Мессэжээр ирсэн мэдээллээр модны хулгайг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Мессэжээр ирсэн мэдээллээр модны хулгайг илрүүлжээ

БОАЖЯ-наас “Байгаль орчны шинэчлэл-2” төсөл, “Оюу толгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Байгаль хамгаалагч мэдээллийн төв” төслийн хүрээнд 88017777 дугаарын гар утсанд байгаль орчны эсрэг гэмт хэргийн тухай мэдээллийг иргэдээс хүлээн авч байгаа. Төсөл энэ оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өдгөө 500 гаруй мессежийг иргэдээс хүлээн авч, холбогдох хууль сахиулах байгууллагад дамжуулжээ. Монгол Улсын бүх аймаг, сум, нийслэлийн бүх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Байгаль орчны алба, Мэргэжлийн хяналтын албатай хамтран ажилладаг уг төслийн 88017777 дугаарын утсанд 2010 оны аравдугаар сарын 27-ны өглөө 9585…. дугаартай хэрэглэгчээс “Хулгайн мод ихээр орж ирж байна. Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, 106 дугаар сургуулийн хойт дэнж дээрх гурван айлын зүүн жалганд “Зил-131” маркийн УБМ 8869 улсын дугаартай машинаар долоо хоногт 2-3 удаа нойтон мод буулгаж байна” гэсэн мессеж иржээ. Мэдээллийн дагуу төслийн ажилтнууд Сонгинохайрхан дүүрэг, Толгойтын 106-р сургуулийн арын дэнжид цагдаагийн эргүүлийн хамгаалалтын 448 дугаар чиглэлийн албан хаагчдын хамт очиж, гэмт этгээдүүдийг газар дээр нь илрүүлсэн байна.
Төслийн ажилтнууд, цагдаагийнхныг очиход дээрх мэдээлэл үнэн байгаад зогсохгүй, хулгайлж авчирсан модоо хашааныхаа буланд буулгаад машинаа засч байгаа нэлээд халамцуу 6 залуу угтжээ. Тэд өөрсдийгөө энэ модтой холбоогүй, тэр бүү хэл мод ачиж ирсэн машины жолоочийг ч танихгүй гэж тайлбарласан. Гэвч тэр хавьд амьдардаг иргэдийн хэлж буйгаар машин тухайн өглөө эрт нойтон мод ачиж ирснийг баталжээ. Зил-131 машины тэвшинд хөндлөн ачих байдлаар хоёр метрийн богино хэмжээгээр тайрч бэлдсэн 116 ширхэг хар мод байгааг цагдаагийнхан болон “Байгаль хамгаалагч мэдээллийн төв”-ийн ажилтнууд тоолж, хэргийг Сонгинохайрхан дүүргийн хэлтэст шилжүүллээ. Иргэдэд уриалахад байгаль сүйтгэж, хориотой ан хийж, өөр ямар нэг байдлаар эрүүл аюулгүй орчинд танд заналхийлж байвал эргэлзэлгүйгээр бодит мэдээллийг 8801-7777 дугаарт мессежээр илгээгээрэй. Таны мессеж хууль сахиулагчийн сонорт цаг алдахгүй хүрэхийн зэрэгцээ мэдээлэл явуулсан иргэдийн утасны дугаар, хувийн мэдээллийг “Байгаль хамгаалагч мэдээллийн төв” чанд нууцлах тул хууль зөрчигчдын дарамт шахалтаас айх хэрэггүй гэнэ.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж