
-Сангийн яам Улсын төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлөөр олгосон болон гадаад зээлийг дамжуулан зээлдүүлсэн зээлийн авлага барагдуулах ёстой. Өр барагдуулах ажил аль шатандаа явна вэ?
-УИХ-ын Төсвийн байнгын хорооноос нэр бүхий гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг улсын төсвийн авлага барагдуулалтын байдалтай танилцаж дүгнэлт гаргах зорилготой байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Засгийн газарт дөрвөн ерөнхий чиглэлтэй үүрэг өгсөн. Байнгын хороо, гишүүдийн зүгээс шаардсан нэг зүйл нь хугацаандаа төлөгдөхгүй байгаа зээлдэгчдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх явдал байсан юм. Үүний хүрээнд Засгийн газрын шийдвэрээр авлага барагдуулах ажлыг гүйцэтгэх байгууллагыг сонгох тендерийг зарлаад байна.
-Улсын төсвөөс олгосон болон гадаад зээлийг дамжуулан зээлдүүлсэн авлагын хэмжээ ямар байгаа вэ? Зээлдэгчдийн тухай асуумаар байна. Ямар байгууллагууд, юуны зориулалтаар зээл авсан байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар нийт авлагын дүн 1.3 их наяд төгрөг болсноос 80 гаруй хувийг төрийн өмчийн байгууллагуудын авсан зээлийн өр эзэлдэг. Мөн хувийн өмчийн байгууллагуудад олгосон 200 гаруй тэрбум төгрөгийн зээлийн авлага Сангийн яаманд өнөөг хүртэл бүртгэлтэй байсаар байна. Зээлийн эргэн төлөлт ерөнхийдөө хангалтгүй. Төрийн өмчийн байгууллагууд нь зээлээ хугацаандаа төлөхгүй байгаагаа тогтолцооны асуудал гэж тайлбарладаг бол харин хувийн хэвшлийн зээлийн хувьд 1990-ээд онд зээл, тусламжийн асуудлыг хариуцсан нэгдсэн нэг байгууллага байгаагүйгээс хуучнаар Худалдаа үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам тус тусдаа хариуцаж байсан. Эдгээр яамнаас Сангийн яаманд шилжүүлсэн зээлийн баримтуудад зээл авсан аж ахуйн нэгж байгууллага болон өрийн үлдэгдэл нь тодорхойгүй, зээлийн баримтын бүрдүүлэлт туйлын хангалтгүй, зээлийн хөрөнгийг ашигласан дотоодын аж ахуйн нэгж байгууллагууд татан буугдсан, дампуурсан, алга болсон, төлбөрийн чадваргүй болсон, архивын баримтаа устгасан зэрэг шалтгаанаас зээлийг авсан байгууллагуудтай зээлийн үлдэгдлийн тооцоог нийлж баталгаажуулах, эргэн төлүүлэх ажилд хүндрэл бэрхшээл тулгарсаар ирсэн.
-Зээл авсан эзэн нь олдохгүй, дампуурсан гэх мэт олон шалтаг байдаг байх. Гэхдээ эдгээрийг төсвийн хөрөнгөөр төллөө гэхэд татвар төлөгчдийн мөнгө л золиослогдож байгаа. Ийм байдал дахин гаргуулахгүй байх үүднээс ямар зохицуулалт хийж байна вэ?
-Эдийн засгийн өсөлтийг хангах дотоодын хөрөнгө оруулалтад шаардагдах хөрөнгийг гаднаас татан төвлөрүүлж төрийн болон хувийн өмчийн байгууллагуудад дамжуулан зээлдэг практик олон улс орнуудад байдаг. Гэхдээ тухайн зээл үр ашигтай байх, татвар төлөгчдөд дарамт болохгүй байх хамгийн гол нөхцөл нь хууль эрх зүйн орчин хариуцлагатай, мөн мэдээлэл ил тод байх учиртай. Тиймээс Сангийн яамны зүгээс “Засгийн газрын өрийн удирдлагын стратеги” гэсэн бодлогын баримт бичгийг энэ сард Засгийн газраар батлуулаад байна. Мөн “Засгийн газрын өр төлбөрийн удирдлагын хууль”-ийн төслийг боловсруулж байна. Энэхүү хуулиар өмнө гаргасан алдаа оноог цаашид давтахгүй байх, хариуцлагатай, ил тод орчныг бүрдүүлэхийг зорьж байна.
-Дотоодын зээл энд хамаарах уу, Засгийн газар дотооддоо их өртэй. Засгийн газрын бонд гэж байн байн гаргаад байдаг?
-Ерөнхийдөө өмнө нь Засгийн газрын үнэт цаасыг төсвийн улирлын шинж чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэхэд ашигласаар ирсэн. Энэ нь тухайн ондоо бүрэн эргэж төлөгддөг байсан гэсэн үг. Харин сүүлийн хоёр жил тусгай зориулалтын чиглэлээр, тухайлбал төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, орон сууцны хөтөлбөр, алтны санхүүжилтийн хөтөлбөр, банкны өөрчлөн байгуулалт гэх мэт арга хэмжээнүүдийг УИХ-ын тогтоол, шийдвэрийн хүрээнд Засгийн газрын үнэт цаас гаргаж санхүүжүүлсэн. Өнөөдөр үр дүнг дүгнэж цэгнэхэд хараахан эрт байна.
-Зээлийн авлагыг барагдуулах ажилд төрийн бус байгууллагыг зөвлөхөөр авч ажиллуулах болсон. Өнөөдөр тендерийн нээлт хийж буй. Эцсийн хариу хэзээ гарах вэ?
-Ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулна.