Шог зургийн уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Шог зургийн уралдаан зарлав

Авлигатай тэмцэх газраас улс орон даяар зохион байгуулж буй "Шударга ёсны төлөө-2010″ арга хэмжээний хүрээнд зураачид, дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнууд болон чөлөөт уран бүтээлчдийн дунд шударга бус явдлыг үзүүлсэн шог зургийн уралдааныг зарлаад байна. Шог зургийг А3 формат бүхий цаасан дээр харандаагаар, тосон будгаар, усан будгаар бүтээж болох бөгөөд бүтээлийнхээ баруун доод буланд оролцогч өөрийн нэр болон шог зурагт өгсөн нэрийг тавьсан байх ёстой ажээ.


Уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээлийг 300 мянган төгрөг, дурсгалын зүйлээр урамшуулж, хоёр ба гуравдугаар байраас гадна тусгай шагналууд өгөх юм байна. Уралдаанд оролцуулах бүтээлүүдийг энэ сарын 18 хүртэл Авлигатай тэмцэх газарт хүлээн авч, бүтээлүүдээр үзэсгэлэн гаргахын зэрэгцээ эмхэтгэн хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгох юм байна.


Жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр явуулж буй Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд зураач, уран бүтээлчдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд шударга бус явдлыг жигших үзэл санааг бий болгох, нийгмийн шударга ёсыг хөхиүлэн дэмжих зорилгыг агуулж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж