
Тус уурхай жилдээ дөрвөн сая тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаас Дарханы Дулааны цахилгаан станц жилд 0.25 сая тонн, Нийслэлийн “ТЭЦ-IV” 1.6 сая тонн, “ТЭЦ-III” 1.6 сая тонн, “ТЭЦ-II” 0.2 сая тонн нүүрс, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц 0.12 сая тонн нүүрсийг тонн тутмыг 18200 төгрөгөөр авч байгаа бол олборлолт хийх өөрийн өртөг нь тонн тутамд 21 мянган төгрөг байдаг аж. Уурхайн нэг, хоёрдугаар аманд олборлолт хийж буй карьерт очиход аварга том экскаватор хар хадан нүүрсийг ганцхан шанагадаад самосваль машины тэвшийг дүүргэж харагдав. Эдгээр экскаваторууд 24 цагийн турш тасралтгүй ажиллаж, ачааны хүнд даацын машинууд зөрөлдөн давхилдаж байгаа хэдий боловч Улаанбаатар хот руу нүүрс тээвэрлэх төмөр замын вагоныг хүлээлгэснээрээ тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлдөг гэнэ. Техник хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаагаас энэ бүхэн үүджээ. Гэтэл төмөр замынхан сул зогссоны төлбөрийг нэхэмжилдэг нь алдагдалтай ажиллаж байгаа уурхайн хувьд бас л нэг дарамт.
Багануурын уурхай 733.2 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд одоогоор 70 гаруй саяыг нь олборлоод байна. Уурхайгаас өдөрт 10 мянган тонн нүүрс ачуулдаг бөгөөд энэ нь “ТЭЦ-IV” станцын нэг өдрийн хэрэгцээ. Тус уурхайн захирал Д.Дамбапэлжээ дулааны станцуудад нийлүүлж байгаа нэг тонн нүүрсийг 21 мянган төгрөг болгох саналтай байна. Хэрэв нүүрсний үнэ энэ хэмжээнд хүрвэл станцууд цахилгааны үнээ ойролцоогоор 13 төгрөгөөр нэмэх болно гэдгийг Эрчим хүчний зохицуулах газрын мэргэжилтэн Х.Цогтбаатар хэлж байв. Тэр хэмжээгээр иргэдийн нуруунд ачаа нэмэгдэнэ гэсэн үг.
Хөрш зэргэлдээх ОХУ-ын Сибирьт нүүрсийг тонн тутмыг нь 22.7 ам.доллар, БНХАУ-ын ӨМӨЗО-нд 28.5 ам.доллараар зах зээлд борлуулж байгаа. Монголын уурхайнууд олборлолтын өөрийн өртөг зардлаа шингээх хэмжээнд нүүрсээ борлуулдаг болвол хоёр, гурван жилд техник технологийн шинэчлэлийг бүрэн шинэчлэх боломжтой гэж уурхайн удирдлагууд үзэж байна. Төрөөс нүүрсний үнийг тодорхой төвшинд барих бодлого барьсны балгаар Багануурын уурхай техник технологийг шинэчлэх нь бүү хэл, хэвийн ажиллаж чадахгүйд хүрчээ.
Д.Долгор