Азийнхан дэлхийд тэргүүлэгч болох стратеги боловсруулна

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Азийнхан дэлхийд тэргүүлэгч болох стратеги боловсруулна

Ази  тив улс төр, эдийн засгийн салбарт дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон төв болон хувирчээ. Хятад, Энэтхэг, Япон тэргүүтэй орнуудын эдийн засгийн үзүүлэлт сүүлийн үед олон улсын тавцанд дээгүүрт орж байгаа билээ. Ийм ч учраас дээрх гурван улс Азийн стратегийн форумыг энэ сарын 28-29-ний өдрүүдэд Энэтхэгийн Дели хотноо зохион байгуулах гэж байна. Энэ оны гуравдугаар хагасын байдлаар, Хятадын эдийн  засгийн өсөлт 9.6 хувьд хүрч, өмнө нь байгаагүй  амжилт тогтоосныг Bloomberg агентлагийн гаргасан судалгаа харууллаа. Хятадын Юанийн ханш сүүлийн үед огцом чангарч, нэг юань 193 төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрчээ. Харин Энэтхэг улсын хувьд том зах зээлтэй, Азийн бусад орныг  бодвол  үйлдвэрлэл харьцангуй хөгжсөн ч дэд бүтцийн зохион байгуулалт муутай гэсэн шүүмжлэлийг байнга сонсдог. Гэхдээ 2009-2010 онд тус улсын эдийн засгийн өсөлт 7.4 хувьд хүрсэн нь олон улсын зүгээс нэлээд сайшаал хүртэхэд хүргэжээ. Тус улсын  холбогдох албаныхан хурдацтай нэмэгдэж байгаа эдийн засгийн өсөлтийг 2013-2015 он хүртэл 9-9.5 хувьд хүргэх томоохон зорилтыг өмнөө тавьснаа мэдээлэв. Гэвч 1980-2000 он хүртэл  хүчирхэг эдийн засгаараа гайхуулж байсан арлын Японы өсөлт сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд удаашрах хандлага ажиглагдсан. Гэхдээ тус улс эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнээс арай хасагдчихаагүй байгаа. Тус улсын эдийн засгийн өсөлтийн оргил үе 1990-ээд онд байсан бөгөөд 1990 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт эрчимтэй нэмэгдэж 3.40 хувьд хүрч, тухайн үедээ шуугиулж байсныг мэргэжилтнүүд онцолдог. Эдийн засагчид Азийн эдийн засгийн өсөлтийн гол нууцыг хүн ам, зөв бодлого хэмээн тайлбарладаг. Хүн төрөлхтөний 60 гаруй хувь нь Ази тивд оршин суудаг учраас дэлхийн зүүн хагаст хамгийн том зах зээл төвлөрдөг аж. Тиймээс ч “Global Fortune 500” хэмээх Fortune сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн шилдэг 500 компанийн жагсаалтад Азийн бизнес эрхлэгчид хүч түрэн орж байна.

Дэлхийд чухал ач холбогдол, хүчтэй нөлөө үзүүлэх болсон Азийнхан Дели хотод болох Азийн Стратегийн форумд эдийн засгийн өсөлтийг цаашид нэмэгдүүлэхэд шаардлагатай 24 эх үүсвэрийг тодорхойлж, стратеги боловсруулах гэж байгаа юм. Урагш тэмүүлэхэд сорилттой тулгарах учраас найдвартай стратеги бо­ловсруулахыг зорь­сон гэж зохион байгуу­лагчид нь хэлэв. Үүнд олон хувилбарт Стра­тегийг бат­алсны дараа Азийн улс орнуудын Засгийн газар,  аж үйлдвэрийн салбарууд болон эдийн засгийн академиуд ан­хаарал хандуулах юм байна. Уг форумын үеэр А­зийн олон улсын харилцаа, шинэ санал санаачилга, хамтын ажиллагааны стратегийн бодит байдал, удирдлага, засаг захиргаа, эрх мэдэл, дэд бүтэц, эрчим хүч зэрэг хэтийг харсан олон асуудал хэлэлцэж, тухай бүрт нь төлөвлөгөө боловсруулах аж. Оролцогч талууд боломж ба сорилт удирдлага ба захиргаа, цаг уурын өөрчлөлт ба дэмжих чадвар, Ази дахь хөрөнгө оруулалтын боломжууд зэрэг нийт 24 асуудлыг авч хэлэлцэнэ. “ Боломж ба сорилт “сэдэв нь Азийн өнөөгийн өсөлтөд тулгарч буй саад тотгорыг  даван гарах арга замыг эрэлхийлж, Азийн дэлхийд нөлөөлөх гол хөшүүргийн стратегийг ярил­цаж боловсруулахад чиглэх юм.  Харин Азийн улс орнуудын Засгийн газруудыг эдийн засгийн өнөөгийн амжилтад  гол түлхүүр болгон голлох үүрэг  хариуцлагыг үүрүүлснээр  удирдлагын    асууд­лыг нэг мөр шийдэж болох сайн талтай аж.Улс төр, мөнгө санхүүгээс илүүтэйгээр дэлхийн нэн тэргүүний асуудал болсон цаг уурын өөрчлөлт болон үүний эсрэг тэмцэх боломжуудыг дэмжин ажиллах талаар Азийн стратегийн форум сэдэв дэвшүүлж, санал бодлоо хуваалцана. Үүгээрээ Ази дэлхийн эдийн засагт томоохон байр суурь эзлэхийн зэрэгцээ хүрээлэн буй орчны асуудалд ч анхаарлаа хандуулан ажиллаж буйгаа илэрхийлэхийг зорьжээ. Өнөөдөр эдийн засгийн өсөлтийн хэрээр дэлхийн  томоохон  хөрөнгө оруулагчдын  анхаарлыг  өөрсдөдөө татаж байгаа тал бол Ази  тивийн орнууд билээ. Тийм ч учраас анх удаа болох стратегийн  форумын нэгэн томоохон зорилт нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах уян хатан бодлого  боловсруулахад чиглэж байгаа юм. Азид тулгарсан олон сорилтын нэг бол яах аргагүй  хүний  хөгжил, эрүүл  мэндийн халамж байдгийг энэ салбарын мэргэжилтнүүд онцлов. Тиймээс Делийн  форумын үеэр хүн ардад эрүүл мэндийн халамжийг тэгш хүртээх талаар Азийн орнууд хэрхэн хамтарч ажиллах тухай стратегийг боловс­руулна.

Боловсрол аливаа зүйлийн эх­лэл  бөгөөд гол түлхэц нь байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Шинээр төрж байгаа боловсон хүчнүүдийн чанар болон ажлын байрт анхаарал хандуулж, тэдний  ур чадварын дутмаг байд­лыг   арилгахад  Азийн  орнууд  санаа нэгтэй байгаа учир форумын үеэр тусгайлан хэлэлцэхээр тогтжээ. 

Эрчим хүчний асуудал ч гэсэн аливаа улс орон төдийгүй дэлхий нийтийн ололт амжилтын үндсэн тулгууруудын нэг. Эрчим хүчний аюулгүй байдал болон түүний эх үүсвэрийн талаар хэлэлцэж, улс орнууд үүнд анхаарал хандуулан ажиллахыг үүрэг болгож, стратеги боловсруулснаар эрчим хүчний асуудлыг шийдэхэд нэг алхам ахиж буй хэрэг юм. Эдийн засагт хилийн дотоод, гадаад худалдаа арилжаа маш чухал. Тиймдээ ч худалдан авагчдаа хүндэтгэх байдлыг улам төгөлдөржүүлэхэд тус тивийнхэн анхаарал хандуулж байна. Худалдан авагчийн үзэл болон тэдний хүсэл эрмэлзлийг ойлгох ул суурийг бататгах, үүнд хүрэх арга замыг хэрэгжүүлэхэд Азийн стартегийн форум анхаарна. 

Форумын төгсгөлд Энэтхэг, Хятад, Япон улс нэг нэгэнтэйгээ  харилцан  биз­нес хэрхэн эрхлэх талаар ярилцаж тохи­рол­цохоор болсон байна. Азийн борлуулалтын тогтолцоонд хувьс­гал гэж хэлж болохоор шинэчлэл  хийх зорилтыг ч талууд дэвшүүлжээ. Мөн энэ үеэр Энэтхэг, Хятад улсын төлөөлөгчид өөр хоорондын ялгаатай болон ижил төстэй талуудыг хэлэлцэж, хамтарсан стратегийг боловсруулахаа ч мэдэгдлээ. Азийн  стартегийн  форумаар хэлэлцэх хамгийн том асуудал бол дээрх асуудлуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ерөнхий стратеги юм. 

Ажиглагчдын таамаглаж байгаагаар Энэтхэг, Хятад улс дээох стратениа боловсруулж, бүрэн утгаар нт хэрэгжүүлж чадвал ази өрсөлдөгчөө тоосон дунд орхиж чадна. Магадгүй БНХАУ-ын засгийн газрын дэвшүүлсэн 2015-2020 он гэхэд юанийг дэлхийн тэргүүлэгч валют болгох томоохон зорилго ч биеллээ олох өдөр энүүхэнд ирчихээд байгааг тэд анхаарууллаа.

Т.ОТГОНБАЯР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж