
Ф.Аншуц нь дэлхийн хүрээнд 120 амралт зугаалгын төвийг хамарсан “Anschutz Entertainment Group” буюу “АЕG”-ийг эзэмшдэг бөгөөд үүнээсээ жилд хоёр тэрбум ам.долларын ашиг олдог аж. Үүний хажуугаар “AEG” холдинг нь сүүлийн гурван жил Их Британийн хамгийн алдартай 20 мянган хүний багтаамжтай урлаг, цэнгүүний зориулалттай “02 тайз”-ыг худалдан авчээ. Мөн “AEG” холдинг дэлхийд алдартай долоон компаниас хувь эзэмшдэг. Сонирхуулахад “AEG”-ийн концерт хариуцах салбар нь Америкийн алдарт дуучин Тейлор Свифт, Жастин Бибер болон Жон Боны тоглолтуудыг гэрээгээр зохион байгуулдаг байна. Түүнчлэн өөрийн концертийн тайзаа бусдад түрээслүүлэхээс гадна хамгийн сүүлд өөрийн эзэмшдэг “Staples Center”-д хийсэн алдарт дуучин Лэди Гагагийн тоглолтоос 300 мянган ам.долларын ашиг олжээ. Ф.Аншуц шоу бизнесээс гадна шатахууны салбараас хөрөнгийнхөө ихэнх хувийг олсон байна. Тэрбээр анхны бизнесийн гараагаа эцгийнхээ шатахууны компаниас эхэлсэн гэдэг. 1967 он хүртэл уг салбартаа төдийлөн амжилт гаргаж чадаагүй. Харин удалгүй түүний хамгийн анхны ухсан газрын тосны цооног дэлбэрч шатжээ. Ф.Аншуц энэ тухайгаа “Universal Pictures” кино үйлдвэрт мэдэгдэхэд энэ тухай сэдвээр уран сайхны кино хийхээр шийджээ. “Hellfighters” хэмээх уг бүтээлийн гол дүрд алдарт жүжигчин Жон Уэйн тоглосон ба Ф.Аншуц киноны эрхийг 100 мянган ам.доллараар худалдсан гэдэг. 1980 онд түүний эзэмшдэг талбайгаас шатахууны нөөц олдсон бөгөөд уг цооногоо 500 сая ам.доллараар зарж түүгээрээ АНУ-ын “Southern Pacific” төмөр замыг худалдан авчээ. Тэрбээр угаас бусдын анхааралд байх дургүй нэгэн. Түүнийг АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн лигийн “Los Angeles Lakers” багийн тоглолтод харж болно. Ф.Аншуц тус багийн томоохон хөрөнгө оруулагчдын нэг юм. Түүнийг хамтран ажиллагсад нь ихэд үнэлдэг байна. Тухайлбал түүнтэй хамт нэгэн зэрэг бизнесийн ертөнцөд хөл тавьсан “Resource Holdings” хэмээх хувийн хөрөнгийн биржийн эзэн Жери Сисло тодорхойлж хэлэхдээ “Ар гэрийн амьдрал албан үүрэг хоёроо ялгаж салгадаг занг нь үнэлдэг” гэжээ. Түүнчлэн 25 жилийн турш түүний хуулийн зөвлөгчийн үүрэг гүйцэтгэсэн Роберт Старзель “Бусад хүмүүсийн саналыг хүндэтгэдэг. Нээлттэй, шударга хүн” гэсэн байна.
Б.Болортуул
Эх сурвалж: “Үнэн”