
Түүх сөхөн үзвээс 1921 оны долдугаар сарын 6-нд Жанжин Д.Сүхбаатарын удирдсан Монгол Ардын журамт цэргүүд Тасганы овоон дээр Зөвлөлтийн Улаан армийн зарим анги, нэгтгэлийг хүлээн жагсах үеэр Зөвлөлтийн Улаан армийн ангиуд Тасганы овооны зүүн доогуур орж ирмэгц хоёр талын цэргүүд одоогийн Чандмань төвийн урд цуглан цаашилж, Д.Сүхбаатарын талбай руу хөдөлсөн гэдэг. Иймээс Монгол, Зөвлөлтийн цэргүүд уулзаж цугласан талбайг Ялалтын талбай хэмээн нэрийдэж иржээ. Ардчиллын эхний он жилүүдэд энэ талбай монголчуудын эрх чөлөө, үзэл санааны индэр болсоор ирсэн билээ. Тиймээс энэ талбайг Тусгаар тогтнолын талбай болгон өөрчлөх шийдвэр гарч шинэчлэн тохижуулж өчигдөр нээлтээ хийлээ.
Нийт 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн уг талбайг Түмэн наст хээ бүхий суурь талбай, үе үеийн түүхэн тэмцэгчдэд зориулсан гэрэлт хөшөө, орчин үеийн шийдэл бүхий усан оргилуур, цэцгийн мандал, гэрэлтүүлэг чимэглэл хийжээ.