Ёстой гайхмаар. Мөнгө зээлүүлж байсан банкны захирал биш зээлээд идчихсэн Г.Мянганбаярыг нь суллачихаад байгаа. Бүр “Иргэний журмаар өрөө төлж барагдуулах хүсэлт өгсөн” учир хэрэгсэхгүй болголоо гэсэн байгаа юм. Би банкнаас мөнгө зээлчихээд төлж чадахгүй хугацаа хэтрүүлээд ийм хүсэлт тавьбал хэрэгсэхгүй болгох болов уу. Тэгэхээр Г.Мянганбаярт арай өөр хандаад байгаа биз. Үүний цаана улс төрийн ашиг сонирхол дахиад л оволзоод эхэллээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлээд л “Зоос” дампуурч байна гэсэн дуулиан дэгдсэн. Шалтгаан нь “Монгол газар” компанийн Олон овоотын алтны ордын төсөлд олгосон зээлд өндөр хүүтэйгээр эрсдэлийн сан байгуулсантай холбоотой. Гэрээгээр эрсдлийг бууруулах, улмаар зээлийн өрийг барагдуулах олон үе шаттай ажлыг хийхээр тусгаж, хэрэгжүүлээд явж байжээ. Зээл нь хэвийн ангилалд орж, банкны алдагдал дагаад буурахаар байлаа. “Зоос”-ын удирдлагууд “Зээлийн эрсдлийн сан байгуулна гэдэг нь баланс дээр л алдагдалтай харагдаж байгаа хэрэг болохоос банк ийм хэмжээний мөнгө алдсан гэсэн үг биш” хэмээж байв. Энэ үед Монголбанкнаас Эрх хүлээн авагч, эсвэл Бүрэн эрхт төлөөлөгч томилох байх гэсэн таамаглал эсрэгээр эргэж төр мэдэлдээ авсан.
Асуудал маш хурдан өрнөж, яарсан, даарсан шинж бүхий сэжиг төрүүлсэн. Шуурганд хөөгдсөн мэт тэр хурдыг “Анод”-оос авсан сургамж гэхээсээ илүү гадны эсвэл улс төрийн шахалт гэж харж болохоор байв. Учир нь “Зоос”-ыг дампуурахад хүргэсэн гэмтэн Г.Мянганбаяр бэлээхэн сууж байлаа. Зугтаагүй, үгүй гэж няцаагаагүй. Удалгүй Монголбанк “Зоос”-ыг аварч Төрийн банк болгосон. Гайхалтай хурдтайгаар.
Байдал ингэтлээ хүндэрчихээд байхад “Зоос”-ын Ш.Чуданжий Г.Мянганбаярыг харааж зүхэхийн оронд бараг өмөөрч байлаа. Тэрбээр “Олон овоот” алтны төсөл санхүүгийн хувьд хүндэрснээс биш төсөл өөрөө эрсдээгүй. Тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ажиллах хүчин нь бэлэн байгаа боломжтой төсөл. Зөвхөн санхүүгийн байдлыг нь сайжруулахад л хугацаа хэрэгтэй байсан” хэмээж байсныг тэр үеийн хэвлэлээс харж болно. Тэрбээр яг “эр хүн шиг” загнасан билээ. Харин Г.Мянганбаярыг өрөвдөж болохгүй байжээ. Яагаад ч юм бэ, түүний хэргийг хэрэгсэхгүй боллоо гэнгүүт Ш.Чуданжийг хоригдлоо гэх худал мэдээлэл тархах болов.
Энэ хооронд хүмүүс олон банк дампууруулсан Г.Мянганбаярыг яах бол гэж анхааралтай ширтэж байв. Лав л хорилоо гэж дуулдаагүй. Гэтэл мөнгө зээлүүлсэн банкны гүйцэтгэх захирал эмэгтэйд бүх бурууг тохож, хоригдоогүй байхад нь хорилоо хэмээн гүтгэх болсон нь сонирхолтой биш гэж үү. Учир нь “Төрийн банк”-ийг хэн, яах гэж байгуулсан бэ гэдэгт эзэн хэрэгтэй болсонтой холбоотой болов уу. Г.Мянганбаяр өрөө төлж чадах байсан юм бол “Зоос” дампуурсан гэдэг нь худлаа л байгаа биз дээ. “Зоос” дампуураагүй юм бол “Төрийн банк”-ийг яах гэж байгуулсан юм бэ.
Энэ юуны дохио вэ? Г.Мянганбаяр өрөө төлж чадна гэсэн нь сайн хэрэг. Төлчихвөл бүр сайн. Харин “Төрийн банк”-ийг яах вэ. Улстөрчдийн улайран яарч байгуулсан, төрийн мэдэлд шилжүүлсэн шалтгаанд эзэн хэрэгтэй болохын цагт Ш.Чуданжийг золиосолж байгаа юм биш биз. Г.Мянганбаяр “Зоос”-ын өрийг бүрэн барагдууллаа гээд “Төрийн банк”-ийг тараагаад “Зоос”-ыг сэргээлтэй биш. Хэвээрээ үлдэнэ. Төрөөс ивээн тэтгэж хөл дээр нь босгосон энэ банкны байдал одоо бас сайнгүй гэж дуулдаж эхэллээ. Хариуцлагыг хэн хүлээх вэ. Өөдрөгөөр харж, өндөр ашигтай ажиллалаа гэж бодоход хэн хувьчилж авах вэ гэдэг тун сонирхолтой. Ц.Мянганбаярыг Ш. Чуданжийгаар солих сонирхол хэнд байна вэ.
Байгуулагдсанаасаа хойш зогсолтгүй эргэж байсан энэ банкийг аравхан настайд нь “амыг нь барьсан” шалтгаан мөнөөх л улс төртэй холбоотой болж таарч байна. Монголбанкны удирдлагууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүл гэсэн шаардлагыг тавьсаар аравхан тэрбум төгрөгийн дүрмийн сантай тус банк арга буюу Европын сэргээн босголтын банкийг түшихээс аргагүйд хүрсэн. Тэд ч 25+1 хөрөнгө оруулалт хийсний хувьд улс төрөөс ангид байгаач ээ хэмээн хатуухан шаарддаг байж. Гэвч яаж ийгээд л УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнөхөн зарим намын нөлөө бүхий хүмүүст компанийн нэрээр дамжуулаад барьцаагүй зээл олгочихсон байдаг. “Нийт зээлийн хэмжээг дүрмийн сангийн 20 хувиас хэтрүүлэхгүй байх дүрэм журмаа баримталсангүй, манай банкны байдал хэцүүдлээ” хэмээн ярьж явсан мэргэжлийн хүмүүсийн үг хэвлэлийнхэнд жигтэй сонсогдож байсан. Гэвч лавшруулаад асуухаар хэн ч үнэнийг хэлж зүрхэлдэггүй байсан. Одоо ч хэвээрээ. Гэтэл дараагийн сонгууль айсуй. Сонгуулийг угтаж аль банкийг цөлмөж, сонгуулийн дараа хэд нь хаалгаа барихыг хэн ч таашгүй. Гэхдээ л байдал хэвээр үргэлжилнэ гэсэн хар совин татаад байна. Улс төрийн хүрээнийхэн банкны салбараас савраа татаагүй цагт харилцагч нэртэй жирийн иргэд хохирсоор л байх болно гэдгийг л лавтай мэднэ.
У.ОРГИЛМАА
"Улс төрийн тойм" сонин