
Мөн ирэх жил Тусгаар тогтнолын 100, Ардын хувсгалын 90 жилийн ой тохионо. Бүтээлч ажлаар түүхэн ойд томоохон бэлэг барьж угтах болсонд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотгоод улам сайхан тохижуулахыг нийслэл болоод Чингэлтэй дүүргийн удирдлагуудад хүслээ.
6400 ам дөрвөлжин энэ талбайг тохижуулах эхний шатанд хуучин хавтанг нь бүрэн шинэчилж, орчин үеийн шийдэл бүхий усан оргилуур, цэцгийн мандал, гэрэлтүүлэг чимэглэл хийж байгаа бөгөөд нийслэл, дүүргийн 970 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн шинэчлэн тохижуулж байна. Хоёрдугаар шатны ажлаар талбайн төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө үе үеийн түүхэн тэмцэгчдэд зориулсан дурсгалын гэрэлт хөшөө цогцолбор бүтээн босгохоор төлөвлөжээ.
Тусгаар тогтнолын бэлгэдэл энэ талбай монголчуудын улс үндэстнээрээ бахархах, хойч үедээ эх оронч үзлийг төлөвшүүлэх, хүний эрх эрх чөлөөг дээдлэх, үзэл бодлын чөлөөт индэр болох төдийгүй иргэдийн амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх, урлаг соёлын төрөл бүрийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан, хүн зон бужигнасан талбай байгаасай гэж хүсэж байгаагаа нээлтийн ажиллагаанд оролцсон нийслэл, дүүргийн удирдлагууд, тэнд цугласан иргэд хүсэж байлаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.