М.Болд: Инфляцийг бодлогын хүүгээр барих нь буруу

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

М.Болд: Инфляцийг бодлогын хүүгээр барих нь буруу

ХасБанкны гүйцэтгэх захирал М.Болдыг “Ярил­цах танхим”-даа урилаа. Тэрбээр Монголын турш­лагатай банкируудын нэг бөгөөд Монголбанкны дэд ерөн­хийлөгч, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон ул­сын санхүүгийн бай­гуул­лагад 20 гаруй жил ажиллаж, банкны сал­барын эдийн засгийн бодлого, бүтцийн шинэч­лэлийн асуудлаар мэр­гэш­сэн нэгэн юм.

-УИХ-аар батлуулах гэж байгаа “Банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх, дахин хөрөнгөжүүлэх хөтөлбөр” банкуудыг нэгтгэх зорилго агуулж байгаа. Бодит байдал дээр ийм шаардлага бий юү?

-Банк жижиг, том байх нь чухал биш. Хамгийн гол нь тухайн банк эрүүл саруул, төлбөрийн чадвартай байх ёстой. Банкны салбарын хууль тогтоомж, олон улсын төрөл бүрийн заавар, жу­рам, стандартуудыг бие­лүүлж чадаж байвал болно. Яагаад гэвэл, жижиг, том банкны үйлчилж байгаа харил­цагчдынх нь хүрээ өөр байдаг. Тийм учраас том банкаар бүх зүйлийг шийднэ гэсэн ойлголт байж болохгүй. Жижиг банкаар ч бүхнийг шийдэх боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, туйлшрал байж болохгүй гэсэн үг.

Зөвхөн банк биш, аливаа зүйлд ийм ойлголт байдаг. Ой мод урттай, богинотой, олон хүн сайнтай, муутай гэдэг шүү дээ. Өндөр, нам, бүдүүн, нарийн олон мод нийлж байж ой болдог. Хүн ч адилхан. Эр эм, хөгшин, залуу нийлж байж хүний нийгэм бүрддэг. Үүнтэй адилхан. Тэр хөтөлбөрийн тухайд “Дандаа өндөр хүн байх ёстой. Намхан хүн байж болохгүй” гэж байгаа юм шиг сонсогдоод байгаа юм. Хамгийн гол нь банк өөрөө эрүүл, нийгэмд ач тусаа өгдөг байх ёстой. Тэр чанарыг л эрхэмлэх нь чухал.

-Монголын арилжааны банкууд тийм эрүүл саруул байж чадаж байна уу?

-Өнөөдөр Монголд жижиг, дунд, том хэмжээтэй банк аль аль нь байна. Ёстой “Улаан нь ч байна, шар нь ч байна” гэдэг шиг бүгд байна. Гэхдээ бүгдээрээ хууль журмын дагуу л үйл ажиллагаагаа явуулах учиртай.

-Харин олон янзын хэмжээтэй банктай, тэдний зарим нь алдаа дутагдал гаргаад байгаа учраас жижгүүдийг нь нэгтгэж томруулах гээд байгаа юм биш үү?

-Зөвхөн том банк л байх ёстой гээд байгаа юм бол манайд том гэгдэх банкууд дэлхийд ямар байр суурь эзлэх вэ гэдгийг бас бодох ёстой. Үнэндээ манайдаа том гэгдэж байгаа банкууд дэлхийн хэмжээнд өчүүхэн жижигт тооцогдоно. Тэгэхээр ямар банкийг том, ямрыг нь жижиг гэх нь ойлгомжгүй байхгүй юу. Гэхдээ тэр хөтөлбөрийн эцсийн хувилбарыг нь би олж хараагүй. Анхны болон дунд шатны хувилбарыг нь харж байсан. Одоо яаж өөрчлөгдсөнийг нь сайн мэдэхгүй байна.

-Уг нь жижиг банкуудыг хүчээр нэгтгэхгүй гэдгээ Монголбанкны ерөнхийлөгч хэлсэн. Нэгдвэл урамшуулна гээд байгаа. Энэ талаас нь хараад нэгдэх банк байгаа болов уу?

-Жижиг банкуудад төрөөс дэмжлэг үзүүлэх нь зарчмын хувьд байж болох асуудал боловч эцсийн дүндээ хувь нийлүүлэгчдийн л шийдэх асуудал шүү дээ. Банкны хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцээд бүх зүйлийг Банкны тухай болон Иргэний хуулийн дагуу шийдэх ёстой. Тэгэхээр төлбөрийн чадвар сайтай банкинд Засгийн газраас нэмж хөрөнгө оруулах уу, үгүй юү гэдгийг эцсийн дүндээ хувь нийлүүлэгчид л шийднэ гэсэн үг. Харин төлбөрийн чадвар муудсан банкны хувьд бол өөр.

-Зээлийн хүү Монголдоо төдийгүй бүс нутагтаа өндөрт тооцогддог. Бууруулах боломж байна уу. Үүнд юу саад болж байна вэ?

-Зээл авсан хүмүүс хамгийн эхлээд зээлээ хугацаанд нь эргүүлж төлдөг байвал хүү буурна. Өнөөдөр зээлээ хугацаанд нь төлдөггүй хүн олон байна. Зарим банкны зээлийн 70-80 хувь нь эргэн төлөгдөөгүй байх жишээтэй. Энэ нь зээлийн хүүг өндөр байлгах хамгийн том шалтгаан болж байна. Тиймээс нэгдүгээрт, зээлдэгчдийн сахилга батыг сайжруулах хууль тогтоомж хэрэгтэй. Хоёрдугаарт, үнэ ханшийн тогтвортой байдлыг бий болгох ёстой. Жишээ нь, төгрөгийн ханш жилд 15 хувиар буураад байх юм бол үүнийг дагаад хадгаламжийн хүү 15 хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Мөн хадгаламжийн хүүгээ дагаад зээлийн хүү нь өндөр болоод байна. Хүнээс өндөр хүүтэй мөнгө авсан бол цаашаа илүү өндөр хүүтэй зээлүүлнэ шүү дээ. Нэг нэгээ дагасан ийм гинжин хэлхээ яваад байгаа юм. Үүнээс гадна олон шалтгаан бий.
 
-Тухайлбал, ямар шалтгаан байна?

-Жишээ нь, валютын ханш байж болно. Валютын ханш тогтвортой байх ёстой. Хоёр жилийн өмнө төгрөгийн ханш 30 гаруй хувиар уналаа шүү дээ. Тэгэхээр доллараар зээл авсан хүмүүс 30 хувийн алдагдал хүлээсэн гэсэн үг. Үүнээс үүдээд банкууд хүүгээ нэмэх шаардлагатай болно. Макро эдийн засгийн бодлогын алдаа арилжааны банкинд нөлөөлж байгаа жишээ нь энэ. Мөн мөнгөний дутагдал байгаа учраас зээлийн хүү өндөр байж болно. Угаасаа олдоц муутай юм бүхний үнэ өндөр байдаг шүү дээ.

-Ийм үед төв банкнаас барьж байгаа валютын ханшийн бодлого оновчтой байж чадаж байна уу?

-Оновчтой. Ер нь эдийн засагт өрнөж байгаа процессийг хэзээ ч хүчээр барьж болдоггүй. Өсч байгаа хүүхдийг үүнээс дээшээ гарч болохгүй гээд хязгаар тавьж болдоггүйтэй адил ойлголт. Яагаад гэвэл өөрийн хүсэл зоригоос үл хамааран аяндаа өсч, хөдөлж байгаа зүйлийг хязгаарлах боломж байдаггүй. Энэ нөхцөл байдлыг харгалзаад төв банк валютын уян хатан бодлого явуулж байгаа нь оновчтой байж чадаж байна.

-Төв банк бодлогын хүүгээ оны эцсээр бууруулна гэж байснаа болиод 11 хувийг хэвээр хадгалах шийдвэр гаргачихлаа. Бууруулах шаардлага байсан уу?

-Аль хэдийнэ бууруулах шаардлагатай байсан. Бодлогын хүүг бууруулснаар эдийн засагт эргэлдэх мөнгөний урсгал нэмэгдэнэ. Банкуудын зээл олголт нэмэгдэнэ. Тэр зээл барилгын компаниуд руу явна. Үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлнэ. Тоног төхөөрөмж, бараа материал татахад зарцуулагдана. Тиймээс арилжааны бүх банк бодлогын хүүг аль болох хурдан бууруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг.

-Хамгийн гол нь бодлогын хүүг чанга байлгах нь инфляцийг барих ганц арга гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Уг нь бодлогын хүү инфляцид огт хамаагүй юм. Тэр зээл чинь шууд хоол болоод явахгүй. Хүнсэнд зарцуулагдахгүй гэсэн үг. Бизнес эрхлэгчид, компаниуд хоол хүнс, хонь, үхрийн мах авах гэж банкнаас зээл авдаггүй. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах гэж авдаг. Тэгэхээр манай нөхцөлд бодлогын хүү бол инфляциас нэлээд хол хөндий зүйл. Засгийн газраас бэлэн мөнгө тараах нь л инфляцид нөлөөлж байгаа болохоос банкны зээл огт нөлөөлдөггүй. Ямар ч нэмүү өртөг бүтээгээгүй зүгээр сууж байгаа хүмүүст хавтгайруулаад бэлэн мөнгө өгчихөөр тэр мөнгө хоол хүнс рүү л явдаг. Хоол хүнс нь нэмэгдээгүй байхад гар дээрх бэлэн мөнгө нэмэгдчихээр инфляци өсдөг. Энэ бол маш энгийн ойлголт.

-Монголбанкныхан ийм энгийн зүйлийг яагаад ойлгодоггүй юм бол?

-Мэдэхгүй. Яг өнөөдрийн цаг үед бодлогын хүүгээр инфляцийг барина гэдэг ямар ч үр дүн өгөхгүй. Харин ч эсрэгээрээ бодлогын хүү чанга байх нь инфляцийг өсгөх магадлалтай. Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихгүй байна шүү дээ. Элбэг дэлбэг юмны үнэ хямдарч, ховор зүйлийн үнэ өсдгийг бүгд мэднэ. Зээлийг бодлогын хүүгээр хазаарлаад байна гэдэг нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт,  орон сууц барих боломжийг л хязгаарлаж байгаатай адил. Мөнгө олдохгүй байхад хэн үйлдвэрлэл явуулах юм бэ. Тийм биз дээ.

-Төв банкны ерөнхийлөгч банкны системийн хэмжээгээр харилцах хадгаламжийн хэмжээ хэт өсч байгаа нь том эрсдэл хэмээн тодорхойлж байсан. Энэ үнэхээр эрсдэл мөн гэж үү?

-Үгүй байлгүй дээ. Би тэгж бодохгүй байна. Ямар утгаар тэгж хэлснийг нь сайн ойлгохгүй байна.

-Дампуурсан банкны хохир­лыг төр хариуцдаг болохоор төр их хэмжээний мөнгө даах нь эрсдэлтэй гэж хэлээд байх шиг байсан. Харилцах хадгаламжийн хэмжээ улсын төсөвтэй тэнцэх хэмжээнд хүрсэн юм билээ?

-Дампуурсан банкны тухай яривал тийм ойлголт байж болох юм. Гэхдээ бид аливаа зүйлийг өөдрөгөөр харж, урагшаа явах ёстой. Дампуурчихаж магадгүй гэж бодоод байвал улс хөгжихгүй шүү дээ. Ер нь харилцах хадгаламж нэмэгдэх тусмаа сайн. Учир нь хүмүүс мөнгөө хэмнэж, хуримтлуулж байна. Хуримтлуулах мөнгөтэй байна гэдэг хүмүүсийн амьжиргаа дээшилж байна гэсэн үг. Нөгөө талаар хуримтлуулсан мөнгөөр хөрөнгө оруулалт хийх бололцоо улам нэмэгдэж байна гэсэн үг шүү дээ.

-Дам­пуурсан хоёр банкны тухайд төрийн оролцооноос болсон гэдэгтэй та санал нийлэх үү?

-Яг дотор нь байгаагүй болохоор тэрийг ёстой мэдэхгүй юм байна.

-Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ салбарт дахиад эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай юу?

-Өөрчлөх зүйл маш их байгаа. Хамгийн эхэнд шийдэх асуудал бол зээлээ төлөхгүй бултаад байдаг хүмүүсийн хариуцлагыг дээшлүүлэх шаардлага байна. Шүүхийн бүхий л шатнаас мултраад байдаг. Шүүхийн шийдвэр гарсан ч хөрөнгөө хураалгадаггүй тохиолдол олон бий. Энэ нь эцсийн эцэст банкийг биш, ард түмнийг хохироож байгаа юм. Банк бол нэгээс нь аваад нөгөөд өгдөг зуучлагч учраас хохирохгүй. Зээлээ төлөхгүй байгаа хүмүүс магадгүй өөрийнхөө ах дүү, хамаатан саднаа ч хохироож байгаа хэрэг. Тэгэхээр энэ тал дээр хуулийг чангатгах шаардлага байгаа юм. Гэрээний гүйцэтгэлийг хангуулдаг, за гэсэн бол ёогүй, бизнесийн амлалтаа ягштал биелүүлдэг болгох тийм л эрх зүй, шүүхийн тогтолцоо хамгийн чухал. Үүнийг шийдсэн байхад бусад ажил аяндаа урагшилна.

-Хоёр жилийн өмнөөс барилгын салбар уналтад ороход арилжааны банкууд буруутай гэж үзэх хүн байдаг. Зах зээлээ хамгийн сайн мэдэрдэг байгууллага хэрнээ биелэх ямар ч боломжгүй барилгын төслүүдийг санхүүжүүлсэн нь алдаа гэдэг юм билээ?

-Барилгын салбарт үүссэн хүндрэл зөвхөн банкнаас болоогүй л дээ. Гэхдээ сая хэлдэг жишээг  байж болох юм гэж бодож байна. Тухайн банк барилгын салбарыг сайн мэдэхгүй, эрсдэлээ сайн судлалгүйгээр хяналтгүй зээл өгсөн байж болзошгүй. Үүнээс болоод зээл авсан байгууллага нь барилгаа гүйцээж чаддаггүй. Бариад дууссан ч худалдаж авах хүн олддоггүй. Тэгээд зээлээ төлж чадахгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ барилгын салбарын уналтад банкнаас гадна олон хүчин зүйл нөлөөлсөн. Жишээ нь, манай улсад барилгын материалын үйлдвэрлэл хөгжөөгүй. Энэ бол хамгийн том шалтгаан. Барилгын материалын үйлдвэрлэл хөгжөөгүй нөхцөлд орон сууцжуулах үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх нь аюултай. Ноцтой үр дагавар авчирдаг жишээ ч цөөнгүй. Ийм тохиолдол дэлхийд олон удаа гарч байсан. Англи улсад хүртэл ийм үйл явц болсон байдаг. Тус улсад барилгын материалын үйлдвэрлэл сул хөгжсөн байсан. Энэ сул талыг нь мэддэг экспортлогч орнууд үнээ өсгөчихсөн. Банкууд нь хөрөнгө оруулж байгаа нэрээр их хэмжээний зээл гаргасан. Сүүлдээ энэ нь ашиглалтад орсон барилгуудын үнийг хоёр дахин нэмэгдүүлчихсэн. Ингээд орон сууцны хүртээмж нэмэгдэх бус, хомсдоод ирсэн байгаа юм. Манай улс тэр гашуун туршлагыг давтаж байгаа байхгүй юу. Урд хил дээр барилгын материалын цуваа хэдхэн өдөр саатахад л үнэ нь суга өсдөг шүү дээ. Тэгээд эргэж буудаггүй. Их зардлаар барьсан өндөр үнэтэй орон сууцыг нь худалдаж авах хүн олддоггүй. Энэ мэтчилэн шалтгаан бий.

-Сүүлийн үед компанийн засаглал гэж их ярьж байгаа. Ингэхдээ гаднаас баахан бодлого “импортлох” гээд байна л даа. Бидэнд үнэхээр засаглалын туршлага байхгүй гэж үү?

-Монголчууд, бидний өвөг дээдэс олон зуун жилийн турш дэлхий даяар алдартай байж чадсан хүмүүс. Яагаад алдартай байж чадсан юм бэ, яагаад дэлхийн олон орны эрх ашгийг хөндөж байсан юм бэ гэвэл ердөө л засаглалтай холбоотой. Хэрвээ зохион байгуулах, удирдах чадваргүй байсан бол ийм түүх үлдэхгүй шүү дээ. Энэ бол энгийн логик. Арай тодорхой байдлаар авч үзэх юм бол удирдагчаа сонгож чаддаг. Бүгдээрээ хэлэлцээд сонгодог улс төрийн тогтолцоог бий болгосон. Бидний өвөг дээдсийн бий болгосон парламентын тогтолцоо руу өнөөдөр орж чадаагүй улс зөндөө л байна. Мөн хамгийн алдартай 10-тын систем гэж байдаг. Үүнийг хүмүүс зүгээр нэг тоо, эсвэл өнгөрсөн балар юм гэж ойлгох нь бий. Гэтэл энэ нь өөрөө маш том шинжлэх ухаан. Нэг хүн есөөс илүү хүн удирдаж чадахгүй гэдгийг монголчууд мэдээд энэ системийг бий болгосон байна. Өнөөдрийн шинжлэх ухаан нэг хүн 7-12 хүнийг л удирдаж чадна гэдгийг тогтоогоод байгаа. Нэг хүн олон хүн удирдаж болно. Гэхдээ хамгийн үр ашигтай нь энэ хэмжээ. Тэгээд цаашаа 100-т, 1000-т, түмт гээд явдаг. Өнөөдрийнхөөр бол түмтийн ахлагч гэдэг нь гүйцэтгэх захирал, 1000-тын ахлагч нь газрын дарга, 100-тынх нь хэлтсийн захирал, 10-тынх нь албаны дарга гээд явах нь байна шүү дээ. Зөвхөн цэрэг дайных бус, бүхэл бүтэн удирдлагын систем. Үүнийгээ монголчууд бид үл ойшоодог. Тэгсэн хэрнээ гадаад явж 40-50 мянган доллар төлөөд яг ийм хичээл заалгадаг. Тэгэхээр айлаас гуйхаар авдраа ух л гэсэн үг.

-Уул уурхайн салбарт үндэсний компани, банкууд хөрөнгө оруулах шаардлага цаг үеэ дагаад улам нэмэгдэж байна. Харин боломж нь хэр нээлттэй  вэ?

-Хувь хүн, өрх гэр, аж ахуйн нэгжүүд нийлээд үндэснийхээ баялгаас аль болох ахиу ашиг хүртэхийг эрмэлзэх нь зүй ёсны хэрэг. Өмчийнхөө эзэн нь байх ёстой. Гэвч тэр боломжоо ашиглахад хөрөнгө мөнгө дутдаг. Гэхдээ мөнгө байхгүй гээд бүхнээ гадныханд тавиад туучихаж болохгүй. Түр зуур мөнгөгүй байж болно. Гагцхүү мөнгө олох арга ухаанаа л мэдэхгүй байна. Энэ нь бидний өнгөрсөн хугацаанд туулж ирсэн системтэй холбоотой. Бид дэлхий нийтээс тасарчихсан, бөглүү, мэдлэггүй улс болоод удлаа шүү дээ. Мөнгө яаж олдгийг огт сураагүй. Гэтэл өөр хоорондоо уялдаа холбоотой байсан улсууд мэдлэг, ур чадвар, капитал, хөрөнгө, ажиллах хүчин, бүх зүйлээ чөлөөтэй шилжүүлж байсан учраас мөнгө яаж олох вэ гэдгийг аль хэдийнэ мэдчихсэн. Цэцэрлэг, сургууль, оюутны ширээнээсээ л сураад гардаг. Харин бидэнд алга. Суралцах л хэрэгтэй. Энэ арга ухаанд суралцаад мөнгө олдог болбол өөрсдийнхөө мөнгийг хамгаалах, улам өсгөх тал дээр ажиллана.

-ХасБанкны хувьд микро болон макро эдийн засагт ямар өөрчлөлт хийж чадах вэ?

-Банкны байгууллагын оршин тогтнох утга учир бол хүн, нийгэм, эдийн засгийн тулхтай хөгжлийг хурдасгахад оршдог. Энэ зорилгыг хэрэгжүүлэх нь ХасБанкны наад захын зорилт. Тухайлбал, манай банкинд олон зуун мянган хувь хүн, өрх айл, компани мөнгөн хөрөнгөө хуримтлуулан хадгалуулж, дээр нь хүү авч байна. Мөн олон арван мянган зээлдэгч бизнесээ хөгжүүлж, амьдралаа авч явахын зэрэгцээ шинээр ажлын байр бий болгож байна. Бид өмнөө илүү өндөр зорилт тавьж, Монгол Улсад төдийгүй олон улсад банкны шилдэг засаглалыг бий болгон бусдад үлгэр дуурайл үзүүлэхийн төлөө ажиллаж байгаа. ХасБанк эрдэнэт хүмүүнийг хөгжүүлэх, хүүхэд багачуудаа эх орондоо ихийг бүтээгч болгон хүмүүжүүлэхийн төлөө ажилладаг. Мөн байгаль дэлхийгээ энэрч асрахад бодит үр нөлөө авчрахын төлөө ажиллаж байна. Энэ бүхэн микро болон макро эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс суурийг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж