Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Pacman тулаанд бэлэн

Дэлхийн аварга боксчин Манни Пэкьяо ирэх сард Антонио Маргаритогийн эсрэг хагас хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалах тулаанд оролцоход бэлэн гэдгээ илэрхийлжээ. Пэкьяо улс төрд хүч үзэх болсноор түүнийг ойрын хугацаанд зодог тайлах гэж буй тухай мэдээлэл олноор цацагдаж байсан юм. Түүнчлэн түүний дасгалжуулагч Фредди Роач хэлэхдээ Пэкьяо улс төрчийн шинэ карьертаа анхаарлаа хандуулж, ирэх сарын 13-нд болох тулаанд төвлөрөхгүй байгаа хэмээн мэдэгдэж байлаа.

Pacman нэрээрээ алдаршсан Пэкьяо мэргэжлийн боксын долоон өөр жингийн ангилалд дэлхийн аваргын бүс эзэмшдэг спортын түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц тулаанч юм. Тэрбээр ирэх сард Техас мужийн Даллас хотноо Мексикийн тамирчин Маргаритотой хийх тулаандаа бэлтгэхээр улс төрийн ажлаасаа түр чөлөө аваад байгаа гэнэ. Түүнчлэн Филиппиний Багио хотноо бэлтгэл хийхэд зарим нэг бэрхшээлтэй тал байгаа учир дасгалжуулагч Роачийн Лос-Анжелес дахь бэлтгэлийн танхимд бэлтгэлээ базаахаар шийдсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж