Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ

Даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалах хүн ардын амар амгалангийн энхийн үйлсэд хувь нэмрээ оруулж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улам бүр бататган бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэхээр дэлхийн хамгийн халуун цэг болсон Афганистан улсыг зорьж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёрдугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Афганистан улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын цэргийн багийн эхний ээлжийнхэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эх орноосоо мордож байсан  бол хоёрдугаар ээлжийн энхийг сахиулагчид энэ сарын 9-нд тус улс руу хүлгийн жолоо залах юм.
Тус улс дахь “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд оролцож буй манай цэргийн багийн дайчид тус улсын нийслэл Кабул хотод байрлах АНУ тэргүүтэй олон үндэстний цэргийн “Eаgers” баазын аюулгүй байдал, харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэнэ. Өмнө нь Монгол дайчид Ирак улсад харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж цөөнгүй удаагийн халдлагыг таслан зогсоож олон мянган хүний амыг аварсан гавьяатай. Афганистан улсыг зорьж буй хоёрдугаар ээлжийн цэргийн багт 26 анги байгууллагын 45 офицер, 71 ахлагч, 4 гэрээт цэргийн албан хаагч нийт 120 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд “Афганистан улсын үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-т оролцох Зэвсэгт хүчний сургалтын хөдөлгөөнт багийн 10 дугаар ээлжийн үүрэг гүйцэтгэх цэргийн багт 12 анги байгууллагын 18 офицер 5 ахлагч нийт 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоно.
Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх, цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг үдэн гаргах ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон бусад албаны хүмүүс цэргийн алба хаагчдадаа хандан үүргээ нэр төртэй, амжилттай гүйцэтгэхийг хүслээ. Манай улсын энхийг сахиулагчид өнөөдрийн байдлаар гадаадын 6 улсад 610 орчим цэрэг эх орныхоо хүнд хэцүү даалгаврыг нэр төртэй биелүүлж байгаа аж. Дэлхийн халуун цэг болсон Афганистан улсад үүрэг гүйцэтгэх гэж байгаа эдгээр цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу өдөр, шөнийн нөхцөлд тасралтгүй явуулж, хүн нэг бүрт ажиллагааны арга техникийг эзэмшүүлэн, багийн жигдрэлтийг хангаснаар олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг бүрэн хангасан болохыг холбогдох албаныхан мэдээллээ.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж