Ц.Амарбаясгалан: Би улсын аваргын төлөө тулалдахгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Ц.Амарбаясгалан: Би улсын аваргын төлөө тулалдахгүй

Кикбокс, муайтай боксын хагас хөнгөн жингийн дэлхийн аварга, “Хар салхи” хочит Ц.Амарбаясгалантай ярилцлаа.

-Таньтай уулзахаараа хамгийн тү­рүүнд асууя гэж боддог нэг асуулт байдаг юм. Та тулаанч Ж.Наран­тунгалагтой холбоотой асуултад хариулна биз дээ?

-Бололгүй яахав.

-Ж.Нарантунгалагийн ярилц­ла­га манай сонинд гарч байсан юм. Нэлээн хэдэн сарын өмнө л дөө. Тэр үед Ж.Нарантунгалаг “Та­ныг тулаанд дуудсан, гэхдээ албан ёсны хариу өгөөгүй бай­гаа” гэж ярьсан байдаг. Та Ж.Наран­­тунгалагийн саналыг хү­лээж авахыг хүсээгүй гэсэн үг үү?

-Тулаан гэдэг чинь нарийн учиртай зүйл ш дээ, уг нь. Хүссэн болгонтойгоо, тулаанд дуудсан хүн бүхэнтэй тулал­даад байх нь утгагүй. Би клуб нээж ажиллуулаад олон шавьтай болсон. Тэд нар, хойч үеийн тулаанчид маань ч юу гэж бодох юм. Дэлхийн аваргын төлөө ч юм уу, дэлхийн төвшний шилдэг тамирчид тулаанд дуудвал би мэдээж тулалдана. Надад ашигтай тулааны санал ирвэл би хүлээж авна. Тэрнээс биш Монголдоо ч юм уу, нэг улсын аваргын төлөө тулалдъя гэвэл “Үгүй” гэж хэлнэ. Монголд тулааны спортыг үсрээд л нэг сая хүн сонирхоно. Гэтэл би буяны байгууллага биш ш дээ. Түүнээс гадна спортод зориулсан миний олон жилийн хөдөлмөр бас байна.

-Та хоёрыг найзууд гэж сонссон?

-Тийм тийм. Найзууд.

-Ж.Нарантунгалаг ярьсан бай­сан л даа. Рингэнд гараад тулал­дахаар сайн найз минь болохоор цохиод унагачихаж чаддаггүй гэж…

-Тэгэх хэрэггүй л байхгүй юу даа. Мэргэжлийн тамирчин хүн мэргэжлийн л байх ёстой. Тулаан бол тулаан л байх хэрэгтэй. Рингэн дээр гарч тулалдаад, рингнээс буугаад огт өөр болдог. Тийм л байх хэрэгтэй. Юмыг ялгаж, салгаж, мэргэжлийн тамирчны хувьд сэтгэл зүйгээ бэлдэх ёстой. Би олон л найзтайгаа тулалдаж байсан. Нэгэнт л тулаан учраас ялахын төлөө л тулалддаг. Би өрсөлдөгчөө цохихгүй бол тэр хүн намайг цохино. Тулааны өмнө хичнээн өстөн дайсан шиг байлаа ч гэсэн буугаад найзууд болох тохиолдол бол мэдээж олон байдаг.

-Та ойрын хугацаанд олон улсын ча­нар­тай, дэлхийн төвшний ту­лаанд оролцох уу?

-Ганц, хоёр санал ирсэн. Гэхдээ хэн­тэй, юуны төлөө тулалдах вэ гэдгээ бодох хэрэгтэй байна. Ер нь би ойрд тэмцээн, уралдаан, тулаанд оролцсонгүй. Саяхан тэмцээн зохион байгуулахаар ярилцаж байсан боловч нөхцөл байдлаас шалтгаалаад түр хойшилчихоод байгаа.

-Уучлаарай, ямар тэмцээн бэ? Тэр тухайгаа тодруулаач.

-Мэдээж тулааны тэмцээн. Гэхдээ тулааны бүх төрлөөр зохиогдоно. Олон улсын хэмжээний тэмцээн юм л даа. Өөрөө бас тоглох санаатай байна. Залуу тамирчдыг түлхүү оролцуулах зорилготой, жил болгон зохион байгуулдаг тэмцээн байгаа юм. Кикбокс, муайтай бокс, fighting, мэргэжлийн бокс гэсэн тулааны дөрвөн төрлөөр дөрвөн орны тамирчид өрсөлдөнө. Уг нь энэ сард  болох байсан ч зарим нэг шалтгаанаар хойшлуулахаас өөр аргагүй болоод байна.
 
-Та мэргэжлийн тулааны спор­тоор хичээллээд хэдэн жил болж байна?

-11 настайгаасаа… Гуравдугаар ангид байхдаа каратэгаар хичээллэж эхэлсэн. Ингээд бодохоор 17 жил өнгөрсөн байна. Яг мэргэжлийн  тулааны спортоор 2001 оноос хичээллэж эхэлсэн гэхээр есөн жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд өдөрт хоёр литр хөлс гаргасан гэж бодвол нийт 70 тонн хөлс, цагаа бодвол хамгийн багадаа 70 мянган цаг, гүйсэн замаа бодвол өдөрт 10 км, нийт 80-аад мянган км зам туулсан байна. 70 кг хүрэхгүй биеэс ийм их хөдөлмөр гарсан гэхээр би өөрөө өөрийгөө үнэлэхгүй юм бол үүнийг хэн ч ойлгохгүй. Энэ бол хамгийн багаар тооцож гаргасан тоо шүү.

-Та багадаа зодоон, тулаантай кино их үздэг байсан уу?

-Мэдээж. Энэ спортын хүн болоход бараг кино хамгийн ихээр нөлөөлсөн байх. Брюс Ли, Вандамм гээд л…Анх би ангийнхаа хүүхдүүдийг дагаж, каратэг сонирхож эхэлсэн. Би Дархан хотод төрж, өссөн. Тэнд анх каратэгаар хичээллэж байгаад удалгүй хотод ирж, шигшээ багт орсон. Тэгээд л мэргэжлийн тамирчны гараагаа эхэлсэн дээ. Дараа нь Японд очиж, спортынхоо хажуугаар сургуульд сурч, мэдлэг боловсролдоо ч анхаарч байлаа.

-Ямар мэргэжлээр сурсан юм бэ?

-Эдийн засагч.

-Одоо танд тэгээд мэргэжлээрээ ажиллах боломж гарч байна уу?

-Одоохондоо ч үгүй ээ. Ажиллая гэхээсээ илүү дахиад сурах сонирхолтой байгаа ш дээ. Японд бакалавр, магистр зэрэг хамгаалсан. Ер нь цаашдаа докторантурт суух бодолтой байгаа. Арай амжихгүй л юм.

-Таны спортын карьер цаашид хэр удаан үргэлжлэх бол. Та энэ талаар бодож үзсэн үү? Магадгүй, буруу зүйл асуусан бол уучлаарай.

-Ний нуугүй хэлэхэд, би зодог тайлах талаар боддог болсон. Зорьж, бэлтгэж байгаа том уралдаан, тэмцээн ч алга. Яг миний жинд, 63 кг-д тоглох тамирчин байхгүй байна. Жин өгсөх гэхээр эрсдэл ихтэй л дээ. Амархан бэртчих гээд байдаг юм. Гэхдээ эцсийн шийд бол гаргаагүй шүү. Одоохондоо яахав, хүүхэд залуучууд, хойч үеэ бэлдэх тал дээр илүү цаг зав зарцуулаад л явж байна.

-Танай клуб хэдэн тамирчинтай вэ?

-Манайх өнгөрсөн тавдугаар сарын 1-нд нээгдсэн ш дээ. Хагас жилийн хугацаа өнгөрч байгаа гэхэд яг тулааны спортоор дагнасан 90 тамирчинтай.

-Таны спортын амьдралаар ийм сонинтой байдаг байж. Өөр бас ярилцах зүйл байна аа. Яагаад гэвэл та саяхан кинонд тоглосон шүү дээ?

-Болно оо болно /Инээв/.  

-Таны тоглосон “Татар ажил­лагаа” кино танхим дүүрэн үзэгч цуглуулаад л, хит болж байна. Мэргэжлээ сольж, жүжигчин болж үзлээ?

-Баатар, Эби бид нар найзууд л даа. Тэгээд надад кинонд тоглох санал тавьсан юм. Тулаантай кино байгаа, тулааны хэсэг дээр нь тоглоод үзэх үү гэж. Яг надад таарсан дүр өгсөн болохоор би зөвшөөрсөн,. Жүжиглэлт, текст багатай. Ер нь жүжигчин хүний мэргэжил амаргүй л даваа байна лээ. Жүжиглээд, текст уншаад, цээжлээд, дүрээ амилуулна гэдэг. Мэргэжлийн хүмүүс бол өөр байх л даа.

-Кинонд тоглох танд ямар санагдсан бэ?

-Зүгээр л юм байна лээ. Олон жил тэмцээн уралдаан гээд телевизийн камертай харьцаж байсан болохоор бас ч гэж боломжийн шүү. Би нээрээ өмнө нь кинонд хальт оролцож байсан ш дээ.

-Тийм үү, ямар кинонд?

-Японд бас Хонгконгт байхдаа кинонд хальт тоглож байлаа.

-“Татар ажиллагаа” кинонд таны гардаг хэсэг их хөгжилтэй санагдсан. Таны толгой руу тоосгоор цохиод байхад жишим ч үгүй зогсоод л байдаг?

-Яг тэр хэсэг нь аймаар хэцүү /инээв/. Би уг нь толгой руу гаа тоосгоор цохиулаад, бас шил хагалуулж байгаа юм. “За, нэг хоёрын гурав аа” гээд л цохино. Уг нь санаандгүй л цохиод байгаа юм. Тэгсэн чинь би өөрийнхөө рефлексээр бултчихаад болдоггүй. Тэрүүхэн хэсгийн зургийг олон удаа давтаж авсан. Ялангуяа Б.Амархүүтэй хамт миний толгойг шилээр цохиж, хагалдаг хэсгийг. Тэр шил нь киноны зориулалтын, хэдэн евро ч билээ, овоо үнэтэй эд юм билээ. Гэтэл намайг бултахаар хий цохиод, нөгөө шил нь үр дүнгүй хагараад байдаг. Гурав, дөрвөн тийм шилний алдагдал гаргасан шүү. Тэгээд бүр болохгүй болохоор нь Эби “нэг хоёрын гурав аа” гэж хэлэхгүйгээр “нэг хоёр” гэж хэлснийхээ дараа цохиж байж арай гэж зургаа авсан.

-Тэгнэ байх л даа. Тулааны спортын хүн чинь рефлекс тогтчихдог юм шиг байгаа юм?

-Харин тийм. Уг нь тэд нар хар хурдаараа л цохиод байгаа юм. Харин надад тэр нь удаан харагдаад байдаг. Бүр мэдсээр байж л бултчихаад болохгүй байсан.

-Кинонд хамтран тоглосон жү­жигч­дийнхээ талаар яриач. Та нар дотны найзууд уу?

-Тийм ээ. Хэдэн жилийн өмнө Эби оддын боксын тэмцээнд орох гээд надтай хамт бэлтгэл хийж байсан юм. SBN телевизээр миний бэлтгэдэг “Раунд” гээд нэвтрүүлэг гардаг. Тэр нэвтрүүлгийн маань анхны зочноор Эби орж байлаа. Бид хоёр дотно найзууд.

-Киноны зураг авалтын үеэр то­хиолдсон хөгжилтэй явдлаас хуваалцаач. “Татар ажиллагаа” киног зодоонтой, боевик кино гэж бодсон чинь элгээ хөштөл инээх юм билээ?

-Харин тийм. Хүмүүс лаг зодоон, тулаантай кино гэж бодсон  шиг байгаа юм. Киноны зураг авалтын үеэр хөгжилтэй зүйл зөндөө тохиолдсон. Жагаа гээд нэг залуу байгаа, надтай цуг хамгаалагч болж тоглосон юм. Бид хоёр Д.Батсүхийг цохиж унагаах ёстой байсан, гэтэл жинхнээсээ аймаар хүчтэй цохиж унагаагаад, Д.Батсүх маань толгойгоо мөргөөд, уурлах жишээний /инээв/. Бас миний тоглосон хэсэг дээр уг нь нэлээд их тексттэй байсан юм. Гэтэл нэг л болж өгдөггүй, амилдаггүй. Тэгэхээр нь хассаар байгаад, арай цөөлөв өө. Бас л болдоггүй. Сүүлдээ бүр гуравхан үг хэлэх болж байгаа юм. Бас болдоггүй. Тэгээд бүр хассаар хассаар ганцхан үгтэй болгосон, “Манайхаан” гэж /инээв/. Уг нь миний толгой руу цохиод унагахаар би “Манайхаан, нааш ир. Намайг польдоод байна” гэсэн утгатай юм хэлэх ёстой байсан юм. Бүр болж өгөхгүй болохоор нь ямар сайндаа л “Манайхаан” болгож байхав. Хамгийн гол нь кинонд миний хоолой биш өөр хүний дуу оруулчихсан байна лээ. Тэр нь ч бараг дээр болсон байх.

-Цаашид танд кинонд тоглох санал ирвэл хүлээж авах уу?

-Ямар зохиолтой, ямар киноноосоо л шалтгаална даа. Гоё кино байвал мэдээж хүлээж авна. Гэхдээ хамгийн чухал нь би чадах уу, үгүй юу гэдэг байна. Чадах зүйл бол мэдээж үзээд алдана. Нэг талаараа миний хөгжөөгүй, сул тал илүү хөгжинө гэсэн үг шүү дээ.

С.Шүр, М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж