Хувьчлах байгууллагуудын нэрсийг батлав

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Хувьчлах байгууллагуудын нэрсийг батлав

Монгол Улсын Засгийн газрын 21 дүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдсэн байна. Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр замын дээгүүрх гүүрэн гарц барих төсөл”-ийн тухай хэлэлцээд 2010-2011 онд барьж гүйцэтгэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт даалгав. Төслийг хэрэгжүүлэх нь хотын засаг захиргаа, худалдаа, соёлын төв байрласан дунд тойрог зам байгуулах ажлын нэг хэсэг бөгөөд төвийн замуудын болон Энхтайваны     гүүрээр нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн ачаалал эрс багасна. Төслийн хүрээнд 435 метр урт, 2 урсгалтай 17.2 м өргөн гүүрэн гарц, одоо байгаа хорооллын доторхи авто замтай холбосон 1,0 км зам, явган зорчигчдод зориулсан 100 метр урт, 4,0 м өргөн гүүр барих юм.  
        
ХУВЬЧЛАХ ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТЫГ БАТЛАВ

2010 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг батлав. Жагсаалтад заасан төрийн өмчит этгээдийг хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг зохих хууль, тогтоомжийн дагуу холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо /Д.Сугар/-нд даалгав.  Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрд ногдох хувьцааг шилжүүлэх, хувьцааны тодорхой хэсгийг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд үе шаттайгаар арилжаалах талаар тодорхой санал боловсруулж 2010 оны гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хороо /Д.Сугар/-нд даалгав.

2010 онд:

“Багануур” ХК
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК
“Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
“Монголын Хөрөнгийн бирж”
“Эрдэнэ зам” ТӨХК
“Монголын цахилгаан холбоо” ХК
“Автоимпекс” ХК
“Улаанбаатар АЗЗА” ТӨХК
“Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг хувьчлах, өөрчлөн байгуулахаар болжээ.
    
ХӨГЖЛИЙН ИНДЕКСИЙГ ТООЦОХ АРГЫГ БАТЛАВ

Орон нутгийг жигд хөгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутгийн хөгжлийн бодит түвшинд тулгуурлан оновчтой төлөвлөхөд ашиглах хөгжлийн индекс тооцох арга, индекс тооцоход шаардагдах мэдээлэл, тэдгээрийг гаргах байгууллагуудын жагсаалтыг батлав. Орон нутгийг жигд хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хуваарилалтыг боловсронгуй болгох, төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутгийн хөгжлийн бодит түвшинд тулгуурлан оновчтой төлөвлөх, тооцоход ашиглах зорилгоор орон нутгийн эрүүл мэнд, боловсролын хүртээмж, дэд бүтцийн хангамж, хүрээлэн буй орчин, хөгжлийн нөөц, давуу тал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөв байдал, хөдөө аж ахуй зэргийг өнөөгийн байдалтай харьцуулан тодорхойлох замаар Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо индекс тооцох аргыг боловсруулсан байна.
Индексийн тусламжтайгаар аймгуудын хөгжлийн түвшинг эрэмбэлэн, тухайн орон нутгийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлох, төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжлийн түвшингээрээ хоцрогдож байгаа, нэн тэргүүнд шаардлагатай аймаг, орон нутагт чиглүүлэн ахиу төлөвлөх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,  Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2009 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг үнэлж, дүгнэсэн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Үүнтэй холбогдуулан:

-Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгааны үндсэн дээр байгууллагынхаа онцлогт тохируулан бодитой төлөвлөж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар удирдлагын манлайллыг сайжруулах,
-Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих, тайлагналыг сайжруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
-Салбарын хэмжээний болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр үнэлж дүгнэн, нэгдсэн тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, Нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАВ

“Байгаль орчны мэдээллийн сангийн эх мэдээний дэлгэрэнгүй жагсаалт”, Мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалах журам”-ыг батлав. 20 төрлийн мэдээллээс бүрдэх мэдээллийн санг ажиллуулах нь өнөө үед газар авч байгаа уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт зэрэг байгалийн сөрөг үзэгдлээс сэрэмжлэх, байгаль орчноо хамгаалах төрийн бодлогыг уялдуулан зохицуулж, иргэдийнхээ эх оронч ухамсар, үзэл бодлыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээний нэг хэсэг байх юм.

ТОВЧХОН

-Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан “Өрсөлдөөний тухай” /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган хууль санаачлагчдад уламжлахаар тогтов.

-Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очирын санаачлан боловсруулсан “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах стратеги, чиглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжив.

-Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско, Япон Улсын Осака, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонгконг хотод Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах нь зүйтэй гэж үзэн, асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

-2010 оны 2 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод болсон Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын Комиссын 4 дүгээр хуралдааны дүнг сайшааж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, комиссын Монголын хэсгийн дарга Т.Бадамжунайд даалгав.

-“Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.  

-УИХ-аас олгосон бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа дизелийн түлшинд 30 000 /гучин мянга/ төгрөгийн онцгой албан татвар ноогдуулж байсныг 115 000 /нэг зуун арван тав/ төгрөг болгож, бусад автобензинд ногдуулж байгаа онцгой албан татваруудыг хэвээр үлдээн 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр, бусад алслагдсан боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж буй онцгой албан татварын хэмжээг хэвээр байлгахаар шийдвэрлэв.

-Засгийн газрын 2009 оны үйл ажиллагааны тайлангийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

-“ЭКСПО-2010. Шанхай” дэлхийн үзэсгэлэн дэх Монгол Улсын павилоны сэдэв, агуулгын талаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатар танилцуулав. 2010 оны 5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 31 хүртэл зохион байгуулагдах үзэсгэлэнд манай улс “Говь ба хот” сэдэвт павилон байгуулахаар төлөвлөн бэлтгэлээ хангаж байна.

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2010 оны 3 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгав.

-Төрийн бус байгууллагаас Засгийн газарт ирүүлсэн шаардлагуудын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Үүнтэй холбогдуулан шаардлагад тусгагдсан, эрхлэх ажлын хүрээтэй холбоотой асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авч, тодорхой хариу өгөх ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгав. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлаар 3 талт хэлэлцээр хийх бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж