-“Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг” инээдмийн киноныхоо талаар сонирхуулахгүй юу?
-Цаг, үеэ олсон зохиолтой мөн жүжигчид бүх юм нь таарч хийгдсэн кино боллоо. Энэ кино нь өгөөжтэй ялангуяа нийгэм рүүгээ хандсан, залуучуудад зориулагдсан ёс суртахуун тал руугаа юм. Тэр дундаа түүх болж үлдэх хэмжээний кино болсон. Бид түүхээ бичиж үлдээдэг байсан бол одоо кино хийгээд үлдээдэг болсон юм уу даа гэдэг бодол төрүүлж байгаа хэрэг. Энэ киног дараа нь бидний хүүхдүүд үзээд яг ийм амьдралыг бидний аав ээж туулаад өнгөрсөн юм байна гэж ойлгохоор түүхийн нэгээхэн хэсгийг хоёрдугаар анги дээр бүүр тодорхой тусган харуулсан. Манай хошин урлагийн мэргэжлийн жүжигчид тоглосон инээдмийн жанрын гоё кино болсон.
-“Помогите нам” киноны нэгдүгээр анги 90-ээд орны эхээр болсон үйл явдлыг харуулдаг. Харин хоёрдугаар анги дээрээ яагаад 20 жилийн дараагийн үйл явдлыг сонгон үзүүлэх болов?
-Энэ зохиолын талаар бид нэлээд ярилцсан л даа. Манай Даваахай (ерөнхий найруулагч Ш.Даваадорж) зохиолоо бичсэн. Яагаад ийм сэдэлтэй болсон бэ гэхээр ерөөсөө нэгдүгээр ангийг үзсэн бүх хүн кино шүүмжлэгчид юмыг нь дутуудуулсан байна шүү дээ. Тэр үед чинь энэ байтугай зовлонг үзсэн. Зах зухаас нь үзүүлжээ гэж яригдаж байсан. Тэгээд ерөөсөө хоёрдугаар ангиа хийхээр болсон. Тэгээд хийх хийхдээ ерөөсөө капитализмыг алгасах гээд зураг байдаг шиг алгасахаас өөр арга байхгүй байсан. Яагаад гэвэл өнөөдрийн нийгэм сонин байсан. Манай энэ кинонд өнөөгийн нийгэмд байгаа улс төр, нийгэм, боловсрол, соёл, уул уурхай бослого тэмцэл зэргийг ёгтлоод яг ийм юм болсон шүү гэдгийг гаргасан. Бүх юмыг базаж багтаагаад гайхалтай бичиж чадсан Даваахайд л баярлах хэрэгтэй гэж бодож байна. Дараа нь хуучны кино үзэхэд сайхан байдаг шиг энэ кино маань явах тусмаа амт орж эргэн дурсагдах болохоороо надад зохиол нь илүү таалагдсан.
-“Помогите нам” киног үзэж байхад зохиол, дүр сонголт маш сайн тохирсон юм шиг санагдаж байсан. Тэр жүжигчдэд зориулж зохиол бичсэн үү, зохиолоо биччихээд жүжигчдээ сонгосон уу?
-Зохиолоо биччихээд сонгосон юм байна лээ. Би нэгдүгээр анги дээр гүйцэтгэгч байсан. Харин хоёрдугаар анги дээр давхар ажилтай зургийн даргаар ажилласан. Цөөхөн хэдэн жүжигчин тоглосон ч бид чинь тайзан дээр тоглож, зовлон үзэж байж бие биэ ойлголцдог учраас бүтээл маань мэндлэхдээ амархан, хурдан байсан.
-Кинонд тоглохын зэрэгцээ зургийн дарга хийх ямар байсан бэ?
-Ахиж зургийн дарга хийхгүй гэж бодож байгаа. Хамгийн хэцүү ажил юм билээ. Бид чинь мэддэггүй байж. Зургийн дарга гэдэг бол тэр хүмүүсийг өлсгөхгүй, цангаахгүй тэр ч бүү хэл нэг жүжигчин өвдөхөд эм тариа нь хүртэл бэлэн байх хэрэгтэй гээд л олон хүүхдэдтэй айлын ээжийн л үүрэг юм уу даа. Манай тогоочоор жүжигчин Сүхээ ах маань (Ацаг шүдний зөрүү” кинонд тоглодог) явсан. Туршлагатай хүнтэй хамт ажилласан болохоор сайхан байсан. Сурах ч юм их байлаа. Тэгээд Сүхээ ах маань явснаараа бид нарт маш их сургамжтай, хоол идэж байхад хүртэл тэрбээр “Бид дээр үед кинонд тоглож байхад ингэж байсан ингээд хийвэл ямар вэ” гээд л энэ болгон чинь сургууль юм байна л даа. Нэг удаа хийсэн хоёр дахь удаагаа хийхгүй ээ. (инээв)
-Киноны нэгдүгээр ангид дүрүүд их сонин нэртэй байсан шүү дээ. Сахалт, Өвөрмонгол гээд л. Энэ анги дээр бас дээрх нэрээрээ явж байгаа юу?
-Яг тэр нэрээрээ л явсан. Би Алагаа нэрээрээ, бусад нэмэгдэж орж ирсэн хүмүүс маань ч гэсэн нэг тиймэрхүү л нэртэй байгаа.
-Шинэ анги дээр ямар үйл явдал өрнөдөг вэ?
-Бээжинд агаар муу гээд өмнөх ангид галт тэргэнд таарсан хүмүүс хуваарьгүй онгоцонд дахин таардаг. Бидний сууж яваа онгоцонд маш их хэмжээний алтыг нэг хүн зөөвөрлөж явна.Тэгээд яг энэ хүмүүстэй таарахаар ийм юм болдог шүү. Галт тэрэг хүртэл салдаг гэж муу амлаж явж байгаад онгоцоо унагаачихдаг. Харамсалтай юм, нь бид киноныхоо асар гоё хэсгүүдээс хассан.
-Яагаад?
-Кино театруудад зориулан хассан гэсэн. Бүтнээр нь хоёр цагийн турш инээдмийн кино үзээд гарсан бол үзэгчдэд илүү гоё л байх байсан даа.