
Үдээс өмнөх хуралдаанаар 2011 оны нэгдсэн төсвийг хэлэлцэх шатанд гишүүд Төсвийн удирдлага санхүүжилтийн тухай хуулийг хөндөн, орон нутгийг өөрөө өөрийгөө аваад явах бололцоог ирэх оноос эхлэн хангах ёстой гэсэн байр суурийг түлхүү илэрхийлэв. Засгийн газрын хувьд орон нутаг биеэ даагаад явах тэр бололцоог хангадаг болгох үүднээс хуулийн төслийг өргөн барьсан, УИХ хэлэлцэн баталж өгөх ёстой гэсэн байр суурьтай байна. Харин УИХ-ын дарга хэлэхдээ “Орон нутаг бүр төсвөө захирах эрхийг гартаа авчихвал Засаг дарга нар нь жип машинуудынхаа шатахууныг түүнээс “тэжээдэг” болох гээд замбараагүй зарцуулалт гарч болзошгүй. Ер нь ч тэгээд Монгол Улс хөгжлийн гараан дээрээ явж байна, юуг орон нутаг нь өөрөө мэдэж хийх, юуг нь улсаас мэдэж хийх вэ гэдгийг УИХ төсвөөр нь хатуу барьж хийлгэх учиртай. Цаг үргэлж Засгийн газрыг мөнгөөр цатгаад явж чадахгүй. Төсвийн хуваарилалтад УИХ онцгой анхаарах цаг болсон. Төсвийн хуваарилалтаар дамжуулж ард түмэндээ баялагийг тэгш хуваарилдаг болох тэр цаг үе рүү шилжих хэрэгтэй байна. Цаашид УИХ-ын дэргэд бүтэц бий болгож, Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл дээр ажиллуулж, хяналт тавихгүй бол Сангийн яам мэргэжлийн бус зүйлүүдийг ихээр оруулж ирж байна. УИХ улаан гараараа түүнтэй нь ноцолддог, юу нь болоод, юу нь болохгүй байна вэ гэдгийг мэргэжлийн талаас нь харж, хянаж байх хэрэгтэй болж… Удахгүй Аудитын ерөнхий газраас төсвийг хэрхэн зарцуулсан талаарх дүгнэлтийг УИХ-д танилцуулна. Түүгээр төсөв ерөнхийлөн захирагч нар хууль зөрчин төсвөө буруу зүйлд зарцуулсан болох нь илэрвэл УИХ тэдэнд хариуцлага тооцно шүү. Ийм зүйл дээр бид хэтэрхий зөөлөн хандаж, толгойг нь илсээр ирлээ” гэлээ. УИХ-ын даргын хэлсэн үг биеллээ олбол Засгийн газар болон түүний харьяа агентлагууд, орон нутгийн төсөв ерөнхийлөн захирагч нар хатуухан сорилттой тун удахгүй тулж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүртэл арга хэмжээ авахуулж ч болзошгүйг спикерийн үг санууллаа.
Гэхдээ Үндэсний аудитын ерөнхий газраас гаргах дүнгээс төсөв ерөнхийлөн захирагч нарын хувь заяа ихээхэн хамаарна.
Г.Дарь