“B” пропакшны захирал, дуучин Д.Болдтой уулзлаа.
-“Be Bold” коллекцид таны оролцоо хир байв аа. Гадаадад худалдаанд гаргана гэсэн шүү дээ?
-“Гоёо” брэндтэй хамтраад Болд миний бие нийлээд “Be Bold” гэдэг шинэ коллекци дээр гар бие хамтран оролцлоо. Гол нь дизайн дээр “Гоёо”-гийн дизайнеруудтай хамтарч ажиллаад олон сайхан бүтээл дээр ажилласны хүчинд өнөөдөр нээлтээ хийхэд ойртоод хэвлэлийнхэнд мэдээллээ хүргээд байж байгаадаа баяртай байна. Энэ коллекци маань орчин үеийн залуучуудын загварын чиг хандлага руу дөхөж очсон, хүйтэн сэрүүний улирал ойртож байгаа учраас үүнд зориулсан коллекци байгаа. Удахгүй худалдаанд гарах гэж байгаад их баяртай байгаа.
-Анх энэ саналыг сонсоод яаж хүлээж авсан бэ? Монголдоо анхны брэндтэй боллоо.
-Маш гоё санал байсан. Дэлхийн олон хамтлаг дуучид, нэр алдартай хүмүүс өөрсдийн гэсэн брэнд ч юм уу, ямарваа нэгэн брэндтэй нийлж өөрсдийн нэрийг оруулж загварын төрөл бүрийн зүйлс хийдэг. Монголд анх удаа ийм үйл ажиллагаа болж байгаад баяртай байгаа. Тэр дундаа дэлхийд гоёдог манай ноолуурын “Гоёо” компанитай хамтран ажиллан энэхүү коллекцийг бий болгосондоо баяртай байна.
-Эдгээр загваруудад үзүүлэхийг хүссэн таны гол шийдэл нь юу байв аа?
-Хамгийн гол шийдэл нь маш загварлаг, чөлөөтэй, юун дээр ч өмсөж болох, бүх насны залуучуудад зориулсан, албаны болон чөлөөт цагаараа өмсөж болох биед хамгийн эвтэйхэн, чанарлаг загвар бий болгохыг л хүссэн.
-“Be Bold” брэнд хэдэн загвараас бүрдэж байгаа вэ? Шинэхэн брэндэд ямар өнгө зонхилох вэ?
-Энэ брэнд маань 17 хувцаснаас бүрдэнэ. Өнгөний хувьд тод, цайвар, гээд бүх л төрлийн өнгө байгаа. “Гоёо” брэнд маань өөрөө маш олон өнгөний сонголттой байдаг шүү дээ. Яг л хэрэглэгчдийн ямар өнгөнд дуртай гэдгийг судалгааны үндсэн дээр хийгдсэн өнгөнүүд байгаа.
-Энэ коллекцид таны бие даан гаргасан загвар байгаа юу?
-Бүх загварууд дээр гар бие оролцсон. Эрэгтэй, эмэгтэй аль алин дээр нь иймэрхүү байвал зүгээр гээд бүх санаагаа өгөөд “Гоёо”-гийн дизайнерууд цааш нь оёх, нэхэх түвшинд нь мэргэжлийн зургуудыг хийгээд явсан. Энэ сарын 30-нд “Улаанбаатар” их дэлгүүр дээр “Гоёо” брэндтэй хамтран гаргаж байгаа “Be Bold” коллекцийнхоо нээлтийг хийнэ.
-“Гоёо” компанитай удаан хугацааны гэрээ хийсэн үү?
-Ерөнхийдөө бид нар энэ коллекцио эцсийн шат хүртэл нь хамтарч ажиллана. Миний хувьд үнэ ханшаас илүү миний нэр ноолуурын коллекцид ороод “Be Bold” брэнд тэр дундаа дэлхийн олон оронд худалдаалагдаад явна гэдэг бол мөнгөнөөс илүү нэр хүндтэй явдал байлаа. Коллекци маань өөрөө хир амжилттай, ард түмэнд, олон оронд худалдаалагдах түвшинд хүртэл нь хамтран сурталчилгааны ажлууд дээр гэрээнийхээ дагуу хамтран ажиллана.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Монгол поп урсгалаар хийгдэж байгаа цомог маань удахгүй нээлтээ хийнэ. Эхлээд “Гоёо” брэндийнхээ “Be Bold” гэдэг коллекцийнхоо нээлтийн үйл ажиллагааны дараа миний тав дахь бие даасан цомог болох Монгол поп гэдэг урсгалаар хийгдэж байгаа цомгийнхоо нээлтийн ажиллагаанд орно. Мөн шинэ клипүүд маань гарна. Энэ цомгоороо би Монголын орчин үеийн залуусын хэв маяг юу вэ гэдгийг тодорхойлно. Яг Монгол хүн гэдгээ цаана нь илт харуулхуйц тэр дундаа орчин үеийн монгол хүн гэж ямар хэв маягтай, энэ нийгэмд амьдарч байгаа юм бэ гэдгийг харуулна. Мөн монгол залуучуудын эх оронч үзэл юугаараа илэрхийлэгддэг юм бэ гэдгийг энэ цомгоороо харуулах болно оо гэж бодож байгаа. Ерөнхийдөө энэ цомог дээр орчин үеийн хөгжимтэй үндэсний морин хуур, уртын дуу, хөөмий монгол үндэсний бүхий л хөгжмийн зэмсгүүдийг ашигласан орчин үеийн шинэлэг хөгжим эгшиглэнэ.
-Шинэ цомог, шинэ коллекци хоёр холбоотой байх нь ээ?
-Энэ коллекци маань миний Монгол поп гэдэг энэ нөхцөл байдалтай маш их нийлж байгаа. Яагаад вэ гэхээр Монголчуудын дэлхий дээр хамгийн их танигдсан зүйл бол Монгол ноолуур байдаг. Энэ дээр гар бие оролцоод нэрээ оруулаад явж байна гэдэгтээ сэтгэл өндөр байна.
-Шинэ цомгоо яагаад ийм өөр урсгалаар гаргах болсон бэ?
-Энэ бол мэдээж Монголын үндэсний гайхамшигтай соёл урлаг тэр дундаа миний өвөө Монголын алдартай морин хуурч Жамьяан гэдэг хүний хувь нэмэр байгаа гэж би хувьдаа бодож байгаа. Мөн бас Монгол хүн гэдэг бахархах сэтгэл маань энд хамгийн түлхүү орж ирж байгаатай холбоотой гэж бодож байгаа.
-Продюсерийн ажлаа хийж байгаа юу?
-Сүүлийн энэ хэсэг хугацаанд шинэ коллекци, шинэ цомгийнхоо ажил дээр гол анхаарлаа тавилаа. Өөрийнхөө дуунууд болон “Гурван охин” хамтлагийн дуунууд дээр продюссерийн ажлууд хийгдээд явж байгаа.