Уилшайэр “Арсенал”-тай гэрээгээ сунгав

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Уилшайэр “Арсенал”-тай гэрээгээ сунгав

Английн шигшээ багийн залуу тоглогч, хагас хамгаалагч Жэк Уилшайэр “Арсенал” багтайгаа урт хугацааны гэрээ байгуулсан талаар “Их буучид”-ын албан ёсны вэбсайтад мэдээлжээ. Өдгөө 18 настай залуу тоглогч наймдугаар сард анх удаа шигшээдээ дуудагдаж, Унгарын багийн эсрэг олон улсын дебут тоглолтоо хийсэн юм. Тэрбээр мөн энэ улиралд “Их буучид”-ын бүрэлдэхүүнд гайхалтай тоглолт гаргаж, лигийн найман тоглолтод оролцсоноос гадна Аваргуудын лигийн хүрээнд хийсэн “Арсенал”-ын гурван тоглолтод бүгдэд нь оролцсон билээ.

Лондонгийн клубын дасгалжуулагч Арсень Венгер залуу тоглогчийнхоо талаар “Жэк ирээдүйгээ Арсеналтай холбосон нь үнэхээр таатай хэрэг. Тэр бол өндөр чадвартай, өсөх ирээдүйтэй, чадварлаг тоглогч. Түүний ямар гайхалтай тоглолт гаргаж байгааг бид бүхэн харсан, цаашид ч топ төвшинд багтаа нөлөө үзүүлж чадах хүчтэй хөлбөмбөгч. Ердөө 18 настай гэхэд тэр шилдэг тоглогч. Тиймээс ирээдүйд түүнээс бүр ч илүү ур чадвар гарах болно. Ирэх он жилүүдэд Жэк Арсеналын тоглогч байхаар шийдсэнд баяртай байна” гэжээ.

Харин Уилшайэр өөрөө “Би одоо дөнгөж 18 настай, хөлбөмбөг болоод хувийн зүгээс ч сурч мэдэх зүйл асар их байна. Миний хувьд Арсенал бол төгс баг. Багийн хамтрагчид, фанатууд, клубын арын албаныхан, ялангуяа багийн маань менежер үнэхээр төгс хүн. Өөрийн хүсч мөрөөддөг тийм төвшинд хүртэл миний өмнө урт удаан замнал хүлээж байна” хэмээжээ.

Дашрамд сонирхуулахад, Уилшайэр “Арсенал”-ын өмсгөлтэй Премьер лигт тоглосон хамгийн залуу тоглогч юм. Тэрбээр анхлан 2008 оны есдүгээр сард Премьер лигийн “Блэкбурн”-тай хийсэн тоглолтод оролцох үедээ 16 нас 256 хоногтой байжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж