
Төрийн албанд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 91.3 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр өнгөрсөн наймдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын эхнэр Даваагийн Эрдэнэ-Отгон энэ сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 30 настай эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээллээр Д.Эрдэнэ-Отгон нь осол гаргахын өмнөх өдөр буюу энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Драмын театрын хажууд байрлах “MB” шөнийн цэнгээний газарт 18.30 цагаас өглөөний 04.00 цаг хүртэл найз нарын хамт архи уусан байна. Улмаар өнгөрсөн 16-ны өглөөний 06.00 цагт гэртээ харин замдаа уг ослыг гаргажээ. Д.Эрдэнэ-Отгон нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр нэгдүгээр хороо Улаанбаатар Төмөр замын гал командийн байгууламжийн зүүн талын Нарны зам дээр УНН 70-20 маркийн “Toyoto vitz” маркийн авто машин жолоодож явахдаа 30 настай эрэгтэйг дайрч, улмаар хэргийн газраас 750 метрт хохирогчийн цогцсыг машинаар чирч орхин хэргийн газраас зугтаасан байна. Уг хэргийг Замын цагдаагийн газрын шөнийн эргүүлийн тасгийн байцаагч ахлах дэслэгч Б.Лхавгажаргал илрүүлсэн аж. Хэргийг автозамын хөдөлгөөнийг хянах камер болон ослын газрын ойролцоо сүү худалдаж байсан эмэгтэйн тусламжтайгаар энэ сарын 16-ны өглөөний 08.00 цагт баривчилжээ. Одоогоор түүнийг цагдан хориогүй бөгөөд өчигдөр Замын цагдаагийн газарт 10.00 цагт анхны мэдүүлгээ өгсөн байна. Харин хохирогч эрэгтэйн хэн болох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа аж.
Н.Түвшин