Тэргүүн шадар сайд В.И.Якунинтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Тэргүүн шадар сайд В.И.Якунинтай уулзлаа

Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Монгол Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Н.Алтанхуяг өнөөдөр ОХУ-ын “Оросын төмөр зам” Нээлттэй Хувьцаат Нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хоёр орны төмөр замын  өнөөгийн байдал, хөгжлийн төлөв, үйл ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын эхэнд В.И.Якунин хэлэхдээ “Өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн үйл ажиллагааг өргөтгөх, тээвэрлэлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж гадаад зах зээлийн үүд хаалгыг нээхэд УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” ихээхэн ач холбогдолтой болохыг онцлохын хамт одоо ашиглагдаж байгаа өргөн төмөр замын царигийг өргөжүүлэн ашиглах болсонд талархал илэрхийлэв.

Тус уулзалтаар талууд Монгол Оросын “УБТЗ” нийгэмлэгийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэх яриа, хэлэлцээг эцэслэж, хэлэлцээрийг харилцан тохиролцох талаар нэгдмэл нэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Оросын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” төрийн өмчит компанийн асуудлаар санал солилцов. Мөн уулзалтын үеэр Оросын төмөр зам” НХН ерөнхийлөгч В.И.Якунин Таван толгой, Оюу толгойн төмөр замын салбарт хийгдэх бүтээн байгуулалтад  идэвхитэй оролцох сонирхолоо илэрхийллээ. Харин Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг “Энэ салбарт өндөр туршлагатай, түншүүд хамтран ажиллах санал тавьж байгаад татгалзах зүйлгүй гээд санал ирүүлж байгаа компаниудыг зарчмын дагуу, хуулийн хүрээнд сонгон шалгаруулах болно гэдгийг онцоллоо. Тэрээр юуны түрүүн хүлээлт үүсгээд байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлаа ирэх хавар гэхэд эхлүүлсэн байх шаардлагатай байгаа гэлээ. Хоёр орны төмөр замын тээврийн хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэж байгаагаа талууд илэрхийллээ. Уулзалтад Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхитэн. ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленка нар оролцов.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж