
Эрчим хүчний салбарт томоохон тоглогч Их Британийн “BG” компани Австралийн зүүн хойд бүст шингэрүүлсэн байгалийн хий олборлох ажилд 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болжээ. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт урьд өмнө байгаагүй төдийгүй энэхүү өргөтгөлийг “BG” ердөө эхлэл хэмээн мэдэгдсэн байна. Төслийн хүрээнд 540 километрийн урттай хийн хоолой барих гэнэ. Үүгээр нүүрсний хийг дамжуулж, компанийн боловсруулах үйлдвэрт хүргэх юм. Компанийн зүгээс жилд 8,5 сая тонн шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэхээр зорьж байгаа нь Их Британийн хэрэглээний 10 хувийг хангах боломжтой юм.
Төсөл 2014 онд дуусах бөгөөд боловсруулсан бүтээгдэхүүнээ Азийн орнуудад худалдаалах аж. Одоогийн байдлаар БНХАУ, Япон, Сингапур улсууд “BG” группын байгалийн хийг авах захиалга өгөөд байна.
Э.Очирт