Ч.Наранбаатар: Тамирчид Лондонд бэлтгэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Ч.Наранбаатар: Тамирчид Лондонд бэлтгэл хийнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хэд хоногийн өмнө Монгол Улсын шадар сайд, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Лондон-2012” олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын ахлагч М.Энхболдыг дагалдан бусад төлөөлөгчдийн хамт ирэх зуны олимпийн нийслэл Лондон хотноо зочлоод ирсэн билээ. Ажлын айлчлал өндөр ач холбогдолтой, Монголын тамирчдын цаашдын ирээдүй, спортын амжилтад эергээр нөлөөлөх олон чухал арга хэмжээг нэгтгэсэн үр дүнтэй болсон байна. Энэ талаар БТСГ-ын дарга Ч.Наранбаатартай уулзаж, ярилцлаа.

-Лондонд зочилсон ажлын айлчлалын тань талаар яриагаа эхлэе гэж бодлоо?

-Лондон хотноо Монгол Улсын шадар сайд, 2012 оны Лондонгийн олимпийн Монголын багийн ахлагч М.Энхболд тэр­гүүтэй төлөөлөгчид ажлын айлч­лал хийгээд ирлээ. Айлч­лалын бүрэлдэхүүнд Шадар сайд М.Энхболд, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, БТСГ-ын Үндэсний шигшээ багийн захирал Ц.Одонбаяр, БТСГ-ын гадаад харилцааны мэргэжилтэн П.Буяндэлгэр, мөн миний бие багтаж, долоон хоногийн хугацаатай ажлын айлчлал хийсэн.

-Ажлын айлчлалын гол зо­рил­го юунд чиглэгдэж байв?

-Удахгүй Лондон хотноо болох “Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд Монголын тамирчид яаж оролцох, бэлтгэлээ хаана, хэрхэн базаах асуудалд айлчлалын гол зорилго агуулагдаж байгаа. Энэ айлчлалд, өөрөөр хэлбэл Монголын баг тамирчдын олимпийн наадмын бэлтгэлд Засгийн газраас онцгой анхаарч, Шадар сайдыг төлөөлөгчөөр томилсон байгаа. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Монгол Улсаас суугаа элчин сайд Б.Алтангэрэл болон элчин сайдын яамны хамт олон айлчлалын бэлтгэл ажлыг сайн хангасан байсан.

-Айлчлалын үеэр яма асууд­лын талаар ярилцсан бэ. Айлчлал хэр үр дүнтэй болов?

-Монголын тамирчдыг Лондонд очиж, бэлтгэл хийх бүх нөхцөл бололцоогоор хангах асуудлууд яригдлаа. Тэр дундаа Английн Биеийн тамир, спорт, олимпийн асуудал эрхэлсэн сайд Хью Робертсонтой уулзаж, Монголын тамирчдын талаар санал тавьсан байгаа. Энэ үеэр манай тамирчдын бэлтгэл сургуулилтад зориулж 25 мянган фунтын хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэх, мөн бусад төрлүүд дээр бэлтгэл хийхэд туслалцаа үзүүлэх талаар ярилцаж, шийдвэрлэлээ. Үндсэндээ бол Английн талаас Монголын талд бүх талын туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Бидний зүгээс хамтран ажиллаж, хамтарсан бэлтгэл сургуулилт хийх хүсэлтээ бичгээр өгсөн. Түүнчлэн Сарри мужийн удирд­лагатай уулзлаа. Энэ үеэр удирдах албаны хүмүүс Монголын баг тамирчид Бээжингийн олимпод өндөр амжилттай оролцсоныг онцолж, ирэх олимпийн  наадамд ч энэ амжилтаа бататгах, цаашлаад амжилтаа ахиулахыг хүсэхийн зэрэгцээ Монголын тамирчдыг дэмжихээ илэрхийлж, бүх талаар хамтран ажиллахаар тохирсон байгаа. Мөн Сарри муж Монголын Төв аймагтай ах, дүүгийн найрамдалт хамтын ажиллагаа тогтоохоор шийдэж, цаашид зөв­хөн спорт төдийгүй урлаг, соёл, аялал жуулчлал, хүүхэд залуучуудын хөгжилд анхаарах тал дээр хамтран ажиллахаар болсон. Удахгүй Сари мужийн удирдлага манай улсад, Төв аймагт айлчлах болсон.

-Зуны олимп эхлэхэд хоёр жил хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Лондонгийн олим­пийн бэлтгэл хэр урагштай яваа бол?

-Олимпийн бэлтгэл ажил сайн хангагдаж байна. Спортын ордон, бокс, жүдо, чөлөөт бөхийн ордонтой нь танилцлаа. Мөн буудлагын спортын ордон барих явцыг сонирхсон. Ер нь бэлтгэл ажил жигд, сайн үргэлжилж байна лээ. Олимпийн зохион байгуулах хорооныхон биднийг найрсгаар хүлээн авсанд их талархаж байгаа. Бид мөн жүдо бөх, боксын холбоодтой уулзаж, Монголын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх талаар ярилцаж, тохирсон.

-Лондонд айлчилсны дараа Франц улсад мөн зочилсон гэсэн?

-Бид буцах замдаа Францаар дайраад гарлаа. Францын Руан мужийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчтэй уулзаж, ирэх жил тус улсад болох жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Монголын баг тамирчдыг 14 хоногийн хугацаанд Францад бэлтгэл хийлгэх талаар ярилцаж, тохирсон. Руан муж Францын хилээс Лондон хүртэл ердөө 1,5 цаг яваад хүрэх ойрхон газар байрладаг. Тэгэхээр Монголын тамирчдын хувьд зөвхөн жүдо биш бокс, буудлага, хөнгөн атлетик, байт харваа болон чөлөөт бөхийн төрлөөр хамтран бэлтгэл хийх боломжтой учир манай тамирчид Франц, Англи улсад нэгдсэн бэлтгэлд гарах бүрэн боломжтой гэдгийг харуулсан чухал айлчлал боллоо.

-Лондонгийн олимп дөхсөн байна, олимпийн эрх авахын тулд тамирчид маань олон тэмцээн, уралдаанд оролцож, эрхийн оноогоо цуглуулах ёстой шүү дээ. Тэгэхээр ирэх онд спортын салбарт зарцуулах төсвийн асуудал спортынхны анхааралд байх шиг байна?

-Төсвийн хувьд Засгийн газар, Сангийн яам, Эрүүл мэндийн яамнаас бүх талаар дэмжиж байгаа. 2011 он тамирчдын маань хувьд хариуцлагатай жил байх болно. Хэрэв хөрөнгө мөнгөний улмаас олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд оролцож чадахгүй бол олимпод оролцох боломжгүй л гэсэн үг. Ийм учраас төр засгаас энэ чиглэлээр ихээхэн анхаарал тавьж, хөрөнгө мөнгөний хувьд шаардлагатай хэмжээгээр төсөвт суулгаж өгнө гэж найдаж байна. Биднээс нийт зардлаа 7,6 тэрбум төгрөгт тооцоолсон байгаа. Төсвийн урьдчилсан байдлаар 3,6 тэрбум төгрөг гэж байна. Их хурал дээр энэ тал дээр анхаарал тавьж, төсвийн хэмжээг нэмэх болов уу гэж найдаж байгаа. Өнгөрсөн жилийнхтэй адил 50 хувьтай баталбал бэлтгэл сургуулилт, витаминжуулалт, уралдаан тэм­цээнд оролцох асуудал мөн л тийм хувьтай үргэлжилнэ гэсэн үг. Тиймээс төр засаг энэ тал дээр анхаарлаа хандуулахыг хүсч байна.

-Хэдхэн хоногийн да­раа Азийн спортын их наадам болох гэж байна. Манай улсаас энэ наадамд ямар бүрэлдэхүүнтэй оролцох вэ?

-Монголын Үндэсний Олим­пийн хороон дээр бүх холбоодтой уулзаж, ярилцсан байгаа. Зас­гийн газрын нөөцөөс зөвхөн “Гуанжоу-2010” Азийн наадамд зориулж 110 сая төгрөг баталж өгсөн. Монгол Улсаас 29 спортын төрөлд 300 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн боловч эдгээр бүх тамирчдыг наадамд оролцуулахад төсвийн хувьд хүндрэлтэй байсан. Тиймээс спортын 29 төрлөөс 15 төрөлд өрсөлдөх тамирчдыг төрийн байгууллагаас ямар нэг байдлаар зардлыг дааж, Азийн наадамд оролцуулахаар шийдсэн байгаа. Эдгээр 15 төрлийг сонгохдоо Азийн наадамд медаль хүртэх боломжтой, өрсөлдөх чадвар өндөртэй гэсэн хүчин зүйлсийг харгалзаж, сонгосон байгаа. Мөн паралимпийн таван төрөлд манай тамирчид оролцоно. Санхүүгийн тал дээр бид байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, нийт 142 сая төгрөгийг Гуанжоугийн наадамд зарцуулахаар болоод байна.

С.Шүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж