
-“Гэгээн уянга” ном тань уншигчдаас өндөр үнэлэлт авсан гэсэн үү?
-Өндөр үнэлэлт гэдэг арай өөр ойлголт байх. Харин урмын үг сонссон гэвэл үнэнд ойр очно. Хүүхдийг “бурмаар бус урмаар тэтгэ” гэдэг шүү дээ. Бидний өвөг дээдэс ямар агуу ухаалаг хүмүүс байсан юм бэ гэж цаг ямагт боддог. Ардын маань сургаал агуу их ухааныг мэдрүүлдэг. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Ш.Сүрэнжав , Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, С.Пүрэв гээд олон сайхан зохиолч уран бүтээлчид надад тусгайлан баяр хүргэж ололт, дутагдлын минь талаар санал шүүмжээ хэлсэн. Онож хэлсэн урмын үг ямар чухал витамин болохыг ойлгосон. Би баярлаж байгаа. Цаашид сэтгүүл зүй болон уран зохиолын талбарт чадлын чинээгээрээ өсч өндийнө гэж боддог.
-Хамгийн их санаанаас гарахааргүй дурсамжтай ярицлагынхаа тухайд?
-Амар хялбар авсан ярилцлага нэг ч байхгүй ээ. Ярилцагчаа судална гэдэг тийм амар зүйл биш л дээ. Тухайн хүнтэйгээ яг тэр агшинд би дахин хэзээ ч ярилцахгүй. Дурсамж дурдатгал болоод л үлддэг. Ярилцлага хийхээр зорьсон хүнээ би аль болох гэгээн талаас нь гаргахыг хичээдэг . “Адгийн хулгайчид хүртэл авах зан байдаг” гэдэг шүү дээ. Би ярилцагчаа ерөнхийлөгч ,траншейных гэж ялгадаггүй. “Сохрын газар сохор, доголонгийн газар доголон” гэдэг шиг ямар ч байдалд дасан зохицох ёстой гэж боддог. Түүнээс биш би өндөр албан тушаалтанд таалагдах гэж наагуур цаагуур нь гүйдэггүй. Тийм өөх ч биш мах ч биш булчирхай шиг хүнд ясны дургүй. Булчирхайгаар хоол хийж болдоггүй. Түүнтэй адил булчирхай шиг хүнээс юуг нь яриулах юм бэ. Тийм биз дээ. Тиймээс би аль болох олон түмэнд эерэг зөв мэдээлэл өгөх болов уу гэж итгэл хүлээлгэсэн хүнээс ярилцлага авахын тулд өдөр шөнийг ялгалгүй явдаг. Нэг хүн ч гэсэн миний ярилцлагыг уншаад гэгээн зүйл олж хараасай гэж хичээдэг. Автобусны мөнгөгүй алхаж яваад авсан ярилцлага ч бий.
-Сэтгүүл зүйн талбар таныг хэрхэн хүлээж авав?
-Хялалзаж хараагүй ээ. Бас найр дэвсэн угтаагүй. Би энэ их хүндтэй айлын хоолыг зооглох эрхийн бичиг авахын тулд чамгүй хөдөлмөрлөсөн. Мэдээж огт хөдөлмөрлөхгүй амжилтад хүрнэ гэж байхгүй шүү дээ. Тиймээс энэ их өндөр хийгээд ээлтэй босготой айлын хоолыг хүртэх хувь надад байгаасай гэж үргэлж дотор хүнтэйгээ ярилцдаг.
-Таны номд олон сайхан хүн гэгээн сэдвээр ярилцсан байсан. Тэр дундаа Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Цэрэнпагма гуайн яриа олны сэтгэлийг их хөдөлгөсөн гэсэн?
-Тийм ээ. Б.Цэрэнпагма гуайн миний мөрөөдлийн ярилцагч л даа. Тийм ч учраас би мөрөөдлийнхөө ярилцагчтай уулзахын тулд цаг наргүй хөөцөлдсөн. Бас миний анх удаагаа зориглож авсан ярилцлага. Чамгүй удаан хөөцөлдөж байж уулзах эрх олж авсан даа. Эхлээд гэрт нь очиход хүүхэд нь “Та нарт ярилцлага өгөхгүй. Битгий хүний зовлонгоор жаргал хийгээд бай” гэж бухимдсан. Энэ удаад ярилцлага минь ингээд бүтэлгүйтсэн. Гэвч би шантраагүй. Намайг загнасан тэр эгчийг ажилдаа явсан хойгуур нь л очъё гэж бодоод ажлын өдөр дахиад л очсон. Гэтэл бага охинтойгоо хамт байсан. Бага охин нь ээжийнхээ таньдаг хүн нь байна гэж бодоод хаалгаа онгойлгосон. Тэгэхэд “хонгилын үзүүрт гэрэл” гэдэг л болсон шүү . Би маш их баярласан. Тэр үед Б.Цэрэнпагма гуайн хамарнаас нь цус гарчихсан ариун цэврийн өрөөндөө байсан юм. “Хэн бэ, эгч нь яриа өгөхгүй. Үхэх гэж байна. Та нар тэгээд л биччихдэг биз дээ. Тэгээд л бич” гээд бухимдсан. Тэгэхээр би “Зүгээр ээ эгчээ, та надад яриа өгөхгүй байж болно. Би албадахгүй ээ. Таныг мэндийг мэдэх гэсэн юм. Монгол хүн байна даа, би танд сүү авчирсан цай чанаж уугаарай” гээд авсан жаахан юмаа өгөхөд “Өө миний охин яах нь вэ, алив хоёулаа ярилцъя. Эгч нь одоо хоцрогдсон шүү дээ. Чи шинэ залуу үеийнхээс авахгүй дээ” гэсээр бидний яриа эхэлсэн. Би гавьяатаас намайг хөөдөг тэр эгчийн тухай асуухад “Миний том охин юм аа. Сэтгүүлч нар эгчийг нь элдвээр бичээд байхаар хүний охин үр юм болохоор эмзэглэдэг байх. Эгч нь чамд итгэж байна” гэж билээ. Ямар нэгэн баг өмсөлгүй сэтгэлээрээ л ярилцсан. Номд маань яриа нь дэлгэрэнгүй байгаа хойно би энд нэмж хэлээд яахав. Гавьяат маань ярилцлагын төгсгөлд намайг “Эгчийнхээ гавьяат цолыг аваарай миний хүү, энэ сайхан мэргэжилдээ эзэн болоорой “ гэж хэлээд үнссэн. Би тэр үед хамгийн сүүлчийн уулзалт байсан гэдгийг огт мэдээгүй. Мөрөөдлийн ярилцагчаас яриа авч чадсандаа хөөрөөд л явсан даа. Юутай ч би гавьяатаас хамгийн гэгээн мэдрэмжийг олж харсан. Одоо ч гэсэн сэтгэлдээ гавьяатыгаа амьд сэрүүнээр төсөөлж явдаг. Бид хоёрын ярилцлага хийсэн тэр өдөр өчигдөр юм шиг л санагдаж байна.
-Яагаад мөрөөдлийн ярилцагч гэж. Монголд маш олон мундаг жүжигчин байгаа шүү дээ?
-Тийм ээ. Манайд чадварлаг авьяастай хүн олон шүү дээ. Хамгийн гол нь Б.Цэрэнпагма гуайг хэвлэлээр маш муухайгаар бичдэг байв. Тэгээд л би ингэж бичээд байгаа нь үнэхээр үнэн юм уу, “мянга сонсохоор нэг үз” гэдэг болохоор л өөрийн биеэр очиж уулзахыг бодсон. Гэтэл сэтгүүлчдийн бичсэн хэтрүүлэг байсныг мэдсэн. Их нямбай, сайхан л амьдралтай хүн байсан. Мэргэжил нэгт нөхдөө үгүйсгэж байгаа юм биш шүү. Хүний хувь тавилан бидний үзэгний үзүүрт байж болохыг цаг ямагт ухаарах хэрэгтэй. Өвчтэй ядарч яваа нэгнээ элдэв хоёроор бичиж болохгүй л дээ. “Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан. Тэр сэтгэл рүү сэв хийж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрч байсан даа. Хүний амьдрал мөнх биш шүү дээ. Би дараа насандаа гавьяаттайгаа ямар нэгэн сэжмээр уулзах юмсан л гэж боддог. “Энэ хорвоод учир холбоогүй юм даанч үгүй. Тэр байтугай гудамжаар хажуугаар зөрөөд явж байгаа хүн хүртэл учиртай. Зөрөх л ёстой болоод зөрж байгаа юм. Уулзах ёстой хүмүүс заавал уулздаг. Уулзах учиргүй бол ямар нэгэн сэжмээр зөрдөг” гэж багш минь хэлдэг сэн. Гавьяат бид хоёрыг нэг ч гэсэн удаа уулзах хувь тавиланг зурсан бурханд баярлаж байгаа.
-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлэх дуртай вэ?
-Фото зураг авахуулдаг. Өнгөрсөн цаг хугацаа эргээд хэзээ ч ирэхгүй шүү дээ. “Хамаг бүхэн бороо мэт арилахад харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг. Маш их дурсамж түүх агуулдаг юм аа. Тийм болохоор гэрэл зурагт гар татдаггүй. Оюутан байхдаа мөнгөгүй байсан ч уран зургийн галерейд зургаа татуулаад авахдаа мөнгийг нь өгье гэдэг байсан. Одоо 1000 гаруй зурагтай. Энэ зургийн цомог маань өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Тэгэхээр яах аргагүй миний хобби. Бас алдартай хүмүүсийн гарын үсэг цуглуулах, тэмдэглэл эргэцүүлэл бичих дуртай.
-Хайрын тухай ярилцъя. Энэ жил таны хувьд их онцлог болж байх шиг байна. Та номтой, ханьтай болсон байх аа?
-Тийм ээ. Энэ жил миний хувьд азын дөрвөн бэрх буусан. Хүний амьдралдаа хийх гурван буяны нэг нь ном бүтээх гэдэг. Сэтгэлдээ дөрвөн жил тээж явсан номоо гаргасан бас насан туршийнхаа ханьтай боллоо. Ингээд бодохоор азын дөрвөн бэрх буугаагүй гэж үү. Цаашид амьдрал минь гэгээн байна байх аа. Миний амьдралд ирсэн бүтэн хайр минь гэж би ханиа хүндэтгэдэг. Надад заяасан дээд хань/инээв/.
– Номдоо ханиа их магтсан байна лээ. Анх хэрхэн танилцсан юм бэ?
-“Адгийн тэнэг эхнэрээ магтана гэдэг болохоос нөхрөө магтана” гэдэггүй биз дээ./инээв/ Гэхдээ би энэ үгтэй санал нийлдэггүй. Оюутан байхдаа танилцсан. Танилцсанаасаа хойш таван жил болж байна. Жирийн сайхан найзууд л байсан. Гэхдээ анх харахад л миний хань арай өөр сэтгэлд минь туссан шүү. Яг л минийх юм шиг. Анх хараад дажгүй залуу байна шүү, утас нь хэд юм бол, над руу залгах болов уу гээд янз бүрийн юм бодоод л. Гэвч эмэгтэй хүний бүрэг ичимхий зангаар за больё, яасан маягтай юм бэ гэж бодох байх” гэж бодоод л… /Инээв/. Заяаны хань зам дээр гэж үнэн юм билээ. Бид хоёр анх Төмөр замын коллежийн урдхан танилцаж байсан. Манай найз танилцуулж байсан юм. Би тухайн үед бусад оюутнуудынхаа л нэгэн адил Төмөр замд хажуу өрөө хөлсөлдөг байсан юм.
-Тэгээд тань руу хань чинь ярьсан уу?
-Үгүй ээ. Ярих нь байтугай мессеж ч бичээгүй. Тухайн үед миний хань утасгүй байсан юм билээ. Дараа нь автобусанд явж байгаад тааралдсан. Би ямар их баярласан гээч. Ашгүй таарчихлаа гээд утсыг нь асуумаар л байсан. Даанч санаа зовоод “Дараа заавал уулзана шүү” гэж хэлээд л…Тэгсэн манай хүн “Тэгэлгүй яахав” гэхэд би ямар их хөөрсөн гээч. Бурхан надад сэтгэлд минь дүүрч ирсэн залууг хань минь болох хувь заяаг хайрласан. Үүнээс илүү дээд бэлэг бий гэж үү. Гурван хүүхэдтэй болно. Хүүхдүүдээ ямар ч байсан амьд ургамал тасдаж эрхлэхээргүй хүмүүжүүлнэ дээ гэж боддог. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлэхээс илүү том хөрөнгө оруулалт, эд мөнгө байхгүй шүү дээ. Хүүхдүүдээ хүний мөстэй л байгаарай гэж багаас нь байнга хэлнэ гэж боддог. Заавал өндөр боловсрол эзэмших албагүй. Ямар ч байсан хүн чанартай л байгаарай гэж хэлнэ. Мэдээж хүний дор орохооргүй боловсрол эзэмшүүлнэ/инээв/.
-За ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Өнөөгийн залуусын талаар ямар бодолтой явдаг вэ?
-“Ой мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай” гэдэг шиг янз л бүр л байна. Гэхдээ XXI зуун оюуны зуун шүү дээ. Залуус маань боловсролдоо их анхаардаг болжээ. Бас биеэ авч яваа байдал нь ч их таалагдаж байна. Эх орноо дэлхийн тавцанд гаргах боловсролтой хүн бидний дунд байж л байгаа. Би өчигдөр электрон жаал Э.Энхпүрэвээс ярилцлага авсан. Яасан ухаалаг, ямар чадварлаг юм бэ. Залуу хүн тийм л байгаасай. “Залуу хүнд зорилго байхгүй бол эх оронд ирээдүй үгүй” гэдэг. Би өмнөө тавьсан зорилготой байж түүндээ хүрэхийн төлөө тэмцэлтэй байх нь л хамгийн чухал шүү дээ.
-Та хэр үндсэрхэг үзэлтэй вэ?
-Маш их үндсэрхэг. Бид л эх орныхоо төлөө цохилох зүрхтэй байхгүй бол хэн бидний төлөө цохилох зүрхтэй байх юм бэ. Миний эх орон агуу баялаг. Тэр баялгийг үр сад, эзэн нь болсон бидэндээ харамгүй түгээж байна. Харин тэр түгээж буй баялгийг нь бид зөв зохистой адислаж хүртэх ёстой. Энэ хорвоод учир холбоогүй зүйл даанч үгүй. Айлд гадны хүн ороод шууд авдрыг нь уудалдаггүй биз дээ. Түүнтэй адил байгаль эхээ хайрлаж байгаасай гэж залуустаа уриалъя. Эцэст нь анхны номыг маань ивээн тэтгэж олны хүртээл болгосон “Бороо гоулд” компанийн хамт олондоо талархаж байгааг минь дамжуулаад өгөөрэй.