Мал эмнэлгийн газрын даргад хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Мал эмнэлгийн газрын даргад хариуцлага тооцно

Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэн нь 2005-2009 онуудад тус газрын ерөнхий нягтлан бодогч, даргаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бараа, ажил үйлчилгээг үнийн харьцуулалт, сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авсан, өөрийн төрсөн хүү Э.Мөнх-Оргил нь захирлаар ажилладаг “ДУМЕ” ХХК, өөрийн үүсгэн байгуулсан “Мон Ти Юү” ББН зэрэг тодорхой тооны аж ахуйн нэгжүүдээс зах зээлийн үнээс өндөр үнээр бараа материал их хэмжээгээр худалдан авдаг байсан, худалдан авсан эм, бараа материалыг дүүргүүдийн мал эмнэлгийн нэгжүүдэд олгох ёстой малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил, үйлчилгээний хөлсөнд тооцон нийлүүлдэг байсан, банк бус санхүүгийн байгууллагууд руу бараа материал худалдан авсан мэтээр мөнгөн гүйлгээ хийж бэлэн мөнгө гарган авч тухайн үеийн зах зээлийн үнээс өндөр үнээр малын эм, бараа материал бэлтгэсэн зэргээр хууль зөрчсөнийг Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Д.Урансүрэнд холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байна. Хэргийг шалгасан Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч уг хэргийг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт Мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэлд, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэнгийн үйл ажиллагаанд санхүүгийн ямар ч хяналт хийгдэж байгаагүй, Нийслэлийн Төрийн сан нь төлбөрийн хүсэлтийг үндэслэх баримтыг нягтлан шалгалгүйгээр гүйлгээг хийдэг, төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа худалдан авах ажиллагаанд төсвийн ерөнхийлөн захирагчийн зүгээс зохих хяналтыг тавьж байгаагүй зэрэг нөхцөл байдлууд дээрх гэмт хэргийг гарахад нөлөөлсөн гэж дурдсан байна. Иймд дахин ийм төрлийн гэмт хэрэг гаргуулахгүй, тухайн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй банк бус санхүүгийн байгууллагуудын нэрс, регистрийн дугаар бүхий лавлагааг гаргуулан авч, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж хэвших, Нийслэлийн Мал эмнэлгийн газрыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын харьяа Мал эмнэлэг, үржлийн алба болгох тухай саналыг судлан үзэх, нийслэлийн харьяа байгууллага, агентлагуудын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, сайжруулах талаар үр бүтээлтэй ажил зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөмж болгон хүргүүлжээ.

Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг болон холбогдох албаны хүмүүстэй Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн уулзаж, ярилцав. Мэдэгдэлд дурдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг ярьж байлаа. Тухайлбал, ирэх сард багтаан Нийслэлийн Мал эмнэлгийн газрын бүтцийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр төлөвлөсөн, санхүүгийн үйл ажиллагаанд графикт тусгаснаас гадна мэргэжлийн хяналтын болон аудитын гэнэтийн хяналт шалгалт зохион байгуулдаг болсон, холбогдох мэргэжилтнүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, сургалтад хамруулсан, банк бус санхүүгийн байгууллагуудын жагсаалтыг гаргуулан авч, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж байгаа юм байна.  Албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэнд хариуцлага тооцно, гэхдээ үүнийг зүгээр ч нэг сануулах төдий байдлаар өнгөрөөхгүй гэж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг хэллээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж