Утаагүй түлш уугих болоогүй юу

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Утаагүй түлш уугих болоогүй юу

Утааны улирал эхэллээ. Төрийн ордноос ганц буудал газар явахад л нэлийж үргэл­жилдэг   гэр хорооллын айлууд нүүрсээ түлсээр бай­на. Уг нь нийслэлийн гурван дүүргийн 12 хороонд боловсруулсан түлш нийлүүлэх, түүхий нүүрс хэрэглэхгүй байх захирамжийг хо­тын мэр удаж байгаа. Үүний дагуу нүүр­сэн шахмал түлш, үрт­сэн шахмал түлш, хагас кокос­жуулсан түлш гэсэн гурван төрлийн түлшнээс иргэд сон­голтоороо түлж болох байсан. Гэтэл хотын төвд хам­гийн ойр буюу СБД-ийн есдү­гээр хороонд өчигдөр  очиход боловсруулсан түлш зарж байна гэж дурайх ямар ч хаяг олж харсангүй. Түүнээс гадна боловсруулсан түлш зарах ёстой байсан дэлгүүр нь одоо болтол түлшээ нийлүүлээгүй хэмээн хэнэг ч үгүй түүхий нүүрс зарж байлаа. Их хэм­­жээгээр зарсныг нь илт­гэж дэлгүүрийн үүдэнд нүүрс­ний хог овоор­чээ. Энэ бол Сүхбаатар дүүр­гийн есдүгээр хороо буюу Дөл­гөөн­нуур орчимын нутаг дэвс­гэр юм. Хотын төвийн дүү­рэгт байдал ийм байхад боловсруулсан түлш зарах ёстой бусад 177 цэгт байдал ямар байгаа нь ойлгомжтой.

Утаагүй түлш зарах ёстой байсан хүнсний дэл­гүүр нүүрс зарж байлаа. Тус дэлгүүрийн худалдагч Г.Мөнхтөрөөс энэ талаар тодруулахад “Манайхаар заруулах л юм ярьж байсан. Одоо болтол ирээгүй байна. Хүмүүс нүүрс асуугаад байхаар нүүрсээ зарахгүй өөр яах вэ дээ. Тэгээд ч хүний юу түлэх нь тийм чухал юм уу. Зарим хүний ярьж байгаагаар тэр түлш чинь сайн халдаггүй л гэсэн. Одоо муу халж байгаа бол дүн өвлөөр ямар байх нь ойлгомжтой юм биш үү. Ерөөсөө хэдэн дарга нарын бизнес л биз. Өөр юу байхав дээ” гэв.

Харин Сүхбаатар дүүргийн есдү­гээр хорооны иргэн Ч.Лхамаа “Манайх заримдаа хэрэг­лэдэг л юм. Энэ хавьд утаа­гүй түлш зарж байгаа газар бараг байхгүй. Тэгээд ч тэр түлш чинь мод их хэрэглүүлдэг, их үйрдэг юм билээ. Гэхдээ түлэх ёстой бол түлдэг л байх даа. Ма­найх жижиг гэртэй болохоор түлж болж байгаа. Харин байшинд амьдардаг иргэдэд тохирохгүй юм шиг санагдсан” гэлээ.

Тус хорооны нэгэн иргэнээр заал­гаж гудамж сүлжсээр боловсруулсан түлш зарж буй цэгт очиход худалдагч нь “Хэдхэн уутыг авсан. За­раад дууссан” хэмээн ярьж байв. Гэхдээ энэ дэлгүүрт бо­ловсруулсан түлш зарж байгааг мэдэх хүн цөөхөн байлаа. Дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэдээс энэ түлшийг хэрэглэж үзсэн эсэхийг нь асуухад  үгүй хэмээн хариулах нь олон байлаа. Түүнээс гад­на тус дэлгүүрийн гадна хананд “Боловсруулсан түлш зарах цэг” хэмээх бичигтэй хуурч унах шахсан хулдаасан хэв­лэл тохсон байсан нь хэрэглэгчийг татах биш түлхэж мэдэх юм.

Дээрхи асуудлаар нийслэ­лийн Агаарын чанарын алба­ны мэргэжилтэн Ш.Энх­түвшингээс зарим зүйлийг тодрууллаа.

-Иргэд нүүрс түлж байна. Захирамж амьдарлд хэрэгжихгүй байгаа нь ямар учиртай вэ?

-Энэ бол тухайн иргэ­дийн ойлголттой холбоотой байж болох юм. Бас нэг их хүйтрээгүй болохоор борлуулалт сайн­гүй байна. Тийм боло­хоор одоохондоо зохих шаард­лагаа тавиад л ажиллаж бай­гаа. Ерөнхийдөө нийлүүлэлт эхэлсэн. Хаана, хаана зарж байгаа  тухай хаягжуулалтыг хийж байна.

-Хороодын хувьд иргэ­дээс хогны мөнгийг нь ч гүйцэд авч чаддаггүй юм чинь утаагүй түлш хэрэг­лэхийг шахаж чадахгүй юм биш үү. Яагаад хороогоор дам­жуулж энэ ажлаа хийж байгаа юм бэ?

-Хороо бол иргэдэд үйл­чил­дэг анхдагч нэгж. Бас хороод л иргэдэд тулж ажил­лана шүү дээ. Бид бас нийслэлийн Мэргэжлийн хянал­тын газартай хамтраад түү­хий нүүрс түлүүлэхгүй байх зорилготой шалгалт хийж байна. Энэ шалгалтаар илэр­сэн зөрчлүүдийг дор, дор нь арилгуулах юм. 

Харин Агаарын ча­на­рын албаны дарга Н.Бат­сай­ха­наас утсаар зарим зүйлийг тод­руулах гэсэн боловч харьяа хороод нь хариуцан ажил­лаж бай­гаа гэхээс өөр зүйлийг хэл­сэнгүй. Мөн тус газар нийс­лэлийн Мэр­гэжлийн хяналтын газар­тай хамтран түү­хий нүүрс түлүүлэхгүй байх зо­рил­готой хяналт шал­галт хийж байгаа гэсэн боловч хотын төвд хамгийн ойр есдүгээр хорооны хувьд үр дүн харагдсангүй. Ямар ч байсан боловсруулсан түлш нийлүүлэх 12  компани өнөөд­рийн байдлаар ажлаа хийж эхлээгүй бололтой. Тиймээс тэднийг түлшээ нийлүүлж эхэлтэл иргэд нүүрсээ түлэх нь ойлгомжтой байгаа юм. Ийнхүү нийслэлийн За­саг дарга Г.Мөнхбаярын гарга­сан захирамж өнөөдрийг хүр­тэл биеллээ олоогүй байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж