Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 371 жилийн ойг угтан “Эх орны голомт” яруу найргийн ном эмхэтгэн гаргажээ. Энэхүү бүтээлийн нээлт “Хангарьд” ордонд өчигдөр болж, Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр болон Нийслэлийн засаг даргын тамгын газрын удирдлагууд, номын редактор болон хамтран бүтээлцсэнТөрийн шагналт, ардын зохиолч П.Бадарч, Д.Цоодол, төрийн шагналт Д.Нямаа зэрэг зохиолчид хүрэлцэн ирсэн юм. Номын баяраар “Эх орны голомт” номын дээжээс Нийтийн номын сан, Үндэсний номын сан, МУИС болон МУБИС-ийн номын сангуудад бэлэглэлээ. Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр “Эх орны голомт” номыг ивээн тэтгэн хэвлүүлжээ. Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийн талаар уншиж болох эл номонд 60 гаруй зохиолчдын 120 шүлэг, яруу найргийг багтаажээ. “Эх орны голомт” номын нээлтэд зохиолчид яруу найргаасаа сонирхуулснаас гадна уртын дуу, хуурын татлагаар түрлэг өргөлөө.
Г.Даша