
“Айвенхоу Майнз”-ын хувьд энэ сарын 18-нд Оюутолгойн хувьцаанаас хөрөнгийн бирж дээр гаргахаар төлөвлөж байгаа тухай мэдээллээ албан ёсны сайтдаа тавьжээ. Үүнд нийт 800 саяас нэг тэрбум ам.долларын хувьцааг санал болгож байгаа юм. Тус компанийн Оюутолгойн хувьцааны 35 хувийг эзэмшдэг “Рио Тинто”-г санал болгох эрхийн хувьд өөрсдөдөө давуу байдал бий болгосон хэмээн буруутгажээ. Түүнчлэн үүнээс болж алдагдал гарвал хариуцлагыг нь “Рио Тинто” хүлээх болно гэх утгатай мэдэгдэл хүргүүлсэн байна.
Лондонд төвтэй “RBC”-ийн шинжээч Дес Кайлали “Рио Тинто” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэмж хувьцаа санал болгох эрхийн тухай хөндсөн. Тиймээс “Айвенхоу Майнз”-ын энэ төлөвлөгөө тийм ч амархан батлагдахгүй байх” хэмээн дүгнэсэн аж. Түүнчлэн “Рио Тинто” Оюутолгойн хувьцаанаас дахин худалдаж авахыг хүсч байна. Ийм тохиолдолд “Айвенхоу Майнз” үнийг нь тогтоох эрхтэй худалдагч нь болж байгаа юм. Энэ нь тэдэнд давуу тал олгож байна” гэжээ. “RBC”-ын зарим ажиглагчийн үзэж буйгаар эдгээр хоёр компанийн хооронд гарч буй зөрчил нь Оюутолгойн төсөл хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулахад хүргэж магадгүй гэнэ. Гэхдээ маргалдагч талуудын байр суурь үүнтэй санал нийлэхгүй байна. Тэд хөрөнгө оруулалтаа хийсэн нь үнэн. Тиймээс үр шимийг нь хүртэж эхлэх нь бас үнэн гэж үзэж байгаа бололтой. Энэ талаар албан ёсны төлөөлөгчдийнх нь мэдэгдэл ч гарчээ.
“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Том Албанез өнгөрсөн ням гарагт Австралийн “ABC” телевизэд өгсөн ярилцлагадаа Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой маргааны талаар дурьджээ. Тэрбээр “Оюутолгойн төслийн ажлыг товлосон хугацаанд нь буюу 2012 онд эхлүүлэх хэрэгтэй. Угаасаа эхлэх ч ёстой. Энэ нь “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”, Монголын Засгийн газрын аль алинд нь маш чухал” гэсэн байна. Түүнчлэн “Рио Тинто”-гийн цаашдын ирээдүйд нөлөөлөхүйц томоохон уурхайнуудын нэг нь Оюутолгой гэдгийг ч онцолжээ.
“Айвенхоу Майнз”-ын тэргүүн Р.Фрийдланд ч үүнийг баталсан. Тэрбээр арбитрын шүүхийн явц хэрхэн үргэлжлэхээс үл хамааран Оюутолгойн төслийн уурхайн цогцолбор ажил хэвийн явагдаж, 2012 он гэхэд үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэх агуулгатай зүйл ярьсан байна. Мөн нэхэмжлэгч талуудын хооронд үүссэн хурдадмал байдал бүх зүйл хэвийн үргэлжлэхэд саад болох ёсгүй гэдгийг ч анхааруулсан юм. Тус компанийн хувьд “Рио Тинто”-гийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргасны дараа хувьцааны ханш нь буурсан байна. Торонтогийн Хөрөнгийн бирж дээр уржигдар “Айвенхоу Майнз”-ын нэгж хувьцааны ханш 33 центээр багасч, 24.38 ам.доллараар арилжаалагдах болжээ.
Оюутолгойн орд газар алт, зэсийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа. Урьчдилсан байдлаар тооцоход ойрын 59 жилийн дотор тус орд газраас 81.3 тэрбум паунд зэс, 46.4 сая унци алт олборлоно хэмээн “Айвенхоу Майнз” компанийн шинжээчид өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн юм. Түүнчлэн зөвхөн эхний 10 жилд 1.2 тэрбум паунд зэс, 650 мянган унци алт олборлоно гэж үзжээ.
Энэ их баялгийг эзэмших эрхийн төлөө “Айвенхоу Майнз” “Рио Тинто”-той чамгүй урт хугацаанд тэмцэлдэж байгаа билээ. Эдгээр компанийн харилцаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас муудаж эхэлсэн юм. “Айвенхоу Майнз”-ын төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмших эрхтэй холбоотой баримт бичгийг өнгөрсөн тавдугаар сарын 7-нд баталсан. Үүнд тус компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж, тэдний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор биржүүд дээр нэмж хувьцаа худалдах эрхийг баталгаажуулжээ. Уг баримт бичгийн дагуу бол “Айвенхоу Майнз” Нью-Йорк, Торонтогийн Хөрөнгийн бирж дээр наад зах нь таван хувийн хувьцаа нэмж гаргах боломжтой юм. Нөгөө талаас энэ нь Оюутолгой дахь “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтыг хязгаарлах хүчин зүйл болсон билээ.
“Рио Тинто”-гийн хувьд үүнийг эсэргүүцэж “Айвенхоу Майнз”-ыг Канадын Ванкуверт төвтэй арбитрын шүүхэд өгсөн юм. Ингэхдээ тус компанийн төлөөлөгчид “Айвенхоу Майнз”-тай өмнө нь байгуулж байсан гэрээний заалтыг үндэслэл болгожээ. “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” хоёр 2006 онд Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотойгоор стратеги түншлэлийг гэрээг байгуулсан. Гэрээний заалт ёсоор “Рио Тинто” компани 2011 оны аравдугаар сараас өмнө “Айвенхоу Майнз”-ын Оюутолгойн хувьцаанаас эзэмших эрхээ 46.6 хувь болгон нэмэх эрхтэй байв. Гэвч “Айвенхоу Майнз”-ын төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан жижиг хувьцаа эзэмшигчидтэй холбоотой баримт бичиг нь “Рио Тинто”-гийн дээрх эрхийг хязгаарласан юм. Харин “Айвенхоу Майнз”-ын хувьд үүнийг эсэргүүцсэн нь мэдээж.
Өнгөрсөн хугацаанд тус компанийн төлөөлөгчид “Рио Тинто”-г Хятадын “Чайналко”-той хамтрах гэж байгаа нь өөрөө гэрээгээ зөрчсөн хэрэг болсон гэдгийг онцолж байв. “Рио Тинто” компани нэгэн цагт “Чайналко”-той хийх 19.5 тэрбум ам.долларын гэрээнээсээ татгалзаж, 194 сая ам.долларын торгууль төлж байлаа. Гэвч өнгөрсөн хавраас эхлэн хандлагаа өөрчилж, хөнгөн цагаан үйлдвэрлэгч Хятадын төрийн мэдлийн тус компанитай хамтран Гвинейн уурхайд 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон юм. Уул уурхайн гигант компаниудын харилцаа сайжрахтай зэрэгцээд Оюутолгой төслийн тухай яригдаж эхэлжээ. “Рио Тинто”-гийн төлөөлөгчид өнгөрсөн долдугаар сард Оюутолгойн хөрөнгө оруулалтыг хийхдээ “Чайналко”-той хамтрах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Энэ нь “Айвенхоу Майнз”-ынхны өгөөш болсон гэхэд хилсдэхгүй. Тэд үүн дээр дөрөөлж хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах тухай гэрээнд онцлоогүй гэдгийг анхааруулж, харин ч бүр “Рио Тинто” өөрсдөө гэрээгээ зөрчсөн гэх асуудлыг сөргүүлэн тавьж байсан. Харин одоо албан ёсны сөрөг нэхэмжлэлээ шүүхэд өгч байгаа нь энэ юм.
Уг нь анх Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа хамтрагч талуудын аль нэг нь эзэмшиж байгаа хувьцаагаа худалдах ёсгүй болохыг заасан. Эс тэгвэл Монголын Засгийн газар, “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” аль аль нь үүнийг эсэргүүцэх эрхтэй билээ. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд асуудал зөвхөн “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-гийн хооронд өрнөж байна. Монголын Засгийн газар энэ тал дээр ямар нэг байр суурь илэрхийлээгүй хэвээр байгаа юм.
Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин