Хуучирсан мэдээ: 2010.10.31-нд нийтлэгдсэн

С.Батболдын Засгийн газраас бяр л амтагдаад!

Ерөнхийлөгчийн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган дээр хэлсэн үг санаанаас гардаггүй ээ. Аав ээж чинь та нарыг “улсын мөнгө идчих вий” гэж харж байгаа шүү гэж. УИХ, Засгийн газрын гишүү­дэд хандаж хэлсэн үг л дээ. Тэгээд олон жилийн өмнө, 1996-2000 оны парламентад байхдаа С.Баярцогт гишүүний чуулганы танхимаас эцэг эхдээ дайсан үгийг эргэн санахад хүрэв. Тухайн үед харилцах данс нь улайчихаад байсан төрийн өм­чийн “Сэргээн босголт” банкийг хувийн “Голомт” банкинд нэгтгэж, хадгаламж эзэмшигчдийнх нь хохир­лыг барагдуулсны төлөө тухайн үеийн сөрөг хүчин баахан хуудуутай, сөрөг “пиар” хийж, ардчилсан хүч­нийх­нийг идээчин, уугаачнаар нь дуудаж эхлэхэд С.Баярцогт гишүүн биеэ барьж чадалгүй “Ээж ээ, аав аа, би улсын мөнгө идээгүй шүү” хэмээн цээж­нийхээ үгийг хэлж билээ. Тэр үед ч бас ингээд хэлчих чадалтай байж.

Тэр үед Монголын эдийн засаг бараг л элгээрээ хэвтчихсэн, бензин шатахуун, эрчим хүчний хомсдолд орчихсон, улсынх нь нийт төсөв дөнгөж 200 тэрбум төгрөгт эргэдэг, муугаар хэлбэл “идэж уугаад” байх юм нь ч хомс байсан л даа. Харин одоо орчлон хорвоо өөр болж байна. Хорвоо ертөнц байтугай хоёр нарны хоорондох монголчуудын амьдрал ч тэс өөр болж. Дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтийг ашиглан гаргаж ирсэн Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараар л гэхэд хоёрхон жилийн дотор 300-400 тэрбум төгрөгийг /зөв­хөн “Эрдэнэт” үйлдвэрийн бор­луул­сан зэсийн үнийн зөрүүгээс/ төсөвтөө нэмж оруулаад хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлийн 500 мянга, шинээр төрсөн хүүхдийн 100 мянгыг өгчихсөн байх жишээтэй.

Үүний хажуугаар төрийн аппа­ратын зардал, шат дамжлага, хүнд суртал ч мөн нэмэгдэж, тухайн үед 100 мянга хүрэхгүй байсан тө­рийн албан хаагчдын тоо 145 мян­га гараад талийсан. 2000 оноос УИХ-д суудалтай намуудад суудлын тоогоор олгож эхэлсэн 2.5 сая төгрөг /тухайн үед энэ нь улс төрийн намуу­дыг санхүүжилтийг ил болгох, ха­риуц­лагатай байлгах нэг алхам гэж харагдаж байсан юм/ сүүлдээ гишүүдийн тойргийн мөнгө болон хувирч, 10 саяас нэг тэрбум болтлоо өсч дэвжээд байгаа. Буруу дуулаагүй бол саяхан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нэгдсэн чуулганы хуралдаан дээрээс “уул уурхайгаас олох орлого ингэж их нэмэгдэж байхад тойргийн мөнгийг нэг байтугай 2,5 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн ч яадаг юм” гэж баярхаж дуулдсан.
Хувийн сектороос орж ирж байгаа баялгийг захиран зарцуулах эрхийг УИХ, Засгийн газар өөрийн аппаратуудаар дамжуулан дэндүү гамгүй цацаж байна. Уг нь Засгийн газар төсвөө боловсруулж, УИХ түүнд нь хяналт тавих ёстой. Гэтэл манай УИХ Засгийн газартайгаа ижил төвшинд оччихсон төсөв хуваарилаад, тойргийн мөнгө нэхээд, тэрбум тэрбумаар нь төсвийн менежерүүддээ шилжүүлж, түүнийгээ эвийг нь тааруулаад “эрхэм гишүүний тойрогтоо хийсэн ажил” болгоод рекламддаг буруу гарын эрдэмд суралцаад байгаа. Төрийн тэргүүн нь хүртэл цөхрөнгөө барчихсан “Зальжин сайд нь түүнийг хаана хэрхэн нуухаа ч сайн мэднэ” хэмээн толгой сэгсэрч байсан. Түүнийг Сан­гийн сайдад зориулж хэлсэн байх. Өөрөөр хэлбэл, манай төрийн үйл­чилгээ иргэдэд биш, эргээд төрдөө л үйлчлээд байгаа хэрэг. Тойргийн мөнгө гишүүдийг дахин сонгогдоход, төрийн албан тушаалтнууд ажил, албан тушаалаа өөрсдийгөө улам тор­дож томруулахад ашиглаж, харин ард түмний амьдрал тэдэнтэй урвуу хамааралтайгаар унаж байгаа нь нууц биш.

Ерөнхийлөгч хүндэтгэлийн чуул­­ган дээр хатуухан үг хэлж, Зас­гийн газрыг “Өөрсдийгөө муу хэлүүлэхгүй, магтуулж сайшаалгахын тулд мөнгө хөлсийг хайрлахгүй ца­цаж байна. Энэ Засгийн газрын хамгийн сайн чадаж байгаа ажил энэ” гэж хэлсний маргааш Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг яаран цуглуулж, сэтгүүлчидтэй “зангиагүй” уулзсан. Яаруу сандруу, ямар ч бэлт­гэлгүй хийсэн энэ уулзалтаас ч мөн адил гялайх гялтайх юм гараагүй. “Та нарыг төсөл хөтөлбөрөө батал­саар суутал ард түмний амьдрал хэцүүдлээ, түүнийхээ оронд гэр хо­роол­лын гудамжаар яваад амьдрал ямар байгааг үз” гэж хэлсний төлөө бараг л танхимаараа “шок”-онд орж, “Монгол Улсын нэр хүнд гадаадад ингэж өссөн, банк санхүү тэгж сай­жир­сан байхад та нар яагаад болж бүтэж байгааг нь хардаггүй юм” гэж ирээд омогдоно лээ. Болж байгаа нь нэг хэрэг, болгох гэж л тэд хариуцлага хүлээж, албан тушаал хашиж байгаа юм чинь. Харин болохгүй байгаагаа хэн нь ярих вэ.

Хамгийн гол нь энэ Засгийн газ­рын ажлын үр дүн гадаадын төсөл хэрэгжүүлэгчдийн өгсөн үнэл­гээгээр биш, дотоодынхоо иргэдийн амьжиргаагаар хэмжигдэх ёстойг нөхдүүд нэг л мартаад байна. Тэгээд баахан үүлэн дээр суучихсан нөхөд сансрын тоо хэлээд хавьтсан ойртсоноо хазаж хайраад байх нь нэг л эрүүл биш. С.Батболдын Засгийн газар өнгөрсөн нэг жилийн дотор танигдахгүй болтлоо өөрчлөгдөж. Сайд нарынх нь хэлдэг ярьдаг ч өөрч­лөгдөж, хараа нь дээгүүр, санаа нь том болсон байх жишээтэй. Энэ нь харин тэдний хийсэн ажил, хүрсэн үр дүнгээс биш, Монголын эдийн засагт цутгаж байгаа их мөнгөнөөс болсон байх вий гэдэг болгоомжлол эрхгүй төрж байна. Мөнгөөр юуг ч худалдаж авч болно, тэр битгий хэл УИХ-ыг ч гэсэн худалдаад авчихаж болдог гэдгийг сүүлийн хэдэн жилийн манай улс төрийн амьдрал харуулж байгаа.

 Яг одоо УИХ дээр ирэх оны төс­вийг хэлэлцэж байна. Гурван их наядаас хол давсан энэ мөнгийг дахиад л нөгөө УИХ, Засгийн газар нь “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” аль алиндаа ашигтай хуваарилчих гээд үзэж байна. Харин энэ дотор нөгөө орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэг­дүүлэх, эрх мэдлийг төвлөрлийг сааруулах талаар нэг ч үг байхгүй гээд мөрийцсөн ч яах вэ. Өнгөрсөн хаврын чуулганаар Сангийн яамнаас нэг даж­гүй хуулийн төсөл оруулж ирсэн. Төс­вийн тогтворжилтын тухай. Тэнд улсын төсвийн нийт зардлыг ДНБ-ий тодорхой хувьтай дүйцүүлэн хяз­гаарлалт тавих тухай заалт байсан ч хувьтай уг заалтыг 2014 оноос хойш хэрэг­жүүлэхээр хойш тавьсан байгаа. Мөн зэсийн үнийг дэлхийн зах зээлийн үнийн олон жилийн дунджаар тооцож төсөвт суулгах, илүү гарсан орлогыг Төсвийн тогторжилтын санд суулгаж, тодорхой нөхцөлд хэрэглэхээр заасан байсныг ч энэ жилийн төсвөөс эхлэн зөрчиж байгаа сурагтай. Одоо УИХ дээр орж ирээд байгаа төсвийн төсөлд зэсийн үнийг Bloomberg-ийн ханшаар тооцож хийгээд байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл, 8000 гаруй ам.доллараар тооцсон зэсийн үнээс Тогтворжилтын санд нэг ч төгрөг орж ирэхгүй. Тэр байтугай маргааш зэсийн үнэ уналаа гэхэд төсөв бүрдэхээ болино.

Энэ мэт “Жингэр хуцаж л байна, жингийн цуваа явж л байна” гэсэн шиг хэнд ч үл захирагдах, үл гүйцэгдэх, эз дийлсэн байдал энэ Засгийн газраас ханхлаад байна. Тэгээд одоо “Ээж ээ, ааваа, би улсын мөнгө идээгүй шүү” гээд хэлчих аавын хүү эдэн дотроос гарах уу?

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж