Ерөнхийлөгч цусаа хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч цусаа хандивлалаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр очиж, цусаа өгсөн юм. Ерөнхийлөгчийг тус төвд хүрэлцэн ирэхэд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Д.Улаанхүү угтан авч, ажил байдалтайгаа танилцуулан, цус авдаг, шинжилдэг, хадгалдаг өрөөнүүдээрээ оруулж, тоног төхөөрөмж, аппаратуудаа, бэлэн болсон бүтээгдэхүүнүүдээ үзүүлэв. Төвийн хурлын танхимд ороход ажилтнууд нь, хүндэт болон шинэ донорууд Ерөнхийлөгчийг угтлаа.

-Өнөөдөр манай төв дээр хүрэлцэн ирсэн Ерөнхийлөгчдөө хамт олон, өвчтөнүүд, тэдний ар гэрийнхний өмнөөс талархал илэрхийлье. Энд манай ажилтнууд, хүндэт донорууд, шинэ донорууд маань ирсэн байна. Цусны алба үүсээд 50 шахам жил болж байна. Энэ албагүйгээр бусад эмнэлгийн үйлчилгээг төсөөлөх аргагүй. Бид жилдээ 35000 нэгж бүтээгдэхүүн нийлүүлдэг. Энэ ажилд манай 16000 донор хувь нэмрээ оруулдаг юм. Эрэгтэйчүүд 2 сард, эмэгтэйчүүд 3 сард нэг удаа цус өгөх боломжтой. Нэг удаадаа 350-450 мл цус өгч болно. Томоохон мэс ажилбар, төрөлтийн хүндрэл гээд донор цусны хэрэглээ улам өсч байгаа. Дэлхийн үзүүлэлтээр 1000 хүнд 20-40 донор ногддог. Монголд бол 1000 хүнд 8 донор ногдож байгаа. Энэ нь сургалт, сурталчилгаа хангалтгүй байгаатай холбоотой. Донорын тоог нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчид 3 хүсэлт тавимаар байна. Нэгд аймаг, дүүргүүдийн төсөвт жил бүр 10 сая төгрөг энэ зорилгоор тусгадаг болгох, хоёрт, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчилгаа сар бүр тогтмол гаргадаг байх, гуравт донорын урамшууллыг нэмэгдүүлэхэд туслахыг хүсч байна. Бидэнд одоо “Хүндэт донор” болгохоос илүү урамшуулал алга. Оюутан, цэргүүдийг донорууд болгож өгөхөд тусалбал сайн байна. Өдөртөө 100-200 хүнээс цус авах боломж бидэнд бий. Одоо бид 3 хоногийн л нөөцтэй. Мөн гамшгийн бүст энэ цусны төв орвол цусаар эмнэлгүүдийг хангах өөр төв байхгүй. Тиймээс хоёр дахь төв байгуулах асуудлыг шийдэж өгүүштэй байна гэлээ.

-Ахмад донорууд цусаа өгцгөөе гэж уриалсан. Үүнийг хараад би цусаа өгөхөөр шийдэж, бас хоёр залуу дагуулаад ирлээ. Нэг нь Олимпийн аварга Э.Бадар-Ууган, нөгөө нь “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд. Энэ  хоёрт хэлсэн чинь дуртай зөвшөөрсөн. Нийт байгууллага, хүмүүс нийгэмд үүрэг хүлээдэг. Түүний нэг нь цусаа өвчтөй хүмүүст өгч туслах энэ ариун үүрэг юм. Тиймээс оюутнууд, цэргүүдийн 10-20 хувь нь цусаа өгдөг больё л доо. Хэвлэлийнхэн энэ ариун үйлсийг бодлоготой сурталчилж өгвөл сайн байна. Энэ төвийн тоног төхөөрөмж дэхий стандартад хүрсэн ч зарим нэг технологио шинэчлэх шаардлагтай юм байна. Үүнд нь хоёр тэрбум төгрөг хэрэгтэй. Эрүүл мэндийн сайдад ч хэлье. Мөн хоёр дахь төвийг байгуулах нь чухам юм байна. Цусаа өгч буй бүх доноруудад баяр хүргэе гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэв. Ингээд Ерөнхийлөгч маань хоёр залуугийн хамт цусаа өглөө.

Дараа нь сэтгүүлчдэд хандан Ерөнхийлөгч хэлэхдээ “Саяхан хэвлэлээр гарсан зүйлд санаа зовниж байлаа. Эрүүл мэндийн сайдын хариуг сонсоод тийм юм болоогүй гэж ойлгосон. Төвийн захирал та энэ сэтгүүлчдэд түүнийгээ нотлохгүй юу” гэв.

-Манай төв олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй. Бүх донорын цусыг цусаар дамждаг өвчнөөс сэргийлэх үүднээс шинжилгээнд хамруулдаг. Тенхологийн дагуу бүтээгдэхүүн болгон зохих журмын дагуу хадгалдаг. Хэвлэлд шуугисан шиг тийм зүйл болоогүйг Ерөнхийлөгчийн өмнө хэлье. Бидний ажлыг үнэн зөвөөр сурталчилж байхыг хүсье гэж төвийн захиарал Д.Улаанхүү хэллээ.

-Ерөнхийлөгч нэмж хэлэхдээ Энэ төвийн үйл ажиллагаа олон улсын стандартын дагуу явагддаг юм байна. Харин технологио сайжруулахад шаардлагатай тэр хоёр тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгнө байх. Ер нь байгууллага болгон манай хамт олны тэдэн хувь нь донор гэсэн бахархалтай болвол зүгээр юм гэв. Бадар-Ууган, Болд нар ч хүмүүс, нийгэмд хэрэгтэй зүйл хийсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд энэ ариун үйлст залуучуудаа нэгдэхийг уриалж байна гэсэн юм. Тэд тус бүр 400 мл цусаа бусдын эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө хандивлажээ.

Фото зураг үзэх

Эх сурвалж: President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж