
“Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин энэ өдрүүдэд УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны хуралд оролцохоор ирээд байна. Өмнө нь нэг ирэхдээ “Үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэсэн орос зүйр үгийг бидэнд онцгойлон сануулаад буцсан эрхэм. Хувь нийлүүлэгчийн хувиар энэ удаа ч хүндэт зочдын эхэнд тэр зогсч байна. Монголчууд өчигдөр нүүрсний экспортын анхны тээвэрлэлтээ хийх үеэр ч В.Якунин байлцлаа. Атлантаас Номхон далай хүртэлх төмөр замын орон зайг оросууд эзэлнэ гэсэн түүний нэгэн цагийн амлалтын үргэлжлэл манайхаар өртөөлсөн байж магадгүй. УБТЗ –ийн даргын томилгоонд нөлөөлөх гол хүнээр ч түүнийг нэрлэж байгаа нь нууц биш. Энэ удаа тус нийгэмлэгийн даргаар монгол хүн томилох тохироог ч түүнийг хийсэн гэдэг. Яагаад гэвэл тэр манайдаа бол шинэ хүн биш. Хэдэн жилийн өмнө В.В.Магдей агсныг УБТЗ нийгэмлэгийн даргаар томилуулахад ч тэр ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Ер нь л Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаанд эртнээс оролцож байгаа цорын ганц орос гэхэд болно. Ингэх ч шалтгаан байдаг биз. Наад зах нь тус нийгэмлэгийн Оросын талын хувьцааг аль эрт өөрийн болгосон гэж ярьдаг болохоор энэ орос эр бяслагаа үнэ хүргэхийн тулд биднийг хавхаар айлгадаг ч байж мэдэх юм.
Н.МӨНХТӨВШИН
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин