
Бид өнгөрсөн лхагва гарагт Багануурын уурхайн бодит байдалтай танилцан газар дээрээс нь сурвалжлага хийлээ. Энэхүү арга хэмжээг Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Эдийн засагч-Сэтгүүлч” клуб Эрчим хүчний зохицуулах газартай хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Эдийн засгийн бодлогын шинэтгэл өрсөлдөх чадвар” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Эхлээд бид “Багануур” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, уурхайн ерөнхий технологи, санхүүгийн өнөөгийн байдал болон хэтийн төлөвтэй танилцлаа. Тэд төр засгаас шалтгаалж буй бэрхшээлийг тоочин цаашид нөхцөл байдал улам хүндэрч магадгүй гэсэн бараан мэдээ олныг дуулгасан ч “Бид улс орноо илч гэрэлтэй байлгахын төлөө өдий хүртэл зүтгэсэн юм чинь цаашид ч улам хичээх болно” гэдгээ амлаж байв. Багануурын уурхайд тулгараад байгаа хамгийн гол бэрхшээл нь өр, авлагын хуримтлал, техникийн насжилт. Уурхайн хөрс хуулалтын ажлын голыг нугалдаг алхагч экскаваторууд нь 20 жил ажиллах стандарттай ч найман жил илүү ажиллаж байгаа. Нүүрс, хөрс тээвэрлэх автосамасмол болон бусад туслах тоног төхөөрөмжүүд нь мөн л өөрийн стантартаасаа 8-10 жил илүү ажилласан байх юм. Өдгөө эднийх 91.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өртэй. Харин хуримтлагдсан алдагдлын хэмжээ нь 42.7 тэрбумд хүрчээ. Олборлосон нүүрсээ сүүлийн жилүүдэд өртгөөс нь доогуур үнээр борлуулж байгаа учраас алдагдлын хэмжээ эрс өссөн байна. Дэлхийн зах зээл дээр шатахуун, тослох материал болон уул уурхайн машин механизмийн сэлбэг хэрэгслийн үнэ тогтмол өсч байгаа нь алдагдалтай ажиллахад хүргэсэн олон шалтгааны нэг аж. Гэхдээ шийдвэр гаргах түвшнийхэн ганц удаа зоригтой алхам хийх юм бол байдлыг сайжруулах боломж байгааг уурхайг авч яваа хүмүүс хэлж байна. Ер нь дэлхийн жишгээр бол Багануурынхтай адилхан технологи, тоног төхөөрөмжтэй уурхайнууд тонн нүүрсээ 22 ам.доллараас дээш үнээр борлуулдаг. Жишээ нь, Сибирт 22.7, Өвөрмонголд 28.5 ам.доллар. Харин Багануурынх ердөө 14.1 ам.доллар байгаа юм. Тиймээс тонн нүүрсний үнийг дор хаяж 22 мянган төгрөг болгох шаардлагатай гэнэ.
Д.Дамбапэлжээ: МАНАЙ УУРХАЙ ОЛОН ЖИЛ АЙЛЫН ДАГАВАР ХҮҮХЭД ШИГ ЯВЖ ИРЛЭЭ
“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дамбапэлжээгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Төр нүүрсний үнийг чөлөөлөхгүй байгаа нь ямар учиртай юм бол?
-Багануурын уурхай 32 дахь жилдээ ажиллаж байна. Хүний насаар бол энэ хугацаа идэр залуухан юм шиг боловч уурхайн хувьд олон хүнд шалгуурыг даван туулсан урт хугацаа. Энэ уурхай нийгмийн шилжилтийн эгзэгтэй үеийг амжилттай өнгөрүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал ч биднийг дайраад гарлаа. Манай төр засгийнхан дэлхий нийтийн үнэ ханшийн өөрчлөлтийг огт ойлгохгүй байна. Бидний хувьд ямар ч цаг үед үүргээ биелүүлж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд өвөл их хүйтэн, урт болж байна. Үүнийг дагаад нүүрсний хэрэглээ ч тогтмол өсөн нэмэгдэх боллоо. Гэвч үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой уурхай маань эзэнгүйдэж байна. Хатуухан хэлэхэд төр засаг энэ уурхайг дагавар хүүхэд шигээ үзэж ирлээ. Нүүрсний салбарыг эзэнгүйдүүлж болохгүй. Засгийн газар дэндүү хойрго хандаж байна. Дэлхийн банкнаас өгсөн зөвлөмжийг ч хэрэгжүүлдэггүй. Энд ажиллаж байгаа хүмүүсийн саналыг ч хүлээж авдаггүй. Бодит байдал ямар байгааг харж үздэггүй. Ажилчид маань ажил хаях дээрээ тулж байж 1000-хан төгрөгөөр үнээ нэмэгдүүлж байх жишээтэй.
-Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл ямар эрсдэл учирч болох вэ?
-Төр засгийн хариуцлагатай албан тушаалтнууд манай уурхайн талаар ярихдаа бага зардалтай шинэ уурхайтай харьцуулаад байна. Хариуцлагатай хүмүүс ийм гэнэн дүгнэлт хийж байгаа нь харамсалтай. Ердөө 10-аадхан метрийн гүнзгийрэлттэй уурхайг 100 гаруй метрийн гүнзгийрэлттэй уурхайтай харьцуулж болохгүй шүү дээ. Хүмүүсийн урам хугарах бол наад захын асуудал. Хамгийн аюултай нь техникийн насжилтаас үүдэлтэй осол гарах эрсдэл нэмэгдэж байна. Хөрөнгө мөнгөний гачаалаас болж тоног төхөөрөмжөө шинэчилж чадаагүйгээс үүдэн 90-ээд оны үед томоохон хэмжээний осол болж, олон сайн уурхайчны амь нас эрсэдсэнийг та нар мэдэж байгаа. Өнөөдөр манай улсын эдийн засаг харьцангуй сэргэж байна гэдэг. Тэгвэл хүнд байдалтай уурхайгаа өөд татаач ээ гэж л хүсэх байна. Төр өөрийнхөө өмчид ингэж хатуурхаж болохгүй. Үнийн асуудлыг үе үеийн Засгийн газарт тавьж ирсэн. Яах вэ. Энэ Засгийн газар эергээр харж үзэж байгаа. Гэхдээ л хангалттай шийдэлд хүрэхгүй байна. Дэндүү доройтсон үнийг нэг л өдөр шууд дээш нь татна гэдэг хүнд. Тиймээс аажмаар татах ёстой.
Багануурын уурхай 1978 онд ашилалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл 81.5 сая тонн нүүрс олборложээ. Анх 1976 онд хайгуул хийж, 599.8 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоосон байдаг. Сүүлд 1989 онд улсын төсвийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуул хийж нөөцийн хэмжээг 733.2 сая тонн гэж шинэчлэн тогтоосон байна. Уурхайн эдийн засгийн хүчин чадал нь жилдээ дөрвөн сая тонн нүүрс олборлох хэмжээнд байгаа ч тоног төхөөрөмжийн насжилт болон бусад хүчин зүйлээс шалтгаалан жилдээ гурван сая орчим тонн гаргаж байгааг “Багануур” ХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Б.Базар хэллээ.
Д.Даариймаа: УУРХАЙН ҮНЭ ӨСВӨЛ ХЭРЭГЛЭГЧДИЙН ТӨЛӨХ ҮНЭ НЭМЭГДЭХ НЬ ГАРЦААГҮЙ
Эрчим хүчний зохицуулах газрын мэргэжилтэн Д.Даариймаагаас үнийн өөрчлөлтийн талаар лавлалаа.
-Нүүрсний үнийг чөлөөлөхийг уурхайнхан хүсч байна. Хэрэглэгчдэд очих дарамтыг хэрхэн тооцож байгаа вэ?
-Энэ оны нэгдүгээр сарын 15-наас хойш хэрэглэгчдийн төлөх үнэд өөрчлөлт ороогүй байгаа. Уурхайн үнийг нэмэх тухай олон жил ярьж байгаа. Үүн дээр нэг л зүйл байдаг. Уурхай тонн нүүрсний үнээ 18200 төгрөгөөс дээш гаргах юм бол хэрэглэгчдийн төлөх үнэ нэмэгдэх нь тодорхой. Өнөөдрийн байдлаар ДЦС-ууд Багануурын уурхайд төлөх өрөө нэлээд эрчимтэй барагдуулж байна. Засгийн газраас ч дэмжиж байгаа. Хэрэв уурхайн үнэ нэмэгдвэл хэрэглэгчдийн төлөх үнэ хэд болох вэ гэдгийг бид тооцож үзсэн. Гэхдээ яг хэдэн төгрөгөөр яаж нэмэхийг шийдээгүй учраас тэр тооцоог хэлэх боломжгүй.
-Цахилгаан, дулааны үнийг хэдхэн төгрөгөөр нэмэхэд л иргэд бухимддаг. Дахиад нэмчихвэл бөөн асуудал үүсэх юм биш үү?
-Станцын зардал өсөх юм бол үнэ өсөх нь зайлшгүй. Түүнийг тухайн үед л шийднэ. Бид хэрэглэгчдээ хамгаалах нь тодорхой. Зөвхөн уурхайг аврахын тулд үнээ нэмэх нь зөв гэдгийг дэмжээд байгаа юм биш. Аль аль талынх нь эрх ашгийг давхар бодолцохгүй бол болохгүй. Тиймээс хаана ямар боломжтой гарц байна вэ гэдгийг л бүгд хайж байна шүү дээ. Бидний хувьд аль талынх нь үнэ хэдэн хувиар нэмэгдэх вэ гэдгийг яг бодитоор нь гаргаж ирэхийг л эрмэлзэж байгаа. Үнэ өсөх нь хэрэглэгчдэд дарамт болно. Гэхдээ уурхайн байдал хүндэрсээр зогсчих юм бол иргэд ч ялгаагүй хүнд байдалд орно. Тэгэхээр зөвхөн нэг талаас нь харж болохгүй.
С.Батжаргал: ҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ ГОЛ БИШ
“Багануур” ХК-ийн Тэргүүн дэд захирал С.Батжаргалтай уурхайн өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн талаар ярилцлаа.
-Санхүүгийн хүндрэл олборлолтод нөлөөлж байгаа юу?
-Санхүүгийн бэрхшээл их байгаа ч олборлолт буурах бус, нэмэгдэж байгаа. Урьд нь бид жилд дунджаар гурван сая тонн нүүрс олборлож байсан. Харин сүүлийн жилүүдэд олборлолт 3.5 сая болж нэмэгдсэн. Энэ өсөлт нь Дархан, Эрдэнэтийн ДЦС-уудыг нүүрсээр хангах болсонтой холбоотой.
Дээр нь сүүлийн хоёр жилийн өвөл их хүйтэн болсон нь бас нөлөөлсөн гэж хэлж болох юм. Мөн нийслэл хотод орон сууц, барилга байгууламжийн тоо нэмэгдэж, цахилгаан, дулааны хэрэглээ өссөнтэй ч холбоотой. Ийм учраас уурхайн ачаалал улам нэмэгдэж байгаа юм. Энэ жил л гэхэд 3.3 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй байсан боловч цахилгаан станцуудын хэрэгцээнээс үүдээд 3.4 сая орчим тонныг олборлох шаардлагатай болж байгаа. Олборлолт нэмэгдэх нь таатай үзэгдэл юм шиг боловч тонн тутмаас 3000 төгрөгний алдагдалтай борлуулж байгаа учраас тэрбум 200 мянган төгрөгийн алдагдал хүлээнэ гэсэн үг болж байна. Дээр нь тонн нүүрс олборлохын тулд таван шоо метрээс дээш хэмжээний хөрс хуулах шаардлага гардаг. Энэ нь нэмэлт зардал болж, уурхайд ихээхэн хэмжээний хүндрэл учруулах юм. Гэхдээ уурхай нэгэнтээ улс орныхоо өмнө хүлээсэн үүрэгтэй учраас алдагдалтай байна гээд хойш суух эрх байхгүй. Зайлшгүй хэрэгцээг хангахын төлөө бүх боломжоо дайчилж ажиллана. Үүний төлөө ч зүтгэж байна.
-Хүндрэлийг шийдэх ямар гарц байна вэ?
-Тавдугаар цахилгаан станцыг Багануурын уурхайг түшиглэж байгуулах нь зүйтэй гэсэн саналыг бид гаргаж байгаа. Энэ нь улс орны эрх ашигт нийцэх шийдвэр болох учиртай. Яагаад гэвэл цахилгаан станц нь гол түүхий эддээ ойрхон байвал маш их зардал хэмнэх боломжтой юм.
Харин үйлдвэрлэсэн эрчим хүчээ нийслэл рүү дамжуулахад бага зардал гарна. Эрчим хүчний өөрийн өртөг буурна. Дэлхий нийтийн чиг хандлага угаасаа ийм байгаа. Уурхайгаа түшиглэж станцаа байгуулдаг. Энэ бол хүндрэлийг шийдэх нэг гарц байх болно. Зөвхөн эрчим хүч үйлдвэрлээд зогсохгүй эрчим хүчээ дулаан болгон хувиргах, төрөл бүрийн бойлор юм уу, цахилгаан халаагуурт шилжүүлж болно. Энэ нь асар их зардлыг хэмнэхээс гадна нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаас эхлээд олон талын ач холбогдолтой.
-Тавдугаар цахилгаан станцийг Улиастайд барина гээд байгаа шүү дээ?
-Уг нь энд барих юм бол төсөл нь бэлэн байгаа. Багануурын уурхайг түшиглэн сая 200 мянган мвт-ын цахилгаан станц байгуулах тухай төслийг 1980-аад оны үед ОХУ-ын “Гепрошахт” институтийнхэн боловсруулчихсан байдаг.
-Үнэ чөлөөлөх нь хүндрэлээс гарах сонгодог гарц мөн үү?
-Чөлөөлөх нь гол биш. Зах зээлийн зарчмаараа л явах юм бол асуудлыг шийдэж болно. Мэдээж хэрэглэгчдээ бодоод тодорхой хязгаарлалт байх ёстой. Гэхдээ бүхнийг дээрээс барьж болохгүй шүү дээ. Алдагдалгүй ажиллах талыг л анхаарах ёстой. Улс орон гэрэлтэй байсан нь дээр үү, хэдхэн төгрөг харамлаж байгаад харанхуй болох уу гэдэг бол чухал сонголт. Дандаа ард түмний нэрийг барьж нэгийгээ татаж унагаад байж болохгүй шүү дээ. Арван жилийн өмнө хайрцаг шүдэнз килограмм нүүрс хоёр ижил үнэтэй байсан. Гэтэл өнөөдөр хайрцаг шүдэнзний үнэ 4-5 дахин нэмэгдсэн. Харин нүүрсний үнэ хэвээрээ л байна. Тэгвэл шүдэнзэнд илүү мөнгө төллөө гээд улс сүйрээгүй л биздээ.
Уурхайн байдал ийм хүнд байгаа ч жил ирэх бүр ДЦС-уудаас авах авлагын хэмжээ буурч байгаа гэсэн жаахан ч гэсэн гэрэлтэй мэдээ байна. Тухайлбал, 2002 онд нийт авлагын хэмжээ 19.7 тэрбум байсан бол энэ онд 6.6 тэрбум болон буурчээ. Засгийн газраас ДЦС-уудад татаас өгч байгаа нь үүнд нөлөөлсөн байна. Энэ жил л гэхэд “ДЦС-4”, “ДЦС-3”-т нийтдээ 2.6 тэрбумын татаас өгсөн аж.
Хэдийгээр дэлхийд тэргүүлэх хэмжээний нөөцтэй, бас чанартай нүүрсний орд газар Монголд нэг бус байдаг ч ойрын хэдэн жилдээ гал залгуулах ганц уурхай нь яах аргагүй Багануур гэдэгтэй хэн ч маргахгүй. Том ордуудын хувь заяаг шийдэхээс илүү Багануурын уурхайн бодит байдлыг эргэж харах шаардлагатай гэдэг нь энэ хүмүүсийн ярианаас тодоос тод харагдаж байна.
Ч.ДАШДЭЛЭГ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин