Хятадууд ам.долларыг шахаанд оруулж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Хятадууд ам.долларыг шахаанд оруулж байна

Ам.доллар юаньд байраа тавьж өгөх цаг болсон уу. Энэ асуултын хариултыг олохын тулд бодлого боловсруулагчид төдийгүй эдийн засагчид хүртэл толгойгоо гашилгаж байна.

Ам.доллар дэлхийн нөөц валю­тын хувьд тогтвортой байдлаа  хангах хэрэгтэй гэдэгт бүгд санал нийлж байгаа. Одоогийн байдлаар олон улсын санхүүгийн зах зээлд Хятад, АНУ хоёр голлон тоглож байна. Хятадын Засгийн газар юанийн ханшийг сул хэвээр нь барихыг хичээж, харин АНУ үүнийг нь эсэргүүцэж байгаа. Эдийн засгийн өсөлт удаашрах үеэс тус улсын бодлого боловсруулагчид нь үйлд­вэрлэлээ өргөтгөх замаар ажил эрхлэлт, дотоодын хэрэглээгээ нэмэхийн тулд юу хийх ёстой вэ хэмээн толгойгоо гашилгах болсон. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд юанийн ханшийг зах зээлийн бодит үнэлгээнд аваачихаар Хятадыг шахаанд оруулж эхэлсэн юм. Өнгөрсөн аравдугаар сард л гэхэд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимаас баталсан шинэ хуульд Хятадын экспортлогчдод  торгууль ногдуулах тухай заалт багтсан билээ. Тэр үеэс АНУ, Хятадын хооронд худалдааны дайн эхэлсэн гэхэд болно. Энэ  нь нэлээд эрсдэлтэй алхам болохыг ажиглагчид онцолж байв. “Los Angeles Times” сонинд гарсан нийтлэлд “Энэ дайнд америкчууд ялагдах болно” хэмээн халагласан нь бий. Учир нь АНУ-ын гадаад өрийн дийлэнхийг Хятадын Засгийн газар эзэмшдэг. Тиймээс тэд хүсвэл мөнгө зээлэхээ больчих ч юм би­лүү. Ямар ч гэсэн тэр үеэс олон улсад ам.долларын тогтвортой байдалд санаа зовох хандлага бий болсон юм. Хятад юаниа богино хугацаанд чангаруулахгүй хэмээн гэдийж байгаа. Тэдний энэ хатуу байр суурийг ойрын хугацаанд өөрчилж чадахгүйгээ ойлгосон АНУ-ын Засгийн газар ам.долларыг сулруулахын тулд өөрсдөө хөдөлж эхэлжээ. Тус улсын Холбооны нөөцийн сангаас “QE II” хэмээн нэрлэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлж, мөнгөний бодлогоо тэлэх тухай ярих болсон. Үүний хүрээнд зах зээлд нэг их наяд ам.доллар шинээр хэвлэн гаргах юм. Бас бодлогын хүүгээ ч бууруулна. Гэвч энэ нь дэлхийн нөөц болсон валютын байр суурийг ганхуулахуйц үйлдэл болно гэдэгтэй эдийн засагчид санал нийлж байна. Олон улсын худалдааг ам.доллараар хийдэг болсон цагаас ханшийг нь тогтвортой барихыг хичээх болсон. Эрэлт нь ч нэмэгдсэн. Гэтэл АНУ-ын төв банкны хэрэгжүүлж буй бодлогын ачаар ам.долларын нийлүүлэлт ихэсч, эрэлт буурна. Улам л үнэгүйднэ. Өөрөөр хэлбэл, Хятадын бодлого нь ам.долларын байр суурийг ганхуулж эхэлнэ гэсэн үг.

Өнгөрсөн оноос Франц, Бразиль тэргүүтэй орнууд шинэ нөөц валюттай болох тухай санал гаргаж эхэлсэн. Олон улсын валютын сан (ОУВС)-гаас эхний алхмаа хийж, гол валютуудын сагсаар нэрлэсэн бонд арилжаанд гаргасан аж. Уг бондод Хятад, ОХУ олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. “Оmnis” хөрөнгө оруулалтын газрын шинжээч Жеймс Рикардс “ОУВС-гийн энэ үйлдэл нь ойрын 2-5 жилийн дотор ам.доллар дэлхийн нөөц валют байхаа болиход хүргэнэ” хэмээн онцолжээ. Ам.долларын эсрэг хөдөлгөөнд НҮБ хүртэл оролцож байгаа бололтой. НҮБ-ын “Дэлхийн эдийн засаг, нийгмийн тухай судалгаа 2010”-т “Дэлхийн валютын нөөцийн тогтолцоо өөрчлөгдөж, ам.доллар хэмээх ганц валютаас хамаарахаа больж байна” гэсэн аж.

Мэдээж хэрэг, худалдааны дайнд зөвхөн Хятад, АНУ хоёр оролцоогүй. “Telegraph” сонинд дурьдсанаар “Бразиль, Мексик, Перу, Колумби, Өмнөд Солонгос, Тайвань, Өмнөд Африк, ОХУ, Польш улс валют арилжаанд хөндлөнгөөс оролцохыг зорьж байна” гэжээ. Цаашлаад энэ сарын 5-нд Японы төв банк мөнгөний бодлогоо тэлж, үүндээ 418 тэрбум ам.долларыг зарцуулсан нь “Тоёота”, “Sharp”, “Sony” зэрэг компанийнхаа өрсөлдөх чадварыг сайжруулах зорилготой байв. Ийнхүү их гүрнүүд мөнгөний бодлогоо сулруулж байгаа нь жижиг эдийн засагтай орнуудын валютад сөргөөр нөлөөлж, ханшийг нь өсгөх болсон. Түүнчлэн сүүлийн үед Канад, Австрали долларын ам.доллартай харьцах ханш огцом чангарч байгаа билээ.

Уг нь бол ам.долларын ханш тогтвортой байж олон улсын худалдаа хэвийн явагдах боломжтой. Гэтэл цаашид ханш нь унана гэх хүлээлтийн дор газрын тос тэргүүтэй гол түүхий эдийн ханш буурч эхэлсэн нь дэлхийн эдийн засгийг тогтворгүйжүүлж магадгүй юм. Нөгөө талаас, хэрэв АНУ-ын төв банк мөнгөний бодлогоо тэлээд эхэлбэл тус улсад инфляци улам газар авна. Ирээдүй нь тун бүрхэг болно. Энэ мэт олон шалтгаан АНУ-ын санхүүгийн тогтолцоонд үл итгэх байдал бий болгож, ам.доллар цаашид дэлхийн нөөц валют  хэвээр байх эсэхэд эргэлзэгчдийн тоог нэмэгдүүлж байгаа юм.

Тэгвэл ам.долларын оронд юань байх бүрэн боломжтой юу. Хөрөнгө оруулагчдын хувьд Грекийн хямралаас болж еврогийн тогтвортой байдалд итгэх итгэл нь суларсан. Тиймээс юань дэлхийн нөөц валют болж чадахгүй. Үүнд эргэлзэгчид ч цөөнгүй байна. Юуны өмнө Хятад бол коммунист засаглалтай орон. Тэд юанийн ханшийг сулруулахын тулд олон улсын валют арилжаанд хөндлөнгөөс оролцсон. Валютаа ам.доллараас уясан. Тиймээс тус улсын эдийн засгийн өсөлт зах зээлийн жамаар хурдсаагүй гэхэд болно. Энэ нь төв банк болон хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж байгаа юм. Түүнчлэн Хятадын эдийн засаг экспортоос хамааралтай болсон. Тэр тусмаа АНУ руу гаргах экспортоос бүхэлдээ хамаарч байгаа гэхэд болно. Эдийн засагчдын өөр нэг анхааруулж буй зүйл нь Хятадын нийгэм баян чинээлэг хотынхон ба ядуу хөдөөгийхөн гэх хоёр хэсэгт хуваагдаж буй явдал юм. Эдийн засгийн өсөлтөөрөө Японыг ардаа орхисон гэдэг ч  үнэн хэрэгтээ тус улсын 1.3 тэрбум хүн амын хэд нь баялгаасаа хүртэж чадаж байна вэ гэдэг нь эргэлзээтэй. Тэгэхээр өнөөдөр ам.доллар тогтворгүйжиж байгаа ч түүний оронд нөөц валют болох чансаатай нь байхгүй гэж үзэж болох юм.

Гэвч Хятадыг магтагчид ч цөөнгүй байна. Их 20-ийн орнуудаас Хятад л валютын ханшаа өсгөх бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Уг нь ганц Хятад биш, бусад нь ч ингэх ёстой юм. Түүнээс гадна тус улсын Засгийн газрын хувьд олон улсын худалдаанд ам.долларын хэрэглээг бууруулахын тулд цөөнгүй алхам хийж байгаа. “Wall Street Journal”-д мэдээлснээр Турк, Хятад хоорондын худалдаанд өөрсдийн валютыг ашиглах тухай тусгай гэрээ байгуулсан билээ. Тэд ам.доллараас татгалзжээ. Цаашилбал Азийн ихэнх орон, Белорус, Аргентин, Бразильтай байгуулсан гэрээндээ Хятадын Засгийн газар энэ талаар тусгасан байх юм.

Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс өмнө Их Британий паундыг нөөц валютаас шахах бодлогыг америкчууд хүссэн, хүсээгүй хэрэгжүүлж байсан. Тэр түүх өнөөдөр давтагдаж байна уу гэж үзэх ажиглагч ч байна. Ямартай ч юанийн талаар гомдоллох хүн цөөнгүй байгааг үл харгалзан улс орнуудын төв банк юанийн тогтвортой байдал хэр удаан үргэлжлэх бол хэмээн харзнаж байна.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж