“Дойче велле” өргөн хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

“Дойче велле” өргөн хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монголын Хэвлэл Хүрээлэн, МҮОНТР, “Гете” институтаас хамтран “Хэвлэл мэдээллийн хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт Герман- Монголын хамтарсан зөвлөгөөнийг 2010 оны өчигдөр Монголын Хэвлэлийн Хүрээлэнд зохион байгууллаа. Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар, МҮОНРТ-ийн ерөнхий захирал М,Наранбаатар, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд П.Фишер, “Дойче велле”-гийн захригаа, гадаад харилцааны хэлтсийн дарга Сиа Яан Жан, “Гете” институтийн захирал Хайке Мишел нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлжээ. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Улс төр ба хэвлэл мэдээлэл” сэдэвт илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ “Хуульч сэтгүүлч хоёрын хувьд ижил төрлийн бэрхшээлүүд байдаг. Тухайлбал чанаргүй боловсрол, бага цалин, эздийн эрхшээл, улс төрийн дарамт гэх мэт бэрхшээлүүд бий. Сэтгүүлчид улс төрөөс ангид байхын тулд тэднээс эрх мэдлээ салгаж авах хэрэгтэй. Сэтгүүлчдийн байгууллагыг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй. Сэтгүүлчдийн хөдөлмөр зүтгэлийг төр, засаг, улстөрчид биш харин мэргэжлийн байгууллага нь үнэлж дүгнэдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл сэтгүүлзүйн салбарт өрсөлдөж байгаа өрсөлдөгч л бие биенээ тодорхойлж чадна” гэж дурдлаа. МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь тавьсан илтгэлдээ улс төрчид хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийнхөө мэдэлд байлгахыг урьдын адил хүссээр байгааг дурдаад, олон нийтийн радио, телевизийн шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг баримтаар гарган өгүүлээд цаашид энэ бэрхшээлээс гарахын тулд юуны өмнө эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийг яаралтай батлан гаргах шаардлагатай байгааг дурдлаа. “Дойче велле”-ийн өргөн нэвтрүүлгийн захиргааны зөвлөлийн дарга Петр Клевер “Ардчилал дахь Хэвлэл мэдээлэл” илтгэлдээ “Хэвлэлийн эрх чөлөө нь баталгаажсан цензур байж болохгүй. Үзэл бодлын эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө хоёрын хооронд ихээхэн зөрөө бий. Ардчилсан нийгэмд сэтгүүлчийн үйл ажиллагааг ёс зүйгүйгээр төсөөлөхийн аргагүй. Сэтгүүлчид ёс зүйтэй ажилладаг учраас хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал гэж үздэг юм” гэлээ. Дараа нь орон нутагт  хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн яаж ажиллаж байгаа, тэдэнд тулгарч байгаа бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар Дархан-Уул аймаг, Баянхонгор аймгийн жишээн дээр ярилцав. Энэ мэтчилэн сэтгүүлзүйн салбарын хөгжлийн асуудлаар өргөн хүрээтэй яриа өрнүүлсний эцэст иймэрхүү яриаг тогтмол хугацаанд өрнүүлж байх нь сэтгүүл зүйн хөгжлийг урагшлуухал чухал ач холбогдолтой болохыг зөвлөгөөнд  оролцогчид хэлж байлаа. “Дойче велле”-ээс Азийн хөтөлбөрийнхөө хүрээнд МҮОНРТ, МХХ-д үйл ажиллагааны өргөн хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон тухай энэ үеэр зарлав.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж