Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд, өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан, эсхүл хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан нөхцөлд даатгуулагчид олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжээс ажлын З6 өдөрт оногдохыг нь хасахаар заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн гомдлыг  нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд гаргасан билээ.

Уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн  дүгнэлт гаргалаа.

 Уг дүгнэлтийн үндэслэлд: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг баталгаажуулсан байх бөгөөд уг зүйлийн 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно” гэж заасны дагуу ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн хэмжээг хасах нөхцөлийг тогтоох нь Улсын Их  Хурлын бүрэн эрхийн асуудал байна.” гээд “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд даатгуулагчид олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжээс ажлын З6 өдөрт оногдохыг нь хасахаар заасан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна.” гэжээ. Энэ тухай Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж