
-Улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалт байнга нэмэгдсээр ирсэн гэж та түрүүн хэллээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт яг хэдий хэмжээгээр нэмэгдсэн бол?
-Сүүлийн зургаан жилийн дүнгээс харахад гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ жил тутам зуугаад тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Энэ оны байдлаар 800 тэрбум төгрөгт хүрээд байна. Манай улс гадаадын 40 гаруй улстай хөрөнгө оруулалтын харилцаатай байдаг. Оруулсан хөрөнгийн баталгааг найдвартай хангах, бизнесийн орчныг тогтворжуулах тухай зүйл заалт Хөрөнгө оруулалтын тухай хуульд тодорхой орсон нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж буй юм. Өнөөдрийн байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаас илүү байгаа нь ч үүнтэй холбоотой.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалтаас гадна зээл тусламжаар санхүүждэг салбар нэгж цөөнгүй. Зээл тусламжид найдах нь хөгжилд чөдөр тушаа болох юм биш үү?
-Эдийн засаг хямралтай, хөрөнгө санхүүгийн хувьд хомсдолтой үед хөгжлийн агентлагуудын анхан шатны тусламж буюу зээл тусламж ихээхэн дэм болсныг үгүйсгэх аргагүй. Сүүлийн арваад жилд жил бүр 100-180 тэрбум төгрөгийн зээл тусламж авч ашигласан байна. Энэхүү хөгжлийн анхан шатны зээл тусламж нь нийгмийн бүхий л салбарыг хамарсан. Зээл тусламжаас ангид бие даан хөгжсөн салбар нэг ч үгүй. Гэхдээ зээл, тусламж нь шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, тулгамдсан асуудлыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд гадаад зах зээлд таатай нөхцөл байдал үүсч, дотоодын эдийн засаг тэлж байгаатай холбоотойгоор гадаад өрийн төлөлтөд тогтвортой байдал бий болсон. Энэ утгаар нь аваад үзвэл гадаадын хөгжлийн агентлагуудын анхан шатны зээл тусламжаас дарамт үүсэх байдал ажиглагдахгүй байна. Өнөөдрийн байдлаар гадаад зээлийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлсэн зээлийн үлдэгдэл 1,3 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа. Зээлийн үлдэгдлийн 82,6 хувь нь төрийн өмчийн байгууллагуудад, 17,4 хувь нь хувийн хэвшлийн байгууллагуудад оногдож байна.
-Гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжаас дутахааргүй их хөрөнгө мөнгийг дотоодоосоо зах зээлд нийлүүлдэг гэдэг. Тэгэхээр дотоодын хөрөнгө оруулалтын талаар ярилцахгүй өнгөрч боломгүй санагдана?
-Тэгэлгүй яахав. Дотоодын хөрөнгө оруулалт эдийн засагт онцгой нөлөөтэйг дурдахгүй үлдээж яав ч болохгүй. Өнгөрсөн жилийн дүнгээр авч үзвэл манай улсын нийт хөрөнгө оруулалтын 42 хувь нь гадаад эх үүсвэрээр, 58 хувь нь дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна. Дотоод эх үүсвэрийн хөрөнгө оруулалтын бүтцийг судалж үзэхэд банкны зээлээр 13,6 хувь, компани хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр 40 гаруй хувь, улсын төсвийн хөрөнгөөр 16,4 хувийг санхүүжүүлсэн байна. Бизнесийн байгууллагууд буюу хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийн бааз хангалттай биш, үр ашгийн тооцоо ч туйлын хязгаарлагдмал байгаа. Энэ нь таатай зүйл биш. Цаашдаа энэ чиглэлээр судалгаа хийж, дүгнэлт гаргах шаардлага зүй ёсоор гарч ирсэн. Хувийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн хөрөнгө оруулалтын үр өгөөжид эргэлзэх хэрэг байхгүй юм. Ер нь төрийн зүгээс хувийн хөрөнгө оруулалтыг дэмжсэн төрийн бодлого тууштай явж байх учиртай. Хувийн хөрөнгө оруулалт гэдэг хөдөлмөрийн нөөцийг ашиглаж ажлын байр бий болгох, байгалийн баялаг бүтээж шинэ бүс нутгийг ашиглах, шинэ шинэ салбаруудыг бий болгож байгаа нь амьдралаас харагддаг. Энэ утгаараа бүтээн байгуулалтын шинжийг илүүтэй агуулж байдаг. Тиймээс гадаад дотоодын хөрөнгө оруулалтад таатай орчин бүрдүүлэхэд адил тэнцүү анхаарах ёстой юм.
-Дотоод хөрөнгө оруулалтад зонхилох хувийг эзэлдэг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын талаар нэлээд ярилаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт гэж асуудал дагуулсан хэсэг бий. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөж ямар байна вэ, түүнийг дээшлүүлэхэд юунд анхаарах ёстой вэ?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалт гэдэг бол үндэсний орлогын бүрэлдэхүүн хэсэг болох хуримтлалын фондыг бүрдүүлж байдаг утгаараа бас чухал ач холбогдолтой зүйл шүү дээ. Сүүлийн таван жилд улсын төсвөөс хоёр их наяд хорин тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Үүнийг өмнөх таван жилтэй харьцуулахад бараг арав дахин өссөн үзүүлэлт юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр оруулсан хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх асуудалд анхаарал хандуулах шаардлагыг бий болгодог. Сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтын 40 орчим хувийг л үйлдвэрлэлийн салбарт зориулсан байдаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн бус салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хувийн жин хурдацтайгаар өсч байна. Нарийн ангилж үзэхэд үйлдэржүүлэлтэд зарцуулсан хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалт дотроо 10 орчим хувийг л эзэлж байгаа юм. Тэгэхээр хамгийн үр өгөөжтэй үйлдвэржүүлэлтэд багахан хөрөнгө зориулж байгаа нь анхаарал татахаас аргагүй. Материаллаг үйлдвэрлэлийн салбаруудаас дэд бүтцийн салбар буюу зам тээвэр, барилга, холбооны салбарт оруулсан хөрөнгө оруулалт нэлээд өндөр хувийг эзэлж байна. Энэ бол манай орны онцлогтой холбоотой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ихэнхийг нь шинээр барилга байгууламж барихад зарцуулж байна. Нийт хөрөнгө оруулалтын 70 хувь нь шинэ барилга барихад, өргөтгөл шинэчлэлд 20 хувь, их засварт 10 хувь нь зориулагдсан байдаг. Гэтэл барилга угсралтад оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж 80 гаруй хувьтай, тоног төхөөрөмжид зориулсан хөрөнгийн үр ашиг 10 хүрэхгүй хувьтай, их засварын өгөөж 5-6 хувьтай байна. Ялангуяа сүүлийн хоёр жилд энэ байдал давамгайлж ирсэн төдийгүй ирэх онд ч давтагдахаар байгаа юм. 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх нийт төсөл, арга хэмжээний 70 хувь нь шинэ барилгад, үлдсэн 30 хувь нь мөн л өргөтгөл, шинэчлэл, их засварт төлөвлөгдсөн. Тэр дундаа албан контор, яам, тамгын газрын байр байшин барихад зориулагдаж байгаа юм. Хатуухан хэлбэл, хүнд суртлын аппаратын ая тухтай байдлыг хангахад зориулж буй хөрөнгө их байна гэж хэлж болно. Тиймээс цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд технологийн бүтцийг нарийн судлах шаардлагатай. Зүй нь улсын төсвийн хөрөнгө оруулалт нь зонхилон ажлын байр бий болгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад чиглэж чадвал үр өгөөж нь өндөр байх юм.
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний тоо байнга нэмэгдэж байгаа. Энэ нь хөрөнгийг тарамдуулж байна гэж зарим хүмүүс үздэг. Энэ талаар та юу хэлэх бол?
-Төсөл хөтөлбөрийн тоо нэмэгдэх нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг даган өсч буй хэрэг л дээ. Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1100 орчим төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээрийн бараг тал хувь нь 100 хүрэхгүй сая төгрөгийн хөрөнгө оруулалттай байгаа нь л харин анхаарал татаж байгаа юм. Нийт төсөл арга хэмжээний 40 орчим хувь нь 2011 онд шинээр төлөвлөсөн арга хэмжээ байна. Эндээс маш олон жижиг зүйлд хөрөнгө мөнгийг тарамдуулж байгаа нь харагдана. Тэр тусмаа тухайн ондоо ашиглалтад орохгүй барилга байшин эхлэх, олон жил дамжин хэрэгжихээр төсөл хөтөлбөрүүд батлах явдал түгээмэл байна. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтын үр өгөөжийн талаар ярих аргагүй юм. Үүнийг төсвийн хөрөнгө оруулалт гажуудсаны жишээ ч гэж хэлж болно. Ийн гажуудахад УИХ-ын гишүүдийн оролцоо ч багагүй байсан. Сүүлийн нэг хоёр жилд төсвийн хөрөнгө оруулалт хийх объектийн тоог гишүүдийн саналаар нэмэгдүүлэх, гишүүдийн гэх тодотголтой хөрөнгө оруулалтыг тойрог бүрт үнийн дүнгээр нь хуваарилах, бэлтгэл нь хангагдаагүй, зураг төсөвгүй, хайгуул шинжилгээ ч хийгдээгүй объектийг төсөвт тусгах зэрэг зөрчил их байна. Тэр байтугай хөрөнгө оруулалтыг зүйл заалт нэг бүрээр нь баталдаг хуулийн заалтыг зөрчин үнийн дүнгээр нь, бүлгээр нь багцлан батлах явдал байсаар байна. Ер нь цаашдаа хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцлага сахилгатай нь хамт орон нутагт шилжүүлэх нь зүйтэй санагддаг. Үүний тулд улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн шинэчлэн найруулсан төс-лийг хэлэлцэхийг түргэтгэх шаардлагатай.
-Цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бололцоо хэр байна вэ?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түүний өгөөжийг өсгөх замаар эдийн засгийн өсөлтийг түргэтгэх нөөц бололцоо их байгаа. Энэ бол эргэлзээгүй. Эдийн засгийн оновчтой тэнцвэрийн үед нийгэм дэх хадгаламжийн хэмжээ хөрөнгө оруулалтын хэмжээтэй дүйцдэг. Эдийн засгийн энэ онолын үүднээс авч үзсэн ч бидэнд хөрөнгө оруулалтыг өсгөх боломж байна. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, илүү их хөрөнгийг үйлдвэрлэлийн салбар руу чиглүүлэхийн тулд өнөөгийн хэрэглээнд зориулж буй, тэр дундаа Засгийн газрын хэрэглээнд зориулж буй хөрөнгийг хязгаарлах шаардлагатай. Хуримтлал, хэрэглээний зохистой харилцааг барьж, капиталын өсөлтийг бий болгох нь эдийн засгийн өсөлтийн нэг чухал сэжим байдаг. Энэ чиглэлээр нарийвчлан судалж их зүйл хийх шаардлагатай.
-Хөрөнгө оруулалтыг нутаг дэвсгэрээр нь авч үзэх хэрэгтэй гэж зарим эдийн засагч үздэг. Өөрөөр хэлбэл цөөн хүн амтай хөдөө орон нутагт оруулсан хөрөнгийн өгөөж муу байна гэдэг?
-Хөрөнгө оруулалтыг нутаг дэвсгэрт нь хуваарилдаг болох нь зүйтэй гэдгийг би дээр өгүүлсэн. Хүн ам цөөтэй гээд хөрөнгө оруулалт хуваарилахгүй байх нь зөв шийдэл биш л дээ. Хөдөөд хөрөнгө оруулахгүй байгаагаас хот хөдөөгийн ялгаа, хөгжлийн ангид байдал улам гүнзгийрэх болно. Үүнээс болж хөдөө орон нутаг эзгүйрч, хот нь ачааллаа дийлэхгүйд хүрнэ шүү дээ. Монгол Улс төсвийн нэгдсэн бодлоготой. Үүнээс болж хөдөө орон нутагт оруулж буй хөрөнгийг Улаанбаатарт хэлэлцэх нь учир дутагдалтай гэвэл харин санал нэг байна. Ер нь амьдралаас ажиглаад байхад хөрөнгө мөнгө бололцоотой үед үр ашиггүй зарцуулах нь их байдаг. Энэ нь хувь хүнд ч ажиглагддаг. “Шинэ баян цээж өвчтэй” гэж манай ардын зүйр үг ч байдаг шүү дээ. Үүнтэй нэгэн адил улсын төсөвт ч үрэлгэн хандах байдал ажиглагддаг. Хөрөнгө оруулалтын үр ашгийг нарийн тооцохгүй байх зэрэг гаж үзэгдэл бий. Тиймээс хөрөнгө мөнгө элбэг үед ч хомс үеийнх шигээ хямгадаж сурах хэрэгтэй байна.