Буянт-Ухаа дахь “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас БНСУ-ын 13 иргэн 13.3 кг алт гаргахыг завдаж тагнуулынханд саатуулагдсан билээ. Эх сурвалжийн мэдээллээр БНСУ-аас манай улсын Гадаад харилцааны яам руу сэжигтнээр татагдсан 13 иргэнээ хоригдож буй нөхцөл байдал, орчуулагчаар хангагдсан эсэх тодруулахыг хүссэн байна. Мөн тус улсын хэвлэл мэдээллийн сувгуудаар нэр түрүүн ялтан солилцооны гэрээ хэлэлцээрийн дагуу иргэдээ шилжүүлэн авах талаар эрх бүхий албанынхан ярилцлага өгчээ. Алт гаргахыг завдсан 13 иргэнийг Тагнуулын ерөнхий газраас Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлд зааснаар бүлэглэн онц их хэмжээний эд зүйл хил гаргахыг завдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм. Уг зүйл ангид зааснаар тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол найман жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлэхээр заасан байдаг аж. Тэд аравдугаар сарын 14-ны өдрийн 23.00 цагт “Korean air”-ийн 868 дугаар нислэгт шулуун гэдсэндээ алт цувин гялгар уутанд хийснийг Тагнуулын албанынхан илрүүлсэн юм.
Н.Түвшин