Уулыг нурааж, усыг ширгээх төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Уулыг нурааж, усыг ширгээх төлөвлөгөө

Монгол Улсын үндсэн хуульд “Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл хот дундуур урсаж байгаа хэдэн голыг харахад энэ эрх маань хангагдаж байна уу гэдэг эргэлзээтэй. Хамгийн наад захын жишээ нь Туул гол. Туул голын элс хайргыг олборлож байгаа үйл явдал сүүлийн жилүүдэд ихэссэн. Харин өнгөрсөн долдугаар сараас эхлэн хумих бодлогыг баримталж байна. Эдгээр байгууллагууд хотод олборлолт хийхээ больчихлоо гэхэд хөдөө, орон нутагт олборлолт хийх нь тодорхой.  Үүнээс болоод 2009 оны байдлаар 852 гол, горхи, 2277 булаг, шанд, 1181 нуур, тойром, 60 рашаан ширгэсэн гэсэн дүн мэдээ гарчээ. Хариуцсан байгууллага нь энэ асуудлыг анхааралдаа авч голын сав газрын дагуу олборлолт хийхийг бүрэн болиулах шийдвэрийг гаргахаар болжээ. Харин оронд нь уулын хад, чулууг нунтаглаж хайрга боловсруулах “дэвшилтэт” технологийг нэвтрүүлнэ гэнэ. Энэ технологи нь зарим газарт хэрэгжээд эхэлсэн гэх.
Уул нуруудын систем хэдэн сая жилийн байгалийн шалгарлыг даван туулж байж өнөөдрийн өнгө төрхөө олдог. Уулын нэг ширхэг чулуунд хүртэл бидний төсөөлхийн аргагүй олон мянган бичил биетнүүд “амьдарч” байгаа. Энэ ууланд жижиг биетнээр хооллодог шавьж гэж бас бий. Тэр шавьж нь амьд ертөнцийн хуулиар хүмүүс бидэнтэй хүртэл холбоотой болно. Хэдэн сая жилийн хугацаанд үүсэн бий болсон системийг ганц хад бутлагчаар хэдхэн секундын дотор устгачихаж боломгүй. Гэтэл аль 1997 онд УИХ-ын баталсан төрөөс экологийн талаар баримтлах бодлогын 1.1-т: “Хүн, байгалийн харьцаанд байгаль, хүн хоёрын аль нэг нь хохиролгүй байж, байгаль өөрийн аясаар нөхөн сэргээгдэж түүний даац, чадавхид нь нийцүүлэн хүмүүс баялгаас нь зохистой хэмжээгээр хүртэж, амьдрах орчноо сайжруулж байхыг экологийн тэнцлийн шалгуур гэж үзнэ” хэмээн заасан байдаг. Гэтэл өнөөдөр үүнийгээ зөрчсөн шийдвэрийг гаргах гээд сууж байна. Мөн энэ бодлогын “Хэрэгжүүлэх үе шат” гэсэн тавдугаар зүйлд 2010 он гэхэд “Байгаль орчны чанарын стандарт, хяналт-шинжилгээ, зөвшөөрлийн харилцан уялдаатай тогтолцоо бий болгож, байгаль орчинд ивээлтэй технологи нэвтрүүлэх зарчмаар үйлдвэрлэлийн техникийн шинэчлэлийг гүнзгийрүүлнэ. Байгаль орчны хууль тогтоомжийг нөөц, баялгийг зохистой ашиглах үндсэн дээр амьдрах орчны чадавхийг дээшлүүлэх удирдлагын арга хэрэгсэл болгон өөрчлөн шинэчлэнэ” гэж заажээ. Энэ бодлого гурван үе шаттай байхаар анх батлагдсан гэдэг. Хэрвээ тэр үе шатаар нь бодлогоо хэрэгжүүлээд явсан бол өнөөдөр аль хэдийнэ гурав дахь үе шатанд орчих байж. Энэ бүх үе шатуудад гол мөрнөө ширгээхгүй байхын тулд уул хад бутална гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Харин “Байгаль орчинд ивээлтэй технологийг нэвтрүүлнэ” л гэсэн өгүүлбэр бий. Манайхны нэвтрүүлэх гэж зүтгээд байгаа уулын хад, чулууг бутлах технологийг одоо дэлхий нийт таашаахгүй байна. Одоо малын тэжээл, бордоо, ялгадас зэргийг боловсруулж шороо гаргаж авах технологийг аль хэдийнэ нэвтрүүлээд эхэлчихжээ. Гэтэл  манайхан гол горхио ширгээчихээд одоо уулаа газартай тэгшлэх нь.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж