
Хамгийн бяцхан буюу 11 насны ангиллын цомыг эзэмшигч “Саммит” компьютер технологийн компанийн ивээн тэтгэсэн 24 дүгээр сургуулийн тоглолт олны анхаарлыг татаж байв. Бэлтгэл сайтай буй тус багийн хэд хэдэн тоглогч нь Монголын хөлбөмбөгийн ирээдүй хэмээн нэрлэгдээд байсан тул ингэхээс ч арга байсангүй. Тэдний өрсөлдөгч нь “Дуулиан-2020”-ийн утааг анх үнэрлэж буй 71 дүгээр сургууль байсан. Тус сургуулийг ивээн тэтгэсэн “Хас” банк тоглолтын өмнө бяцхан жаалуудад тоглолтын өмсгөл, оймсыг нь гардуулан өгсөн нь багагүй урам нэмсэн биз ээ. Гэвч хүчирхэг өрсөлдөгчийнхөө ширүүн довтолгоог тогтоож чадалгүй 1:9-өөр дийлдэв. Энэхүү тоглолтод өнгөрсөн жилийн “Дуулиан-2020” тэмцээний “Өсөх ирээдүйтэй тоглогч”-ийн шагналт А.Мөнх-Оргил гялалзаж, гоолын дансанд нэрээ тавантаа тэмдэглүүлснээр мэргэн буучдын жагсаалтыг өнгөлөх болов. Түүний дамжуулалтаар багийн тоглогч Б.Энхжаргал нь гоол хийж, нэг содон амжилтыг өөрийн болгосныг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх тэмцээнд долоон нас, 363 хоногтойдоо буюу хамгийн залуудаа гоол хийсэн тоглогч болсон юм. Сонирхолтой нь түүнд дамжуулалт өгсөн А.Мөнх-Оргил энэхүү амжилтыг өмнө нь эзэмшдэг байжээ. Түүнчлэн үүнээс өмнөх хоёр амжилт 24 дүгээр сургуулийн тоглогчдод харьяалагддаг байсан аж.
Охидын 16 хүртэлх насны ангилалд 16 болон нэгдүгээр сургууль өрсөлдөх байсан ч тоглолт болсонгүй. Учир нь “элит”-ийн гэгддэг нэгдүгээр сургуулийн баг мэдүүлгээ өгөөгүйгээс гадна өмсгөл хувцас нь шаардлага хангаагүй тул техникийн ялагдал хүлээлээ.
Жил бүрийн тэмцээний нээлтийн тоглолтод аварга багууд өвдөг шороодох нь олонтаа тохиолддог. Оюутан насны ангилалд дөрвөн удаа түрүүлсэн УБДС ч гараагаа муухан эхлүүллээ. Тэд өнгөрсөн улирлын хүрэл медальт ШУТИС-д 6:7-гоор ялагдсан. Энэхүү насанд Үндэсний лигт алба хашдаг тоглогчид олноор өрсөлддөг. ШУТИС-ийн баг 5:6-гаар ялагдаж явсан ч тоглолтын сүүлийн минутад Монгол Улсын шигшээ багийн тоглогч Ц.Дарамбаяр хоёр гоол хийж, багаа ялагдлаас аварчээ. “Дуулиан-2020” тэмцээний эхний тойргийн үлдсэн тоглолт энэ сарын 13, 14-нд болох бөгөөд үүнээс хойш уламжлал ёсоор долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцэл өрнөнө.
НЭЭЛТИЙН ТОГЛОЛТЫН ДҮН:
11 нас 24 дүгээр сургууль 71 дүгээр сургууль 9:1
13 нас 14 дүгээр сургууль 85 дугаар сургууль 3:1
15 нас 2 дугаар сургууль 6 дугаар сургууль 12:6
17 нас Оюуны-Ундраа 40 дүгээр сургууль 5:6
Оюутан УБДС ШУТИС 7:8
Охид 14 нас 10 дугаар сургууль 41 дүгээр сургууль 6:4
Охид 16 нас 16 дугаар сургууль 1 дүгээр сургууль >
Эх сурвалж: www.sportnews.mn