Энэхүү хуулийг өргөн мэдүүлсний дараагаар мөн дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нотариатын үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой 29 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ц.Мөнх-Оргил гишүүн өргөн барисан байна. УИХ-ын гишүүний өргөн барьсан хуулийн төслөөр Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтад захиргааны байгууллага, албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн актад бичиг баримтыг нотариатаар заавал гэрчлүүлэх болон бусад үйлдэл хийлгэхээр үүрэг болгосон хэм хэмжээ тогтоохыг хориглох; мөн хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд нотариатын үйлдлийг зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтээр хийж байх зохицуулалтыг нэмж хуульчилжээ. Үүнтэй холбоотойгоор нотариаттай холбоотой зүйл, заалт бүхий хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 32 хуулийн 96 хэсэг, заалтад гэрээ, хэлцэл, итгэмжлэл, гэрээслэл, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс оногдох хувиа өмчлөх эрх, бичиг баримтын хуулбарын үнэн зөв, орчуулсан бичиг баримт, бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлэх, нотариатч өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох, нотариатчийн мэдэгдэх хуудас бичих зэргээр нотариатын үйлдлийг заавал хийхээр хуульчилсан байна.
Нотариатын хуулийг өөрчлөх хоёр төсөл орж ирэв
Өнөөдөр Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр ч хуулийн төсөл УИХ-ын даргад очлоо. Засгийн газрыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв. Хуулийн төсөлд нотариатын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг өргөжүүлж, нотариатын үйл ажиллагааны явцад олж мэдсэн үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах, үйлчлүүлэгчдэд тэгш байдлаар хандах, шударга байх зарчмыг нэмж тусгах нь зүйтэй гэж үзсэн хэмээн хууль санаачлагчид үзжээ.
Б.Мандах