Монгол, Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд энэ хугацаанд хийж бүтээсэн ажлаа дүгнэхээр хоёр талын төлөөлөгчид цуглаж үр дүнгээ хэлэлцэж эхэллээ.
Өнөөдөр "Чингис” зочид буудлын хурлын танхимд "Монгол-Шведийн хамтын ажиллагаа 20 жил" арга хэмжээний нээлт болж, Төрийн албаны зөвлөл болон Монголын үндэсний радиод хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг хэлэлцэж байна. Арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Ш.Одонбаатар, Швед улсаас Монголд суугаа бүрэн эрхт Элчин сайд Ларс Фреден, Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, МҮРТ-ийн захирал М.Наранбаатар нарын 140 гаруй хүн оролцож байна.
Монгол Улсад төрийн албаны 5000 гаруй удирдах албан тушаалтан байдгаас 3000 гаруйг нь Шведээс хэрэгжүүлсэн төслийн хүрээнд сургалтад хамруулж, менежерийн чадавхийг сайжруулах "Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал" сургалтаар гарын авлагаар хангажээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Швед Монголд тусалж ажиллахдаа нийтдээ 30 орчим сая ам.доллар зориулсан байна. Ойн үеэр Швед улсаас манайд хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг хэлэлцэхээс гадна дараагийн жилүүдэд хэрхэн ажиллахаа тодорхойлох юм. Тухайлбал, Швед улс Монголд тусалдаг байхаас илүүтэй харилцан туслалцаж хамтран ажилладаг байх зорилт тавьжээ. Ойн арга хэмжээ маргааш "Монгол Шведийн бизнес форум"-аар үргэлжилнэ. Форумд оролцохоор Шведийн талаас уул уурхай, тоног төхөөрөмжийн 12 компанийн төлөөлөгчид иржээ. Монголд хөрөнгө оруулж, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, мэдлэг дамжуулахаар ирсэн компани ч бизнес группт багтжээ. Бизнес форум "Уул уурхай", "Хот төлөвлөлт ба байгаль орчинд ээлтэй технологи" дэд сэдвээр үргэлжилэх юм байна. "Уул уурхай"-н форумд Монголын талаас "Багануур” ХК, Уул уурхайн үндэсний ассоциаци оролцох аж. Харин "Хот төлөвлөлт ба байгаль орчинд ээлтэй технологи" форумд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын хот байгуулалтын газрын холбогдох албаныхан оролцоно.
Б.Бямбаа