Харин өнөөдөр 09.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн хурлаар Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокуророос төлөвлөсөн ялыг өгөлгүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ. Учир нь хэргийг дахин шалгаж, гэрч, холбогдогч нарыг нүүрэлдүүлэн байцаах хэрэгтэй гэж үзсэн байна. Дээрх шийдвэрийг хохирогчийн аав Ц.Гончиг, түүний өмгөөлөгч О.Баасанхүү нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Хуулиндаа гэрчийг холбогдогчоос тусад нь байцаахаар заажээ. Цаашид хэргийг дахин шалгах хугацаа тодорхойгүй байгаа бөгөөд нийслэлийн Прокуророос даалгавар бичсэний дараа тодорхой болох аж.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 18-19-ний шилжих шөнө 15 настай охин Б-гийн амь насыг санаатайгаар хохироосон ноцтой хэрэг гарсан юм. Эл хэрэгт Б.Хэрлэнчимэг, Ж.Оч-Бадрах, С.Гантуяа, Ж.Оч-Мандах, Ү.Ганболд, Д.Сарантуяа , К.Тэмүүжин, н.Отгонжаргал, нарыг сэжигтнээр татан нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор ял төлөвлөөд байсан юм. Шүүх хурал өнгөрсөн хугацаанд зургаан удаа хойшилж байжээ.
С.Отгон