
“Ногоон Дундговь” хөтөлбөр боловсруулах, иргэн бүр нэг, чадвал бүр таван мод тарих, нутаг орноо усжуулах, ногооруулах цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэх, улс орны хэмжээнд загвар, дууриал болохуйц том театрыг иргэдийн амарч зугаалах, алжаалаа тайлах ногоон орчны хамт барьж байгуулах, хариуцлагын тогтолцоог хаа сайгүй өндөржүүлэх асуудал Засаг даргын ярианы гол чиглэл байлаа. Иргэн Ц.Лхүндэвдорж хөрөнгө оруулалтаар барих барилга байгууламжийн гүйцэтгэгчийг шалгаруулах тендер нэртэй авилгалыг устгах, барьж байгаа обьектийн чанарт тавих хяналтыг эрс сайжруулахыг, иргэн Л.Цэнд багахан хэмжээний газар тариалан эрхлэх хэдхэн сая төгрөгийн төсөв хийж таван жил хөөцөлдөөд бүтээгүйгээ гомдоллож төр иргэнээ сонсч иргэн лүүгээ хандаж ажиллахыг, хуульч С.Энхээ орон сууцны халаалтын доголдол олон жил үргэлжилснээс иргэд эрүүл мэндээр хохирч байхад уул ажлыг хариуцсан хүмүүс ямар ч хариуцлага хүлээхгүй, харин ч гавьяа шагнал авсаар яваа зохисгүй тогтолцоог шийдэмгий халахыг санал болгож байлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн асан, эрдэмтэн Н.Тогтох оролцож аймгийн хэмжээнд 600 км урттай өндөр хүчдэлийн шугам байгаа, тэдгээрийн ойролцоох өвөлжөө хаваржаа руу нам хүчдэл буулган байнгын эрчим хүчээр хангах туршилт амжилттай болсныг өргөн ашиглах, шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлж мөнгө зардлыг хэмнэх, байгалийн гэнэтийн аюулыг урьдчилан мэдээлэх сүлжээг өргөн ашиглах боломж байгааг улс орны эдийн засгийн голыг нуруундаа үүрч байгаа малчид руугаа хандуулж төрийн бодлогоор дэмжихийг зөвлөлөө.
С.ПҮРЭВСҮРЭН