Хар тамхи зөөвөрлөсөн 44 хүнийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Хар тамхи зөөвөрлөсөн 44 хүнийг шалгаж байна

Хар тамхи мансууруулах бодис тээвэрлэсэн, хэрэглэсэн хэрэг  сүүлийн үед бишгүй олон гарах боллоо. Зөвхөн энэ сард гэхэд каннабис боловсруулж худалдсан 11 эрэгтэй Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байна. Хаа нэг сонсогдох хар тамхины  хэрэг өдгөө  өдөр бүр сонин хэвлэлийн эхний нүүрэнд үзэгдэх болоод багаггүй хугацаа өнгөрлөө.   Манай сонинд  Зүүн өмнөд Азийн орнуудаас хар тамхи зөөвөрлөж БНХАУ-ын Гуан жу хотод баригдсан эмэг­тэйн ар гэрийнхэн олон нийтэд   сэрэмжлүүлэг болгох үүднээс дараахи мэдээллийг өгсөн юм.

-Танай охин хэзээ баригдсан бэ?

-Манай охин одоогоос гурван сарын өмнө БНХАУ-руу наймаа хийнэ гэж яваад сураг тасарсан. Бид Гадаад харилцааны яаманд  хандсан юм. Гэтэл өмнөд хөршийн Гуан жу хотын шоронд хоригдож байгаа сураг гарлаа.

-Ямар хэргээр?

-Хар тамхи залгиж, Гуан жу хотын хилээр орохыг завдсан хэргээр тус хотын цагдаагийнханд баригдсан гэсэн.

-Охин тань ганцаараа баригд­сан уу?

-Үгүй хамт гурван эрэгтэй ба­ригд­сан юм билээ.

-Чухам ямар хүмүүстэй нийл­ж хэрэгт холбогдсон талаар дэл­гэрэнгүй мэдээлэл бий юу?

-Бид Улсын мөрдөн байцаах газарт хандан хятадад баригдсан хүүхдүүдийн эцэг эхтэй нийлж өргөдөл гаргасан. Одоо энэ хэргийг шалгаж байгаа гэсэн.Тиймээс хамаа­гүй зүйл ярьж болохгүй. Гол нь эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд мөнгө амласан  гэмт хэрэгтнүүд олон байна.  Хүүхдийг чинь “онилж” байх вий. Сонор сэрэмжтэй байгаарай гэж хэлье гэв .

Эл эмэгтэйн өгсөн мэдээллийг тодруулахаар Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх тасгийн дарга ахмад Л.Эрдэнэцогтой холбогдоход “Хятадад баригдсан манай улсын дөрвөн иргэнтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Харин нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жадамбаагаас доорхи мэдээллийг авлаа.

-Хятадад  хар тамхи зөөвөр­лөдөг бүлэг монголчуудын хэрэгт та хяналт тавьж байгаа юм уу?

-Хятадын Гуан жу хот руу Филиппин, Бангладешээс хэсэг бүлэг монголчууд хар тамхи зөөвөрлөж баригдсан  гэх хүмүүсийн эцэг эх нь Улсын мөрдөн байцаах газарт өргөдөл гаргасан байдаг. Хүүхдүүд нь сураггүй болтол хятадад шоронд байна, шалгаж өгөөч гэсэн утгатай өргөдөл гомдол гаргасан юм билээ. Энэ гомдлын дагуу хэд хэдэн хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Одоогоор яг гэм буруутай эсэхийг тогтоох боломжгүй. Энэ хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс бүгд Гадаадад амьдардаг. Тиймээс манай улс  гадаадын нутаг дэвсгэрт мөрдөн байцаах ажиллагаа явуулах эрхзүйн үндэслэл байхгүй учраас хэрэг нь гацаанд ороод байна.

-БНХАУ-д хар тамхи зөөвөр­лөсөн гэх монголчууд ма­найх руу мансууруулах бодис тээ­вэр­лэсэн юм болов уу, хэчнээн хүн энэ хэрэгт холбогдон шалгуулж байгаа вэ?
-Тэрийг мэдэх юм алга. Эрэгтэй эмэгтэй нийлсэн 44 хүн холбогдсон байх. Энэ хэрэгт холбогдон байцаалт өгсөн нэг хүний мэдүүлгээс харахад “БНХАУ- руу Зүүн Өмнөд Азийн улсаас гялгар ууттай нунтаг бодис залгиж хил нэвтэрдэг”  гэсэн байдаг юм билээ.

-Тэдгээр монголчуудаас хэд нь  саяхан Гуан жу хотод баригдсан гэсэн мэдээлэл байна л даа?

-Хэдэн хүн хоригдож байгаа.

-Дээрх хэрэг Мансууруулах бодис тээвэрлэсэн хэргээр сэжигт­нээр татагдсан Ё.Оюунчимэг, Л.Ган­туул нартай  холбоотой юу?
-Үгүй.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж