрт тултал өсгөдөг монгол зан нүүрсэнд ч бас үйлчилдэг ажээ. Үнэн хэрэгтээ нэг портер нүүрс авахаас илүүтэй  хорин мянган төгрөг төлөөд хорин жижиг шуудай нүүрс авч байгаа хүмүүс олон таарсан юм.

Өндөр үнэтэй ч илч багатай, утаа бага шахмал түлш, бага үнэтэй ч илч сайтай, утаа их түүхий нүүрсээс аль нэгийг нь сонго гэвэл иргэд алиныг нь сонгох вэ?

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж