Герман АЦС-ын хувь заяаг шийдэв

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Герман АЦС-ын хувь заяаг шийдэв

АЦС "Гундремминген" (Gundremmingen). Фото ©AP

Бундестаг  аравдугаар сарын 28-нд Ангела Меркелийн санал болгосон Германы 17 атомын цахилгаан станцын (АЦС) ашиглалтын хугацааг  сунгах тухай хуулийг баталсан байна. Сөрөг хүчний ГСДН, Ногооны нам, Зүүний нам эсрэг санал өгчээ.

Засгийн газрын төлөвлөгөөний дагуу 1980 оноос өмнө баригдсан АЦС-ын ашиглалтыг найман жилээр, түүнээс хойш баригдсан станцуудын ашиглалтыг 14 жилээр сунгаж байгаа бөгөөд Германы сүүлчийн цөмийн тогооны ажиллагааг 2035 онд зогсоох ажээ.

Сөрөг хүчин Герхард Шредерын Засгийн газраас 2002 онд тогтоосон хугацааг барихыг шаардав. Тэр үед Социал демократ нам ба Ногоон намын эвслийн Засгийн газар АЦС-уудыг 2022 он гэхэд хаахаар төлөвлөсөн байв.

АЦС-ын ажиллагааг сунгаснаа Меркелийн Засгийн газар тайлбарлахдаа атомын эрчим хүчнээс аажмаар сэргээгдэх эрчим хүчинд шилжих хэрэгтэй гэж байна. Засгийн газар 2011 оноос эхлэн атомын түлшинд зургаан жилийн татвар тогтоож байна. Тэр татвараас орж ирсэн мөнгийг сэргээгдэх эрчим хүчний хөгжилд зарцуулах юм байна.

E.on, RWE, EnBW ба Vattenfall зэрэг эрчим хүчний томоохон концернуудын лоббид Засгийн газар автсан гэж сөрөг хүчнийхэн шүүмжилж байна. Германы социал демократууд ба ногоонтнууд АЦС-ын ашиглалтын хугацааг сунгаснаар экологийн цэвэр эрчим хүчний эх сурвалж ба аюулгүй техникийн хөгжилд сөрөг нөлөөтэй гэж шүүмжилж байна.

Үүний зэрэгцээ, холбооны зарим нутаг дэвсгэрийн төлөөлөгчид ба сөрөг хүчнийхэн АЦС-ын ашиглалтын хугацааны хуулиар санал хураалт явуулахыг шаардаж байна. Орон нутгийн бундесратаар уг хуулийг хэлэлцүүлэх шаардлага байхгүй гэж Меркелийн Засгийн газар нэг биш удаа хэлж байлаа.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж