Модны хулгайчийн талаар 88017777 руу мэдэгдээрэй

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Модны хулгайчийн талаар 88017777 руу мэдэгдээрэй

“Байгаль хамгаалагч мэдээллийн төв” нь 88017777 дугаарын гар утсанд иргэдээс байгаль орчны эсрэг гэмт хэргийн тухай мэдээллийг хүлээн авдаг төсөл юм. Өөрөөр хэлбэл, иргэд өөрсдийн хүрээлэн байгаа орчноо хамгаалах маш энгийн хэрнээ үр дүнтэй зэвсэгтэй болсон гэсэн үг. Төсөл нь 2010 оны дөрөвдүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд өдгөө 500 гаруй мессежийг иргэдээс хүлээн авч холбогдох хууль сахиулах байгууллагад дамжуулаад байна.

Монгол улсын бүх аймаг, сум, Улаанбаатар хотын бүх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Байгаль орчны алба, Мэргэжлийн хяналтын албатай хамтран ажилладаг уг төслийн 88017777 дугаарт 2010 оны аравдугаар сарын 27-ны өглөө 9585…. дугаартай хэрэглэгчээс “Хулгайн мод маш их орж ирж байна. Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо 106 дугаар сургуулийн хойт дэнж дээрх гурван айлын зүүн жалганд Зил 131 маркийн УБМ 8869 улсын дугаартай  машинаар долоо хоногт хоёроос гурван удаа нойтон мод буулгаж байна” гэсэн мессеж ирсний дагуу уг төслийн ажилтнууд Сонгинохайрхан дүүрэг, Толгойтын 106-р сургуулийн арын дэнжид цагдаагийн эргүүлийн хамгаалалтын 448 дугаар чиглэлийн албан хаагчдын хамт очиж гэмт этгээдүүдийг газар дээр нь илрүүлсэн байна.

Төслийн ажилтнууд болон цагдаагийнхныг очиход уг мэдээлэл нь үнэн байгаад зогсохгүй, хулгайлж авчирсан модоо хашааныхаа буланд буулгаад машинаа засч байгаа нэлээд халамцуу 6 залуу угтсан юм. Тэд өөрсдийгөө энэхүү модтой ямар нэгэн холбоогүй, тэр бүү хэл уг мод ачиж ирсэн машины жолоочийг ч танихгүй  болохоо тайлбарлаж байсан ч машин дээрээс бүх модоо буулгаж амжаагүй байгаа, мөн тэр хавьд амьдардаг иргэдийн хэлж буйгаар уг машин нь өнөө өглөө эрт нойтон мод ачиж ирсэнийг баталж байгаа юм. “Зил 131” машины тэвшинд хөндлөн ачих байдлаар хоёр метрийн богино хэмжээгээр тайрч бэлдсэн нийт 116 ширхэг хар мод байгааг цагдаагийн ажилтан болон “Байгаль хамгаалагч мэдээллийн төв”-ийн ажилтнууд тоолж, уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн хэлтэс шалгахаар боллоо.

Бидний амьдардаг газрын эргэн тойронд хүмүүс байгалиа сүйтгэж, хориотой ан хийх гэх мэтээр байгаль орчны эсрэг гэмт хэрэг өдөр тутамд гарч байдаг ч иргэд харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг үе ард хоцорлоо. Одоо байгаль орчны эсрэг гэмт хэргийн тухай мэдээллийг 8801-7777 дугаарт мессежээр илгээхэд л таны мессеж холбогдох хууль сахиулагчийн сонорт цаг алдахгүй хүрнэ. Мөн мэдээлэл явуулсан иргэдийн утасны дугаар болон хувийн мэдээллийг “Байгаль хамгаалагч мэдээллийн төв” төсөл нь чанд нууцалдаг учир та санаа зовох зүйлгүйгээр мессеж илгээж болох юм байна. Дашрамд дурьдахад, уг төвийн үйл ажиллагааг Байгаль орчин, Аялал жуучлалын яамны “Байгаль орчны шинэчлэл-2” төсөл болон уул уурхайн “Оюу толгой” ХХК санхүүжүүлж, дэмжлэг үзүүлдэг юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж