Нүүрсний үнийг дийлэхгүй эгэл борчуудын амьдрал

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Нүүрсний үнийг дийлэхгүй эгэл борчуудын амьдрал

Увсын өвөл “чанга”. Ард иргэд маань ёстой л нүүрсний сайн, нүүрний “хөрс”-өөр хахир хатуу энэ улирлыг давдаг. Жил ирэх тусам нүүрсний үнэ нэмэгдэж худалдан авахад хэцүү болж байгаа ч амьдралын шаардлагаар нэг гэр бүлийн хоёр нэг сарын цалингаа бүхэлд нь “золиослон” байж өвөлжилтийнхөө бэлтгэлийг хангадаг. Аргагүй шүү дээ хөдөө орон нутагт нэг машин нүүрсний үнэ буюу 380 мянган төгрөгийн цалин авдаг хүн гарын арван хуруунд багтахаар цөөн, бараг л байхгүй. Гэхдээ урьд жилүүдэд хагас тэвш нүүрс авахад өвлийн ид есийг давдаг байсан бол энэ жилээс манай аймгийн нүүрсний уурхай нүүрсээ фүүлж зарах болсноор яагаад ч “амжихгүй” болж, тэвштэйгээ чацуу ачсан нүүрстэй машинууд ирэх боллоо. Энэ нь жолооч нарт ч гэсэн хүндрэл учруулж байгаа юм. Тийм бага ачсан нүүрсийг худалдан авагчид авахгүй, авлаа ч сэтгэл дундуур үлдэж байна. Нүүрс зарж амьдралаа залгадаг хүмүүсийн мөнгөний эргэлт удааширч байна гэсэн үг. Тэгээд бас авч ирсэн нүүрсний дөрөвний нэг нь хог шороо байх нь энүүхэнд. Ганц энэ жил хог шороотой болчихсон юм биш л дээ. Угаасаа ийм  байсан. Гэхдээ  урьд жилүүдэд фүүлдэггүй байсан болохоор хаягдал гараад ч цаана түлэх нүүрстэйгээ үлддэг байлаа. Харин энэ жилээс уурхайнхан хог шороогоо хүртэл ард иргэдэд зарахаар шийдсэн бололтой. Үүнээс болж уурхайгаас нүүрс зөөдөг жолооч нарын дунд зодоон ч гарсан сураг байсан. Нөгөө талаас стандартын газраас нүүрсээ фүүл гэдэг шаардлагыг уурхайн удирдлагуудад тавьж шахалт үзүүлээд байдаг гэсэн. Монголд ганцхан үлдсэн стандарт хангаагүй зүйл манай аймгийн уурхай нүүрсээ фүүлж зарахгүй байгаа явдал юм байна л даа. Бусад бүх зүйлийг байх ёстой стандарт хэв журманд нь оруулаад дуусчихсан юмуу? Зам барих стандарт, барилга барих стандарт, нохойн махаар хоол хийдэг гуанзнуудад стандарт, архи хуурамчаар хийдэг үйлдвэрүүддээ стандарт тогтоочихсон гэж үү? Тэгсэн атлаа төрийн байгууллагууд хэдэн борчуудын амьдрал тойрсон асуудлыг барьж аваад шууд “тулчих” юм. Цагаан цамцтай дарга нарын хөлөө ч тавьж үзээгүй гэр хороололд  … дугаар гудамжинд  төсөөлж ч үзээгүй бага орлогоор энгийн ард түмэн, эгэл борчууд амьдарч байгааг бүү мартагтун. Зуухандаа түлэх галаар нь, ходоодондоо хийх хоолоор нь битгий шах. Тэд “төрийн сүлд өршөө” гэж өглөө болгон цайныхаа дээжийг өргөдөг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж