Багануурын уурхайд 27 настай залуу осолджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Багануурын уурхайд 27 настай залуу осолджээ

Багануурын уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс 27 настай залуу өндрөөс унан амиа алдаж, хэзээ мөдгүй нярайлах гэж буй гэргий нь өнчрөн хоцорчээ. Осол дөрөвдүгээр сарын 3-ны бямба гаригийн 15 цагийн орчимд болсон байна. Ослын шалтгааныг нарийвчлан тогтоож хараахан амжаагүй ч талийгаачийн ар гэрийнхэн аюулгүй ажиллагааг хангаагүй уурхайн удирдлагууд буруутай гэж үзэж буй төдийгүй ихээхэн гомдолтой байгаа юм байна. Нас барсан залуу осолд орсныхоо дараа эмнэлэгт хүргүүлээд эхнэртэйгээ уулзан “Санаа зоволтгүй, гайгүй юм шиг байна. Хавирга хугарч, тархи бага зэрэг хагарсан гэнээ” хэмээн өгүүлж байсан шөнийн 24 цаг орчимд таалал төгсчээ. Талийгаачийг осолдох үед аюулгүйн ажиллагааг огтхон ч хангаагүй байсан уурхайнхан хоёр хоногийн дараа тухайн газарт лам нарыг залан ном уншуулахдаа аюулгүйн орчныг бүрдүүлсэн байсан гэнэ.
Сүүлийн гурван жилд уул уурхайн салбарт 201 үйлдвэрлэлийн осол гарч, 249 хүн өртсөнөөс 94 хүн нас барж, 36 хүн тахир дутуу болж, 119 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Ослын шалтгааны 24,8 хувь нь уналт нуралт, 12,8 хувь нь технологи зөрчсөн, 26,9 хувь нь аюулгүй ажиллагааны арга барилыг муу эзэмшсэн, 3,2 хувь нь ажлын хувцас хамгаалах хэрэгсэлгүй, 7,2 хувь нь өргөх механизмийн эвдрэл, 9,2 хувь нь тоног төхөөрөмжийн, 7,6 хувь нь тээврийн хэрэгслийн гэмтлээс, үлдэх хувь нь бусад зөрчлөөс болсон гэсэн статистик гарчээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж