
Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Худалдаа хөгжлийн банк, Нийтийн тээврийн газар хамтран энэ онд 100 автобусны буудлыг тохижуулах ажээ. Сүүдрэвч, сандал, гэрэлтүүлэг, хогийн сав зэргийг цогцоор нь шийдэж дээр нь нэмж нийтийн тээврийн үйлчилгээний мэдээллийн самбарыг байрлуулж байгаа юм. Автобусны буудал зогсоол дээрх мэдээллийн самбараас тухайн буудалд ирж зогсох автобусны маршрутын дугаар болон тухайн чиглэлийн хоёр талын эцсийн буудлын нэрс, дайран өнгөрдөг завсрын буудлууд, уг чиглэлд аль компани үйлчилдэг талаарх мэдээллийг харж болно. Төв номын сангийн автобусны буудлаар л гэхэд нийтийн тээврийн үйлчилгээний 11 чиглэлийн их багтаамжийн 80 автобус, 12 троллейбус дайран өнгөрч үйлчилдэг. Тэдгээр 11 чиглэлийн тодорхой мэдээллийг дэргэдэх самбараас нь харж болох ажээ. Эхний удаа хотын төвийн ачаалал ихтэй, зорчигчид автобус сэлгэн суудаг 30 гаруй автобусны буудалд мэдээллийн самбарыг байршуулж байгаа юм. Цаашид бусад буудал зогсоол ч мөн адил ийм мэдээлэлтэй болох гэнэ.
Д.Цээнэ