Шүүхийг шинэчлэх сүүлчийн боломж

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Шүүхийг шинэчлэх сүүлчийн боломж

Ерөнхийлөгч Улсын дээд шүү­хийн даргыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлжээ. Энэ юу гэсэн үг вэ. Манай төрийн өндөр албан ту­­шаал­тнууд, тэр дундаа хуулийн бай­­гууллагуудын удирдлагуудын дунд өөрийнхөө хүсэлтээр ажил ал­бан тушаалаа өгч, өндөр сэнтий­гээсээ бууж байсан түүх бий бил үү. Өөрийнхөө хүсэлтээр өгөх нь байтугай томилсон газар нь бу­цаа­гаад татья гэхээр өгөхгүй гээд гүрийчихдэг, эргэж ноцдог, шүү­хээр заргалддаг л түүх давтагдаж ирсныг санах юм. Наад зах нь одоо УИХ дээр асуудал нь хэлэлцэгдэж байгаа АТГ-ын дарга нарыг л хар л даа. “Та хууль зөрччихсөн, төсвийн мөнгө идчихсэн юм биш үү, шалгуулчих аа” гэхээр “Зөрчих нь зөрчсөн л дөө, гэхдээ миний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй.

Тэгээд ч би та нарыг бодвол бага идсэн, цадаагүй байна” гэж хариу ноцоод байгаа. Нэг л жишээ. Гэтэл өнгөрсөн хэдхэн сарын дотор Улсын ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, дээр нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөв. Гэвч үнэн хэрэгтээ дээр хэлсэнчлэн хэн ч сайн дураараа ажил, албан тушаалаа өгдөггүй юм. Ялангуяа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлыг. Яагаад гэвэл түүгээр уг хүний амьдралын баталгаа, ирээдүйн карьер, нийгэмд эзлэх байр суурь хэмжигддэг учраас. Харин уг хүн ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсны улмаас, эсвэл өөрийг нь томилж буй байгууллага, эзний сонирхлыг гүйцэлдүүлж, шаардлагыг нь хангаж чадахгүй болсноос арга буюу гар өргөн зайгаа тавьж өгдөг.

Ерөнхийлөгчийн анх сонгогдсон цагаасаа эхлэн хэлж, ард иргэддээ амлаж байсан зүйл нь хуулийн байгууллагыг шинэчлэх, шүүхийг шударга ажиллуулах, эрх барьж буй этгээд, улс төрийн нам, эрх мэдэлтэй хэсгийн ашиг сонирхолд бус, иргэддээ үйлчилдэг болгох, хууль, шүүхийн байгууллагад нүүрлээд байгаа цус ойртолт, ах дүү, төрөл садан, найз нөхдийн сүлжээг таслан зогсоож, хараат бус шүүхийг бий болгох явдал. Үүнийхээ төлөө ч багагүй хүчин чармайлт гаргаж, хуулийн төсөл хүртэл санаачлан УИХ-д оруулж, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаа. Гэвч одоогоор шийдвэр гаргагчдын зүгээс дэмжлэг авсан нь бага. Тиймдээ ч өөрт олгогдсон эрх мэдлийн хүрээнд зарим нэг томилгоог хийж эхэллээ.

Өнөөдөр гэвч С.Батдэлгэрийг юуны учир чөлөөлсөн бэ гэдгээс илүү түүний оронд томилогдох Дээд шүүхийн дарга хэн бэ, юу хийж чадах вэ гэдэг асуулт анхаарал татаж байна. Шүүхийн тухай хуулиар Дээд шүүхийн даргыг Дээд шүүхийн 16 шүүгчийн дундаас нэр дэвшүүлэн томилох ёстой. Хуучин Ардчилсан хүчин төр барьж байх үед Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ч.Ганбат гэдэг хүнийг томилж магадгүй гэх мэт хар сэр хэвлэлүүдээр гарч эхлээд байгаа ч хуулиараа энэ нь бас л хаалттай. Дээд шүүхийн даргыг зөвхөн Дээд шүүхийн гишүүд дотроос томилох учиртай. Тэгээд ч мань хүн тухайн үед бас л “улс төрийн” дарамт шахалтаас болж сайн дураараа ажлаа өгсөн, одоо бараг тэтгэвэртээ гарчихаад байгаа хүн гэсэн. Улсын Ерөнхий прокурорыг ажлаас нь чөлөөлсний дараа олон нийтийн зүгээс ч, улс төрийн хүрээнд ч “Дараагийн хүн нь хэн бэ, юу хийх бол, яаж ажиллах бол” хэмээн чих тавьж, Д.Дорлигжав уу, Б.Дэлгэрмаа юу гэхчлэн төлөг тавьж байсан.

Харин Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох дээр бол Ерөнхийлөгчийн эрх мэдэл бага. Д.Дорлигжавыг Ерөнхий прокуророор томилуулж байсан шиг “Би Засгийн газрын чинь бодлогыг дэмжиж ажилласан, энэ удаа миний бодлогыг дэмжинэ шүү” гэсэн улс төрийн тохиролцоог ч намуудтай хийх боломжгүй гэсэн үг. Нийслэлийн шүүхэд ажиллаж байгаад саяхан Ерөнхийлөгчийн зарлигаар Дээд шүүхийн танхимд орж ирсэн Ц.Зоригтын нэр сонсогдож байгаа ч бас л эргэлзээтэй. Учир нь түүнийг Дээд шүүхийн шүүгчээр томилуулах Ерөнхийлөгчийн санал УИХ дээр унахаа шахаж, дэнтэй дунтай томилогдсон. Шүүгчээр томилуулахад бэрх байсан хүнийг Ерөнхий шүүгчээр тийм амархан томилно гэж үү хэмээн эргэлзэх хүн ч байна. Гэвч хүний санааг хэн мэдлээ.

Энэ утгаараа даргыг нь сэлгэсэн төдийгөөр шүүхэд шинэ уур амьсгал сэнхийтэл ороод ирнэ гэсэн итгэл үнэмшил тун бага. Бүгд хуучин ажиллаж байсан, тэр хугацаандаа ч шүүхийг шинэчлэе, улс төрөөс хараат бус байя, иргэддээ үйлчилье, хуулийн өмнө хүн бүр тэгш байх Үндсэн хуулийн зарчмаараа явья гэж уруул уушиг нээж байгаагүй, Н.Энхбаярын томилгоогоор гарч ирсэн, томилгооныхоо хугацааг ч бараг дуусгаж байгаа нөхдүүд. Тиймээс энэ дундаас Дээд шүүхийн даргыг томилох нь зуун чавганц уралдахад нэг нь түрүүлдгийн л үлгэр юм. Хуулийн нөхцөл боломж нь угаасаа ийм. Харин олон нийтийн хувьд бол Дээд шүүхийн дарга хэн байх нь биш, яаж ажиллах нь л сонин байна. Шинээр томилогдох Дээд шүүхийн даргын итгэл үнэмшил, мэргэжлийн ес зүй болоод хувь хүний хүсэл эрмэлзлээс шүүхийн шинэчлэл урагшлах уу, ухрах уу гэдэг хамаарна.

Ялангуяа шүүхийн байгууллага одоогийнх шиг босоо удирдлагатай, Дээд шүүхийн даргын тэргүүлдэг Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийг сонгон шалгаруулж, Ерөнхийлөгчөөр батламжлуулдаг нөхцөлд боловсон хүчнийхээ бодлого, томилгоогоор дамжуулан шинэчлэлийг эхлүүлэх боломж бий. Шүүгчдийг ажилласан жил, танил тал, холбоо сүлбээгээр нь биш, мэргэжлийн ёс зүй, хүний эрхийг дээдлэх итгэл үнэмшил, энэ талын боловсрол зэргээр нь үнэлж цэгнэвэл илүү шударга бөгөөд иргэдэд нийцтэй байх болно. Хууль эрхзүйн хүрээнд шинэчлэл хийж чадахгүй байгаа нөхцөлд шүүхийг шинэчлэх, салхи оруулах ганц боломж нь боловсон хүчний бодлого, томилгооны асуудал.

Хуулийн байгууллагын шинэчлэлийг бүхэлд нь нэг том уул гэж үзвэл өнөөдрийн энэ үйлдэл зөвхөн элсний ширхэг, чулуу хөдөлгөх л дайны зүйл. Хүн бүр нэг нэг чулуу авч хаяж байж энэ шинэчлэл хийгдэх учиртай. Ганц УИХ ч биш, хуулийн байгууллагууд бүхэлдээ үүнд хамаатай. Д.Дорлигжав Ерөнхий прокуророор томилогдсоныхоо дараа долдугаар сарын 1-нд таван хүний амь хөнөөсөн цагдаа нарын хэргийг сэргээсэн, байгуулагдсан цагаасаа хойш нэг ч хэрэг шийдвэрлэж чадаагүй, улстөрчид хоорондоо бие биенээ хатгадаг “чичлүүр” төдий болоод хувирчихсан АТГ-ын дарга нарын хууль зөрчсөн асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-д оруулж ирсэн гээд элсний ширхгийг нэг нэгээр нь хөдөлгөхийг зорьж л байна. Үүнийг үргэлжлүүлэх хүн хуулийн байгууллагуудын бусад удирдлагуудаас гарах болов уу гэдэг л хамгийн том хүлээлт.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж